Хөрөнгөө хураалгах дээрээ тулсан барилгын компанийн төлөөлөл ерөнхий сайдтай уулзахыг хүсэв

0

Төрийн захиалгаар эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх болсон асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-аас мэдээлэл хийв.

Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ-ын тэргүүн Ч.Наранбаатар:

-Бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу төрийн захиалгаар барилгын үйл ажиллагаа явуулдаг. 2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна.

Засгийн газраас төсөв хүрэлцэхгүй байгаа барилгуудад магадлал хийх тогтоолыг 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр гаргасан. Тогтоол гарснаас хойш юу ч хийгдэхгүй байсаар байгаад 2024 оны улсын төсөв өргөн баригдаад, хэлэлцэгдээд эхэлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 600 орчим барилга царцсан байдалтай ажил нь явагдаагүй байна. Тухайн төсвүүд нь хуучин төсөвтэй учраас цалингийн зардал нь 2009 оны тарифаар явж байдаг.

2009 онд нэг өдрийн 19.300 төгрөгөөр нэг ажилтнаа цалинжуулаарай гэж өгч байсан тариф өнөөдөр хэрэгжиж байна. Барилгын зах зээлийн бодит цалин өнөөдөр 100,000 төгрөг болчихоод байхад төрөөс нэг хүнд олгоорой гээд өгч байгаа цалин нь 19,300 төгрөг байх жишээтэй. Ингэхээр ямар ч барилга баригдах боломжгүй. Ямар ч энгийн хүн үүнийг ойлгоно.

Барилгын компаниуд хувь хүн, банк бус байгууллага, ломбардаас зээл аваад барилгаа барьсан захирлууд яах учраа олохгүй, боож үхэхэд ойрхон байна. 

Биднийг гэрээ цуцална, хар жагсаалтад оруулна гэж үргэлж дарамталж байна. Хөрөнгөө хураалгах дээрээ тулсан барилгын компанийн төлөөлөл ерөнхий сайдтай уулзахыг хүсэж байна. Бидний шаардлагыг хүлээн аваач ээ, бидэнтэй уулзаад өгөөч ээ гэж хүсэж байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *