2024 оны төсөвт 880 тэрбумыг тэтгэвэрт зарцуулахаар суулгажээ
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тэтгэвэрт зориулж 880 тэрбум төгрөг суулгажээ. УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын багц хуульд инфляцтай уялдуулж, тэтгэврийг нэмэх заалт туссан тул Засгийн газар ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмэх бодлого барьж буй юм.
Засгийн газар өнгөрсөн долдугаар сарын 1-нд ахмад настны тэтгэврийг нэмсэн ч дийлэнх нь өнөөдөр 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Иймээс ирэх жил тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж буй. Ахмадуудын хувьд “Тэтгэврийг их, бага авдагаас нь үл хамаарч бүгдийг 10 хувиар нэмэгдүүлбэл бага тэтгэвэртэй нь чирэгдэнэ. Иймээс бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг арай ахиу нэмэх шаардлагатай” гэдэг асуудлыг хөндөх болсон.
Одоогоор УИХ Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээгүй байгаа. Засгийн газрын хувьд УИХ-аар ирэх оны төсвөө хэлэлцүүлэхдээ тэтгэвэрт зарцуулахаар суулгасан 880 тэрбум төгрөгөө тануулчихалгүй батлуулж чадвал уг төсөв дотроо зохицуулалт хийх юм байна. Тодруулбал, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг арай ахиу нэмэх үү, аль эсвэл адил тэгш 10 хувиар өсгөх үү гэдгээ тухайн үед нь шийдэх аж. УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд тэтгэврийн асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд байна.