Долларын урсгал нэмэх “Эрдэнэс Монгол”-ын амбиц

0

Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын валютын нөөц энэ салбараас голчлон бүрдэх нь ойрын хэдэн жилдээ тодорхой билээ. Тэгвэл валютын урсгалыг нэмж, экспортыг солонгоруулах амбиц “Эрдэнэс Монгол”-д байна. Төрийн өмчит компаниудыг толгойлдог тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Наранцогт ажлаа аваад 11 сарын нүүр үзэж буй. Энэ хугацаандаа түүний эхлүүлсэн гол нь засаглалыг сайжруулахаас гадна Аж үйлдвэрийн сэргэлтийг бодитой болгох томоохон төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа ухаад шууд экспортлох зарчмаар явж ирсэн уул уурхайн салбарт аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож, түүхий чигээр нь гаргах бус боловсруулах үйлдвэрийг аж үйлдвэрийн паркт түшиглэн хөгжүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ бүх ажлыг “Эрдэнэс Монгол” хийнэ гэж зүтгэж, төрд бүхнийг төвлөрүүлэх бус эхний шатны боловсруулалтыг л хариуцаад үлдсэн буюу үйлдвэрлэлийн ажлыг аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулах боломж болгон үлдээх аж. Харин үр дүнд нь Монгол Улс импортоор авдаг олон төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй гаднын улс орнуудад нийлүүлэх нөөц боломж дүүрэн байгааг тэрбээр тодотгосон.

 Тухайлбал, Япон улсын авто машины магнат “Тоёота” компанид эрэг, боолт нийлүүлж байгаа Монгол компани өдгөө ажиллаж байгаа ч түүхий эд буюу ган төмрийг урд хөршөөс татан авдаг байна. Гэтэл Монгол Улс 1.6 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд жилдээ 4.7 сая тонныг олборлоод шууд гаргаж байна. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компани Аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Дархан” үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж, ган үйлдвэрлэлийн цогцолборыг тэнд хөгжүүлэхээр зураглажээ.

 Уг цогцолборт ширэм, ган, ган бүтээгдэхүүний гэсэн гурван том үйлдвэрийг байгуулж, бусад дагалдах үйлдвэрийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад санал болгох юм. Ингэснээр жилдээ 3.8 сая тонн төмрийн хүдрийг баяжуулж, 2.3 сая тонн, 65%-ийн төмрийн орц бүхий баяжмалыг хорголжийн үйлдвэрт нийлүүлэх юм байна. Эндээс жилдээ 1.1 сая тонн ширэм буюу 93%-ийн төмрийн агуулга бүхий бүтээгдэхүүн, 500 мянган тонн ган бэлдэц, 300 мянган тонн арматур, 200 мянган тонн булан төмөр, утас зэрэг бүтээгдэхүүнийг гарган авах тооцоотой байна. 

Ингээд ирэхээр “Тоёота” компанид нийлүүлэх эрэг боолтны ган бэлдцийг монгол компани Хятадаас биш дотоодоосоо татан авах нөхцөл бүрдэх нь. Хувийн хэвшлийнхний тухай цувих үйлдвэр болон механик боловсруулалтын үйлдвэрт хөрөнгө оруулж, экспортыг солонгоруулах боломжтой. Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогцолборыг 2027 онд бүрэн ашиглалтад оруулна гэж тооцжээ. Харин энэ онд нойтон баяжуулах үйлдвэрийн технологийн туршилтыг хийж ирэх онд ТЭЗҮ боловсруулаад 2025 оноос бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан байна.

 Үүнд мэдээж хүний нөөц чухлаар тавигдана. Тиймээс Орхон аймаг дахь ШУТИС-тай хамтран мэргэжилтнүүдээ бэлдэхээр яриа хэлэлцээ эхэлжээ. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг аж үйлдвэрийн салбарт татахын тулд Үйлдвэрлэл, технологийн паркийн татварын дэмжлэгийг боловсруулсан. Үүнийг дэлгэрүүлбэл, хувийн хэвшлийн  гааль болон НӨАТ-ыг дөрвөн жил хойшлуулж, эхний таван жил үл хөдлөх хөрөнгийн албан татвараас бүрэн, дараагийн таван жилд 50% чөлөөлөх ба газрын төлбөрөөс 10 жил чөлөөлөх юм.

 Хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой байдал хамгаас чухал. Тэгвэл Засгийн газар 2023 оны долдугаар сарын 5-нд 257 дугаартай тогоол гаргаж, үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл, дээрх бүх ажил  “Эрдэнэс Монгол” дээр зангидагдана. Тиймээс аж үйлдвэрийн паркийн ажлууд биеллээ олж, валютын урсгал эрчимтэй нэмэгдэж, эдийн засгийн цусны эргэлт хурдасна гэсэн өндөр хүлээлт үүсээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *