Солонгос хөрөнгө оруулагчаа луйвардсан эмч нарын хэргийг дахин хэлэлцүүлнэ

0

“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат, дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ким Ан Коокийн гомдлын дагуу хэлэлцлээ.

Д.Мөнхбат “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал, гэмтэл согог, хиймэл үе суулгах чиглэлээр нэлээд алдартай эмч Ким Бү Собын тушаалаар 2017 онд ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэрэгт холбогдсон юм.

НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасан гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд Д.Мөнхбатыг эд хөрөнгө завшсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол мөнгө угаасан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Харин Д.Баасанжавыг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгасныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл хохирогч Ким Бү Соб болон түүний хууль ёсны төлөөлөгч Ким Ан Коок, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн аж.

Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *