Сэбастиен Сүрүн: Ураны төсөл дээр харилцан ашигтай байх зарчим баримтална
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. Энэ жил Монгол, Францын харилцаанд онцгой ахиц гарсан жил болж байна. Өнгөрсөн тавдугаар сард БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хэмжээнд болж буй анхны айлчлал боллоо. Та Элчин сайдын хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэсэн бэ?
-Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн тэргүүний зүгээс Монгол Улсад хийсэн анхны айлчлал гэдгээрээ түүхэн айлчлал болсон. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс нь хоёулаа ардчилсан улс. Ардчилсан улсууд бие биенийгээ хэрхэн дэмжиж байгаа вэ, дээр нь Франц Улс Монгол Улсын гуравдагч хөршийн хувиар Монгол Улсын бие даасан байдал, ардчиллыг хэрхэн дэмждэг вэ гэдгийг харуулах нь тус айлчлалын улс төрийн гол мессеж байсан.
Францын нэг зүйр үг байдаг л даа. “Хайр гэж байхгүй. Харин хайрыг нотолж харуулах илэрхийлэл гэж байдаг” гэсэн утгатай. Ерөнхийлөгч Макроны айлчлалын гол мессеж энэ зүйр үгийн утгатай нийцнэ. Хоёр дахь гол мессеж бол манай хоёр улсын хооронд олон жилийн өмнөөс хэрэгжиж байгаа төслүүдийг улам хөгжүүлж, гүнзгийрүүлэх, үүнээс гадна шинэ хамтын ажиллагааны чигийг тодорхойлох хамтын зорилготой байгааг харуулсан.
Ерөнхийлөгч Макрон Монголд ирэхийнхээ өмнө Монгол Улсын талаар өргөн мэдээлэлтэй мөн бусад франц хүмүүсийн адил маш эерэг төсөөлөлтэй байсан. Харин Монгол Улсад ирээд буцсаныхаа дараа маш нарийн тодорхой мэдээлэлтэй болсон. Энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаанд шинэ цонх нээсэн гэж хэлж болно. Үргэлжлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын дундуур Бүгд Найрамдах Франц Улсад хийх айлчлал болж байна. Францын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын хооронд хийж байгаа яриа хэлэлцээг хурдасгах, ахиц гаргах гол зорилготой байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийх айлчлалаар ярьсан тохиролцсоноо эцэслэх, ажил хэрэг болгох гол зорилготой.
-Ерөнхийлөгч Макроны айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэхээр тохиролцсон шүү дээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Одоогоор манай хоёр улсын харилцаа онцгой түншлэлийн түвшинд байна. Энэ түвшнээ стратегийн түвшинд хүргэхээр харилцан яриа хэлэлцээ явагдаж байна. Харилцааг энэ түвшинд аваачихын тулд хоёр талын харилцан уулзалт, зөвшилцлөөс гадна стратегийн зорилготой хөрөнгө оруулалтууд хийгдэх ёстой. Тиймээс одоо байгаа харилцаагаа ахиулахын тулд агуулга, цар хүрээг маш сайн бодож тодорхойлох хэрэгтэй. Энэ ч утгаараа, бид сансар судлал, газрын ховор элемент болон өндөр технологийн салбаруудад стратегийн харилцааг ахиулах талаар яриа хэлэлцээ хийж, харилцан санал солилцож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийх айлчлалаар хоёр улсын хооронд хийж буй зарим яриа хэлэлцээг эцэслэж, албажина гэж ойлголоо. Тухайлбал, хамтын ажиллагааг ахиулах ямар баримт бичигт гарын үзэг зурах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар гурвын зэрэг төслийг дараагийн шатанд гаргахад бэлэн болсон байгаа.
Нэгд, иргэний аюулгүй байдлын салбарт хэрэгжиж буй төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монголын ОБЕГ-т ашиглах техник тоног төхөөрөмж нийлүүлэх, мэргэжилтнүүдийг сургах зэрэг үйл ажиллагаа багтсан.
Хоёрт, ураны төсөл. Энэ төсөл дээр чухал алхам хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ чухал алхмыг хийхийн төлөө хоёр улс хамтарч ажиллаж байна. Ураны төсөл дээр Монгол Улсын Засгийн газартай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг эцэслэж, ураны үйлдвэрлэлээ эхлүүлэх зорилготой байгаа.
Гуравт, сансар судлал. БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан хөндсөн сэдэв нь сансрын технологийн салбар юм. Энэ салбарт бодитой хамтын ажиллагааны чиглэл тодорхойлогдоно.
Дээр дурдсан гурван асуудал бол хоёр улсын төр хооронд хамтран ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл юм. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх бололцоо нээгдэнэ. Учир нь, айлчлалын өдрүүдээр Франц-Монголын хамтарсан эдийн засгийн форум болно. Энэ үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүд, компаниуд хооронд хамтын ажиллагааны олон гэрээ байгуулагдах байх. Өнөөдрийн байдлаар энэхүү эдийн засгийн форумд Францын 60 гаруй томоохон компанийн удирдлагууд оролцохоор бүртгүүлээд байна. Тиймээс Монголоос очсон хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх таатай боломж үүснэ гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн, Франц, Монголын Улаан загалмайн байгууллагууд түншлэл байгуулна. Есдүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод Парисын хот байгуулалтын их сургууль, Монгол Улсын ШУТИС хооронд түншлэлийн гэрээ байгуулсан. Ирэх сард МУИС болон Францын их сургууль хооронд хамтын ажиллагааны шинэ суваг нээгдэнэ. Монгол оюутнууд Францад сурах нь элбэг байдаг. Ирэх сард эхлэх хамтын ажиллагааны хүрээнд франц оюутнууд Монголд ирэх харилцан солилцооны шинэ зам нээгдэнэ. Гэх мэтчлэн хоёр орны төр засаг, хувийн хэвшил, нийгмийн салбаруудад харилцаа, хамтын ажиллагаа өрнөж байна.
Монгол Улсын эртний түүх, Чингис хаантай холбоотой түүхийн эх сурвалж Төв Ази, Оросоос улбаатай байх нь элбэг тохиолддог. Гэхдээ тэд бол энэхүү түүхийн жинхэнэ эзэд нь биш. Монголчуудын дайлаар мордож байсан газрууд нь Монголын түүхийг өмнөөс нь яриад байдаг. Энэ талаас нь харвал Францад дэлгэгдэх Чингис хааны тухай үзэсгэлэн судлаач, эрдэмтдэд түүхийн шинэ баримтуудыг дэлгэн харуулна.
Сэбастиен Сүрүн:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад хийх айлчлалын үеэр Францын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. Уг үзэсгэлэн зориулж олон орноос Чингис хаантай холбоотой түүхийн баримт, үзмэрүүд авчирч дэлгэнэ гэж байсан. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Францад Чингис хааны тухай маш том агуулгатай үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр нээнэ. Энгийн иргэд төдийгүй эрдэмтэн судлаачдын хувьд ч маш том цар хүрээтэй түүхийн эх сурвалжуудтай танилцах, судалгаа хийх боломж олгосон түүхийн маш чухал баримт бүхий үзэсгэлэн гарах гэж байна. Ялангуяа Монгол Улсын эртний түүх, Чингис хаантай холбоотой түүхийн эх сурвалж Төв Ази, Оросоос улбаатай байх нь элбэг тохиолддог. Гэхдээ тэд бол энэхүү түүхийн жинхэнэ эзэд нь биш. Монголчуудын дайлаар мордож байсан газрууд нь Монголын түүхийг өмнөөс нь яриад байдаг. Энэ талаас нь харвал Францад дэлгэгдэх Чингис хааны тухай үзэсгэлэн судлаач, эрдэмтдэд түүхийн шинэ баримтуудыг дэлгэн харуулна. Монголын Эзэнт гүрний төрийн байгуулалт ямар байсныг судлаад үзэхээр олон шинэ мэдлэг, мэдээлэл олж авна. Ялангуяа худалдаа, шинжлэх ухааны солилцоог ямар ухаалаг байдлаар шийдэж байсныг үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хүрээнд олж мэдсэн. Тиймээс маш өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой үзэсгэлэн болно. Тус үзэсгэлэнд толилуулах үзмэрүүдийг олон газраас авчирсан. Монгол Улсын Чингис хаан музейн үзмэрүүд ч багтаж байгаа. Мөн хувь хүмүүсийн цуглуулганд хадгалагдаж байсан ховор нандин үзмэрүүдийг аваачсан. Дээр нь, Европын 10 гаруй музейгээс Чингис хаан, Монголын эзэнт гүрний үед холбогдох үзмэрүүдийг авчирч дэлгэж байгаа. Яагаад Монголын эзэнт гүрэнд хамаарах үзмэр Европын музейд хадгалагдаж байна вэ гэж зарим хүн бодож магадгүй. Энэ нь олон зуун жилийн тэртээ Монголын хаад ноёдоос тэр үеийн Европын орнуудын хаад ноёдод дипломат шугамаар бэлэглэж байсан бэлэг дурсгалын зүйлсийг хадгалагдсаар музейдээ үзмэр болгоод үлдээсэн. Тэгэхээр Оросын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадаглагдаж байгаа Монголын түүхийн эд өлгийн зүйлсүүдээс тэс өөр замаар бидэнд ирж үүрд хадаглагдсан ховор нандин үзмэрүүд гэсэн үг. Энэ үзмэрүүд нь манай хоёр бүс нутгийн харилцаа хэдэн зууны тэртээгээс эхэлж, хэрхэн бие биедээ харилцан хүндэтгэлтэй ханддаг байсныг нотлох түүхийн тод илрэл болж байгаа. Бидний харилцаа зөвхөн эелдэг найрсаг байдлаар биш, шинжлэх ухаан, эдийн засаг, соёлын талаас илүү ойр байсан гэдгийг түүхийн дурсгалаар нотлон харуулах чухал үзэсгэлэн юм.
-Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад дэлгэх үү?
-Үзэсгэлэн эхлээд Европ, Францад дэлгэгдээд Монгол Улсад мэдээж ирнэ. Монгол Улсаас авч явсан үзмэрүүдийг буцааж авчирна. Магадгүй энэ үзэсгэлэн бүрэн эхээрээ дэлхийн томоохон улсуудад дэлгэгдэх боломж гарахыг үгүйсгэхгүй.
-Та яриандаа хоёр улсын харилцааг стратегийн түвшинд ахиулахын тулд стратегийн хөрөнгө оруулалт байх ёстойг онцоллоо. Францын төрийн өмчит Орано группийн хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК Монголд 27 жил ураны хайгуул судалгаа хийж буй. Одоо үйлдвэрлэлийн шат руу шилжихээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Монголын Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Францын талаас энэ төсөл болон Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар зарчим баримтлах вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж байна. Манай зүгээс энэ төсөл дээр байж болох хамгийн ил тод байдлаар санал солилцох зарчмыг баримталж байгаа. Монгол Улсын Засгийн газар, түүний ард түмэн, Францын хөрөнгө оруулагч тал гээд аль алинд нь харилцан ашигтай, тэнцвэртэй байх зарчим баримталж байна. Түүнчлэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахдаа энэ төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд ээлтэй, шилдэг стандартыг баримтлан ажиллана гэдэг зарчмаа тодорхой илэрхийлсэн.
-Талууд ураны Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай үзэглэж, Монголын газар нутгаас уран олборлож эхлэхэд Монголчуудад ирэх өгөөжийг та хэрхэн хардаг вэ?
-Орано групп Монгол Улсад ажиллаад 27 жил болж байна гэдэг нь Монголыг маш сайн таньж, мэддэгийг илтгэнэ. Өмнөх болон одоогийн үе үеийн сайд нар тус компанийн үйл ажиллагаатай танилцахдаа тэнд ажиллаж байгаа ажилтнуудын 90 гаруй хувь нь монгол иргэд байдгийг харсан, мэдсэн. Энэ компанийн үйл ажиллагааг монгол иргэд авч явдаг бөгөөд тэнд шилдэг боловсон хүчин, хүний нөөц бэлтгэгдэж байна. Цаашдаа олон монгол залуусыг сургах, хөгжүүлэх ажлыг хийнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдвал төсөл урт хугацаандаа 1.6 тэрбум еврог Монголын эдийн засагт оруулах тооцоо бий. Энэ нь Монгол Улсын нийт эдийн засаг төдийгүй, орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой хувь нэмэр гэж харж байна. Ер нь ийм хэмжээний томоохон хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд гарсан бүтээгдэхүүний 50 орчим хувь нь татвар хураамж, суутгал, цалин хэлбэрээр улсдаа үлддэг.
Бас нэг чухал зүйл нь Монгол Улсад эрчим хүчний шилжилт хийхэд энэ төслийн өгөөж нөлөөлнө. Монгол Улс урт хугацаандаа нүүрстөрөгчийн хий бага гаргах, байгальд ээлтэй эх үүсвэрээс эрчим хүч, дулаанаа үйлдвэрлэдэг болох зорилготой. Франц бол аж үйлдвэр өндөр хөгжсөн улсуудын нэг. Эдгээр улсууд дундаас манай улс эрчим хүч үйлдвэрлэхэд хамгийн бага бохирдол гаргадаг эх үүсвэр болох цөмийн энергиэс эрчим хүчний голлох эх үүсвэр авдаг. Энэ талаасаа бидэнд арвин туршлага, мэдлэг бий. Ураны төсөл цөмийн энерги гаргаж авахад чухал ач холбогдолтой. Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ цэвэр болгосноор уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдэл багасна. Том зургаараа байгаль орчинд чухал үр өгөөжтэй төсөл болно.
-Монгол Улсад ирэх жил УИХ-ын сонгууль болно шүү дээ. Тэгэхээр энэ төсөл дээрх улс төрийн эрсдэлийг та хэрхэн харж байна, талууд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэдэгт хэр итгэлтэй байна вэ. Энэ ондоо багтах болов уу?
-Монгол Улс парламентын засаглалтай улс учраас том төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг гишүүдэд мэдээлж, мэдэгдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд ч энэ төслийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай улсын Ерөнхийлөгч Монголд айлчлахдаа парламентад суудалтай бүх намын төлөөлөгч гишүүдтэй уулзсан. Түүнчлэн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын албан ёсны төлөөлөгч нарын багт парламентад суудалтай бүх намын төлөөлөл явж байгаа. Хоёр улсын эрх баригчид, шийдвэр гаргагчид нэгдсэн ойлголттой байгаа гэдэг итгэлтэй байна. Энэ төсөл 10, 20, 30 жилийн дараа аль ч талын ашиг сонирхол, итгэл үнэмшилд нийцсэн, хоёр орны харилцааны бат бөх чухал төсөл гэдэг нь нотлогдож цааш үргэлжлэх ёстой. Тиймээс аль аль нь өндөр хүлээлттэй байгаа гэж бодож байна. Гуч орчим жилийн турш хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа явуулж байгаа түншдээ “Сонгууль болсон, Засгийн газар солигдсон” гэдэг асуудлаас болж ярьсан, тохиролцсоноосоо буцах хандлага гаргахгүй болов уу. Тиймээс ураны төсөл тогтвортой, удаан хугацааны хамтын ажиллагааны төсөл байна гэдэг 100 хувь итгэлтэй байна.
ӨНӨӨДӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР НЬ МОНГОЛЫН БЭРХШЭЭЛ Ч МАРГААШИЙН ПОТЕНЦИАЛ БОЛОХ ЧУХАЛ САЛБАР
-Францууд цэвэр эрчим гаргахад Монгол Улсад туслахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Гэхдээ ямар технологиор, ямар хугацаанд ашиглалтад оруулах уу гэдгийг та тодруулж ярьж болох уу?
-Өнөөдрийн хувьд Монгол Улсад эрчим хүчний асуудал нь даван туулах ёстой бэрхшээл болоод байна. Харин маргаашийн хувьд эрчим хүч нь Монголын өөрийнх том потенциал болох чухал салбар. Монгол Улсын хүн ам болон улсын хөгжлийг тэтгэх гол салбар бол эрчим хүчний салбар. Тиймээс хамтарч тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ хүрээнд эрчим хүчийг аль болох бага бохирдолтой үйлдвэрлэж чаддаг улс болоход хоёр боломж Монголд байна. Нэг нь сэргээгдэх эрчим хүч. Франц Улсын хувд Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажилласан туршлага бий. Харамсалтай нь, Монголын талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүндрэл үүссэн асуудал гарсан. Тэгэхээр бага зардлаар их эрчим хүч үйлдвэрлэхийн тулд маш тодорхой, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангаж ажиллах нь Монголын талын анхаарах асуудал. Бид олон улсын Хөгжлийн банкуудтай хамтран түншлэл байдлаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт үр дүнтэй ажил хийх эрмэлзэл өндөр байдаг. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй улс шүү дээ.
Хоёр дахь боломжит эх үүсвэр нь цөмийн эрчим хүч юм. Ялангуяа бага дунд оврын атомын цахилгаан станц Монголын нөхцөлд илүү нийцнэ. Олон улсад энэ технологи ид хөгжиж байгаа бөгөөд хэдэн жилийн дараа Монгол Улсад жижиг оврын атомын станц байгуулъя гэвэл өнөөдрөөс бодож, тунгааж ярилцаж эхлэх хэрэгтэй болов уу.
-Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Улаанбаатар хотод хоёр чиглэлд дүүжин тээврийн зам барихаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл дүүжин тээвэр баригдаагүй байгаа. Юунаас шалтгаалж энэ ажил гацаад байна вэ?
-Энэ төслийн санхүүжилттэй холбоотой гэрээг цар тахал эхэлж байх үед буюу 2020 оны нэгдүгээр сард байгуулсан. Үүний дараа санал солилцох ажлууд хийгдэж, дараа нь Нийслэлийн Засаг дарга өөрчлөгдсөн. Шинээр томилогдсон хотын даргад өмнөх хотын даргатай хэлэлцэж, тохирсон асуудлууд дахиад тайлбарлаж, хамтран ажилласнаар барилга байгууламж барихтай холбоотой гэрээг 2023 оны зургадугаар сард байгуулж, эхний шугамаа тодорхой болгосон. Дүүжин тээврийн төслийн эхний шугам буюу Хархориноос Яармаг хүртэл агаарын дүүжин тээвэр барьж байгуулах бүтээн байгуулалт энэ оны сүүлээр эхэлж, ирэх оны эцэст ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Жилийн дараа Улаанбаатар хотын иргэд цоо шинэ төрлийн нийтийн тээвэртэй болсон байна гэдэгт итгэж байна. Дүүжин тээвэр нь дуу чимээ багатай, тайван бас хурдан. Жишээ нь, 4 км газрыг 11 минутад саадгүй туулна. Одоогоор энэ зайг нийтийн тээвэр юмуу автомашинаар туулахад багадаа 30 минут тэгээд нэг цаг болж байна. Түгжрэлтэй үед тэрнээс ч удахаар байна. Тэгэхээр дүүжин тээвэр иргэдийн цаг завыг хэмнэнэ. Улаанбаатарын иргэдэд өгөх нийтийн тээврийн үйлчилгээг төрөлжүүлж, амьдралын чанарыг сайжруулах тодорхой зорилготой учраас энэ төслийг Францын Засгийн газар дэмжиж байгаа. Уг төсөл Улаанбаатар хотын захиргаа болон Францын ПОМА компани хооронд явагдаж байгаа.
-Түгжрэлийг бууруулах чиглэлд дүүжин тээврийн төсөл хэр үр дүнтэй вэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй ханддаг. Мөн Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд тохиромжгүй тээврийн хэрэгсэл гэдэг. Энэ тал дээрх таны бодол…?
-Энэ тээвэр нь Улаанбаатар хотын хувьд шинэ тээврийн төрөл учир иргэдийн төсөөлөл бага байгаа гэдгийг ойлгож байна. Улаанбаатарт амьдарч байгаа хүний хувьд түгжрэлийг дагасан стресс бухимдал, бохирдол их байгааг нүдээрээ харж, мэдэрч байна. Би дүүжин тээврээр олон удаа үйлчлүүлж байсан туршлагатай. Дуу чимээ гардаггүй учраас хүнийг тайвшруулж, амраадаг. Дээр нь уг тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй, ямар нэг асуудалгүй зорчих боломжийг нээсэн байдаг. Ер нь дүүжин тээврийг хоёр бүсэд түлхүү ашигладаг. Өндөр уулын бүсэд буюу цастай, салхитай орчинд ашигладаг. Одоогоос 20 орчим жилийн өмнөөс дүүжин тээврийг хотын нийтийн тээвэрт ашиглаж эхэлснээр олон давуу талыг бий болгосон. Суурьшмал бүсэд байшин барилга нураахгүйгээр агаараар зорчих боломжтой тээврийн хэрэгсэл юм. Тэгэхээр бүтээн босгож, эхний шугамаа ашиглалтад оруулж хүмүүс өөрийн биеэр ашиглаж үзсэний дараа илүү туршлагатай болж дараагийн шугам хэзээ барих вэ гэж асуух болов уу.
МОНГОЛЫН ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГУРАВДАГЧ УЛСААР ДАМЖУУЛАЛГҮЙ ШУУД ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРГАХ МЕХАНИЗМЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
Сэбастиен Сүрүн:
-Монгол, Францын эдийн засгийн форум болно гэдгийг сая дурдлаа. Францууд Монгол Улсад хөрөнгө оруулж хамтарч ажиллаж байгаа тал бий. Харин Монголын бизнес эрхлэгчид Францын зах зээлд гарах боломж хомс байх шиг харагддаг. Асуудал нь юунд байна, энэ чиглэлд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Монгол Улсын аж ахуйн нэгж компаниудад өргөн боломж бий. Зах зээл зөвхөн Франц улсаар хязгаарлагдахгүй, Европын холбооны 450 сая хэрэглэгч бэлэн байна. Монголын талаас Францын зах зээлд гарч байгаа бүтээгдэхүүн бага байна гэдэг тантай санал нэг байна. Үнэндээ Европын холбооноос өгч байгаа экспортын квотоо Монголын компаниуд 100 хувь ашиглаж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар дөнгөж 50 орчим хувийг л ашигладаг. Энэ тал дээр Европын холбоотой хамтарч ажиллаж байна. Монголын бараа бүтээгдэхүүн Европын зах зээлд танигдаж, үнэд хүрэх боломжийг хангахын тулд газар зүйн заалтын чиглэлээр Монгол Улс болон Европын холбооны хооронд идэвхтэй хамтарч ажиллаж байгаа. Монгол Улсын газар зүйн заалтыг бүртгэж, оюуны өмчийг хамгаалах тухай чухал гэрээ байгуулахаар яригдаж байгаа. Газар зүйн заалтыг баталснаар тухайн бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэсэн улс, бүс нутгийн өмч болж, илүү үнэд хүрэх ач холбогдолтой байдаг. Европын хаа нэгтээ очоод “Энэ бол Монголын чацаргана” гэж хэлээд зарах боломжгүй. Гагцхүү газар зүйн заалтад бүртгэгдэж, хамгаалагдсан бүтээгдэхүүнийг л илүү үнэлж худалддаг.
Монголоос гарч байгаа ноолуурын 90 хувь Хятад руу гарч, тэндээ өөр бүтээгдэхүүнтэй хольж үйлдвэрийн дамжлагад ороод өөрийн шинж чанараа алдаад цаашаа дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Европын томоохон хотуудын дэлгүүрүүдэд Өвөр Монголын эсвэл Төв Азийн ноолууран бүтээгдэхүүн гэсэн шошготой бүтээгдэхүүнүүд худалдаалагдах үзэгдэл олширсон. Төв Азийн ноолуур гэж байхгүй. Тэр Монголын л ноолуур шүү дээ. Тиймээс Монголын чанартай бараа бүтээгдэхүүн, хүнсийг аль нэг гуравдагч улсаар дамжуулалгүй шууд Европын зах зээл рүү гаргах механизмыг бүрдүүлэх нь чухал. Энэ чиглэлд олон санал санаачилгууд хэрэгжиж байгаа. Ялангуяа ноолууртай холбоотойгоор Европын тансаг зэрэглэлийн брэндүүд Монголын малчдаас шууд өндөр чанартай, органик бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа. Европын хэрэглэгчид сайн чанартай бүтээгдэхүүнд өндөр үнэ төлөхөөс огт татгалздаггүй. Дээр нь тухайн худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний гарал үүсэл маш тодорхой байх тусмаа илүү их ач холбогдолтой. Жишээ нь, би Европт худалдан авах нэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд Монголын малчин өрх болох Дорж, Дулмаа нарын малладаг ямааны ноолуурыг ашигласан юм шүү гэвэл тэр бүтээгдэхүүн илүү үнэ цэнтэй, үүнийг үнэтэй ч гэсэн худалдан авахад бэлэн байдаг гэсэн үг. Зах зээлд сэтгэлгээний ийм соёл давамгайлдаг.
Мөн түрүүн ярилцлагын эхэнд Франц, Монголын хооронд сансрын технологийн салбарт хамтран ажиллах талаар дурдсан. Үүний цаана Монгол Улсын экспортын нэг том потенциал явж байгаа гэж хэлж болно. Юу вэ гэвэл монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварыг гадагш нь экспортлох тухай юм. Монгол инженерүүдийг Франц, Европын томоохон компаниудад ажиллуулах, орчин үеийн техник технологийг ашиглан Европын холбоо руу монгол мэдлэг, ур чадвараа экспортлох боломжтой гэж хараад байна гэсэн үг.
-Энэ жилээс Монгол Улсын аялал жуулчлал нэлээд сэргэлээ. Францаас хэр олон хүн Монголд ирэв. Ер нь Монголын аялал жуулчлад ямар Та ямар сэтгэгдэлтэй байна, засч сайжруулах ямар санал байна вэ?
-Миний хувьд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг том ирээдүйтэй гэж боддог. Гэхдээ аялал жуулчлал салбарт жуулчдын тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ Монгол Улсын аялал жуулчлалын дэд бүтцийг харахад 1-2 сая жуулчин хүлээн авч дийлэхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улс байгалийн онгон зэрлэг, тансаг байдлаа авч үлдэх ёстой. Тиймээс соёлын, чанартай аялал жуулчлалыг илүү хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.
Сүүлийн нэг жилд Монгол Улс аялал жуулчлалаа дэлхий нийтэд таниулах, анхаарлыг нь татах, ажлыг нэлээд хийсэн. Хэдийгээр кампанит ажил, сурталчилгаа ихээр явж байгаа боловч гол асуудал болох агаарын тээврээ хялбар болгох асуудал удаан байна. Ирэх жил Монгол-Франц хооронд шууд нислэг эхлүүлэх боломж гарах байх гэсэн хүлээлттэй байна. Дээр нь, аялал жуулчлалын аж үйлдвэрлэл өөрөө маш чанартай байх хэрэгтэй. Энэ бол Засгийн газрын гэхээс илүү тур операторуудын хийдэг ажил хэрэг. Аяллын компаниуд, тур операторууд маш өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж зах зээлдээ нийцсэн өндөр төлбөртэй соёлын, чанартай аялал зохион байгуулна, түүндээ нийцсэн үнэт зүйлстэй жуулчдыг авчирна.
-2024 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болох зуны олимп Парист болно. Олимпын бэлтгэл ажлын сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаад ярилцлагаа өндөрлөе?
-2024 оны Парисын олимпод 10 мянга 500 гаруй тамирчин оролцох тооцоотой байна. Тамирчдын хүйсийн хувьд яг тэнцүү тоотой оролцож байгаа нь олимпын түүхэнд тэмдэглэн үлдэх анхны тохиолдол болж байна. Паралимпод 4000 гаруй тамирчин оролцоно. Олимп, паралимп гэж ялгахгүйгээр олимпын бүх л бэлгэ тэмдэг, лого зэргийг яг ижилхэн хийж байгаа. Олимп, паралимпын тамирчид аль аль нь өндөр зэрэглэлийн дэлхийн хэмжээний тамирчид.
Олимпыг үзэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Франц Улс олимптой холбоотойгоор олон сая дэмжигч, аялагчид ирнэ гэсэн хүлээлттэй бэлтгэлээ хангаж байна. Зуны олимп үзэхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулж Олимпын тусгай консулын газар байгуулсан. Энэ газраар дамжиж олимп үзэхээр төлөвлөж байгаа иргэд нэгдсэн байдлаар визээ илүү хялбар байдлаар мэдүүлэх боломжийг үүсгэсэн.
Түүнчлэн олимпын бэлтгэлтэй холбоотойгоор Франц, Монголын тамирчид ойр харилцаатай ажиллаж байна. Манай хоёр улсын тамирчид найрсаг харилцаатай, хамтарсан бэлтгэл хийдэг. Ялангуяа жүдо бөхийн тамирчид хамтарч бэлтгэл сургуулилт олон хийдэг. Францын жүдоч Тедди Ринер Монгол Улсад хэд хэдэн удаа ирж, хамтарсан бэлтгэл хийсэн. Саяхан 3х3 сагсан бөмбөгийн Францын баг Монголд ирж хамтарсан бэлтгэл хийгээд явсан. Хоёр орны тамирчдын хувьд бие биенийгээ илүү сайн мэднэ. 2024 онд Парист болон зуны олимпоор Францууд Монголын залуусыг илүү ойроос таних, харах боломж гарна. Олимпын дараа хамтын ажиллагааны олон шинэ зам нээгдэнэ гэж харж байна. Миний хувьд Монгол Улсын залуу тамирчид ямар ур чадвартай болохыг мэднэ. Тиймээс Парисын олимпоор Монголын олон тамирчид медалийн индер дээр зогсож байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: itoim