“Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь сэтгүүлчдэд хамаагүй”

0

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороонд /2023.10.17/ хэлэлцэж байна.  Гишүүд асуулт асууж, үг хэллээ. 


УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангалж, өршөөл үзүүлэхгүй байх агуулгыг ерөнхийд нь дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад ялын бодлогыг нэмэгдүүлэх талаар тодруулмаар байна. Сэтгүүлчдийн ярьсан шиг “хүн” гэж оруулахаар дампуу юм болдог. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн үед мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг зөвхөн хууль сахиулагч, мөрдөгч, прокурор, шүүгчээр хязгаарлаж байсан. Дараа нь Д.Дорлигжав гарч ирээд хавтгайруулсан. Хоёрдугаарт, нууцлагдмал зохих баримт мэдээлэл гэдэгт нууцлагдсан гэрч, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах нотлох баримт гэж хумьсан байсан.

Төсвийн хөрөнгөөр хийдэг ажлыг хүртэл нууц болгож тавьдаг. Монголд нууцгүй юм байхгүй болчихсон. Сэтгүүлчид дутуу ойлгосныг би буруутахгүй. Манай Засгийн газрын бодлогыг та нар шигтгэж байгаа юу?

-Хууль зүйн сайд Б.ЭНХБАЯР:

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжид 1926 онд анх хуульчлагдсан. 1940,1960,1986,2002, 2015 гэсэн бүх эрүүгийн хууль тогтоомжид энэ үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцсон байдаг. Хамгийн анхных буюу 1926 онд энэ үйлдэлд 100-600 төгрөгөөр торгох ял ногдуулдаг байсан. 100 жилийн өмнөх 100 төгрөг гэдэг ямар хатуу, чанга шийтгэдэг байсныг харж болно. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар анх гэмт хэргийн тухай хууль УИХ-д өргөн барих үед энэ үйлдлийг тухайн субъектэд нэр оноосон байдлаар буюу шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч гэсэн хүрээнд хамааруулж өргөн барьсан.

Дараа нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болж хуулийг төслийг татаад, буцаж өргөн барихдаа тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж мэдсэн “хүн” гэдэг агуулгаар УИХ-д өргөн барьж, тухайн зүйл заалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр батлагдсан байдаг.

2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт ороход тухайн зүйл заалтын шинжид өөрчлөлт оруулахгүй, зөвхөн ял шийтгэлийн бодлогод хугацааг нь нэмсэн өөрчлөлт орж байжээ. Энэ гэмт хэргийн гол онцлог нь яагаад хүн гэдэг агуулгаар орж ирсэн бэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдэх ажиллагаа ганцхан мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч, прокурорын хүрээнд явагддаггүй. Тухайн хэрэг хянах ажиллагаанд хэлмэрч, орчуулагч, хянагч, шинжээч хөндлөнгийн гэрч, эрүүгийн хариуцагч, нэхэмжлэгч гэсэн этгээдүүд мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгтэй танилцдаг. Мөн нууцын баталгаа гаргасан байдаг. Эдгээр хүмүүсийг хамруулахын тулд энэ хүрээнд ойлгож, энэхүү нэр томьёог хэрэглэж байжээ. Энэ агуулгаар буюу 2015 оны хууль, дээрх хэлсэн оролцогчдын хүрээнд ойлгож хэрэглэж явсан. Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны мэдээллийг олж мэдсэн бусад иргэнд энэ зүйл ангиар шийтгэж байгаагүй. Тэр ч утгаар жирийн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагад хамаагүй. 2015 оны эрүүгийн хууль, 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн хуулиар шийтгэгдсэн нэг ч сэтгүүлч Монгол Улсад байхгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь үйл баримт буюу тухайн хавтаст хэрэгт байгаа тухайн хэргийг илрүүлэх, гэрч хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж буй арга ажиллагааны тактиктай холбоотой мэдээллийг хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Үүнтэй давхцаад, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох, мөрдөн шалгах гэхчлэн асуудлыг зайлшгүй яаралтай горимоор яагаад оруулж ирсэн юм бэ. Эрүүгийн хууль бол нийгмийн том харилцааг зохицуулдаг хүний эрхтэй холбоотой учраас нэр томьёо, үсэг нэг бүрээр ярилцах ёстой. Тээврийн хэрэгсэл жолоодохыг бүх насаар нь хориглоно гэж юу гэсэн үг вэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *