Хотын мээрийн хандлага ба Газрын хууль: Засгийн газар “Даахгүй нохой булуу хураана” гэгч болох вий
Улс төрийн ертөнцөд энэ долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжин хотноо “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад оролцож, УИХ-ын чуулганаар 2024 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн үйл явдлууд болж өнгөрлөө.
Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Энэ үеэрээ газрыг бүх шатны Засаг дарга олгодог байдлыг зогсоож буй хэмээсэн. Дараа нь, “Энэ нь зөвхөн танд авлига өгч газар авна гэсэн үг үү?” гэж сэтгүүлч асуухын нэг шалтгаан болж, Х.Нямбаатар “Би ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэсэн.
Улмаар Төрийн ордонд Нийслэлийн Засаг дарга, энгийн сэтгүүлч хоёр барилцаж авахдаа ч тулав. Үүнээс хэвлэл мэдээллийн салбар өөр дотроо ёс зүйн олон асуудал, редакцын дэг сургуулийн тухай хэлэлцэж гарсан. Харин нөгөө талдаа төр төлөөлсөн субъект сэтгүүлчийн асуултад заавал хариулт өгдөг жишгийн талаар ч ярьцгаалаа.
Мөн Х.Нямбаатарын хувь араншин ч хөндөгдөх юм.
Энэ удаагийн тоймоор түүний танилцуулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болоод Х.Нямбаатар ба сэтгүүлч тойрсон асуудлын дам сэдвийг барьж байна.
Нэг: Хандлагын хувьд “даам” гарсан улстөрч хаана хүрдэг вэ?
Х.Нямбаатар цагтаа “Шударга тав” нэрийн дор дээлтэй жагсаж Төрийн ордонд орж ирсэн хүмүүсийн л нэг. Л.Оюун-Эрдэнэ одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаас Нийслэлийн Засаг дарга, Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн (одоо эгүүлэн татагдсан), Л.Болд Люксембург дэх Элчин сайд, Ж.Батзандан “хэн ч биш”.
Нэгэнт улс төр нь амжилт олж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хамтрал сүүлийн жилүүдийн засгийн эрхийг барилцаж байна. Эдгээр жилүүдэд “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан гээд халуун сэдвүүд хөндөгдөж, хүний өөрийн олон улстөрчид нь нэр холбогдсон. Одоо тэд дараагийн лав хэдэн жил үргэлжлүүлэн засаглана гэж тооцоод 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрөө зурсан байгаа.
Эхэндээ тэдний хувь улстөрчийн хандлага өөр байсан. Х.Нямбаатар цүл пал шударга үгтэй нь үнэн. Гэхдээ цадсан муур шиг болоод ирвэл хазаараа татах хэрэгтэй. Улстөрийн тоглоомд ээлж халаа гэж юм бий. Өнөөдөр итгэл хүлээлгэн сонгосон Сонгинохайрхан дүүргийн иргэдээсээ намын даалгавраар татгалзан, УИХ-ын гишүүнээс больж, Нийслэлийг удирдахаар очсон Х.Нямбаатарт цаг үе нь сайхан таарч байна.
Тэр сайндаа, тэр мундагтаа сайдаас хотын мээр лүү намын даалгавар аван аван, фронт руу илгээгдэн илгээгдэн ирээд байгаа гэвэл үнэний хувь талдаа л хүрнэ. Анх хуулийн салбарыг удирдахдаа албан хаагчидтай эв хавгүй мэндчилж, хувийн сургууль төгссөн намтар нь сөхөгдөж л явсан.
Гэхдээ сайн ажилласан, их гал үүрсэн. Тэр сайн улстөрч мөн.
Харин одоо “Над руу дараа нь угаадас цац”, “Би ийм сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэх мэтийн үгс шидэлж, өндөрлөгт удаан ажиллаж буй хүний хувьд уурсаж ассан сэтгүүлчийн гараас барьж, зууралдаж зогсох нь өөрөө дэндүү л илүүц юм.
Жорж Буш руу сэтгүүлч гутлаа шидэж л байсан. Өмнөд Солонгост харин төрийн өндөр албан тушаалтан сэтгүүлчийн асуултад хариулахгүй өнгөрвөл хэвлэлийн хуралд оролцож буй бусад сэтгүүлч тухайн асуултад хариултал нь ээлжлэн, дараалан асуудаг бичигдээгүй дүрэм бий.
Хэдий өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн акц болгон иргэдэд таалагдаж байгаа ч тэр төр төлөөлсөн, татварын мөнгөн дээр суусан, ээлж халаатай алба хашиж буй нэгэн гэдгээ ухамсарлах л ёстой. Энэ үүднээс улстөрч ёстой нөгөө “вакуумжих” л юм бол алддаг.
Нийслэлийн Засаг даргаас буусан Д.Сумъяабазар хувь хүн нь зангаргатай гэдгээ Х.Нямбаатарын дэргэд ядаж үлгэрлэж байв. Түүнийг хүн алсан гэж ярьсан сэтгүүлчтэй (энэ сэтгүүлч Х.Нямбаатараас асуулт асуусан) Төрийн ордонд таараад, “Сайн уу?” гэж мэндчилээд, “Ахыгаа юу гээд л хүн дайрсан гээд байдаг юм дээ. Тийм юм болоогүй шүү дээ” гээд инээмсэглэн ярилцаж алхах нь бичлэгт үлдэж байгаа.
Сэтгүүлч ёс зүйгүй авирласан байг. Харин сэтгүүлчийг ялгаварлаж хариулт өгдөг байх нь улстөрчид, ялангуяа хамгийн их анхаарал татаж байгаа Нийслэл Улаанбаатар хотыг эрх баригч намын даалгавраар удирдаж буй хүний хувьд байж боломгүй л хандлага юм.
Хоёр: Улсын төсвийн хамт өргөн барьсан хуулиар газрын асуудал Засгийн газарт очно
2024 оны улсын төсвийн төслийг дагаж 21 хууль, долоон тогтоолын төсөл өргөн баригдсан.
Тэдгээрийн дунд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм.
Сонирхолтой нь, газар олгох зөвшөөрлийг Засгийн газар хариуцах агуулгыг тус хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Геодези, газар зохион байгуулалт, зураг зүйн газрыг мөн Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар болсон.
Энэ хуулийн төслөөр, Газрын тухай хууль дахь газар олгох эрхтэй төрийн захиргааны төв байгууллагатай холбоотой бүх заалтыг хасна. Мөн бүх шатны Засаг дарга нарыг газар олгох эрхгүй болгож буй. Харин оронд нь Засгийн газрын эрхлэн ажлын хүрээнд оруулж өгчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баярын өдрүүдэд МҮОНТ-д ярилцлага өгөхдөө, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк тэргүүтэй акцуудын үргэлжлэл газар олголт байна гэж мэдэгдсэн. Харин зун нь их хэмжээний үер бууснаар Нийслэл дэх замбараагүй газар олголтын асуудлыг хөндөх суурь нөхцөл ч бүрдсэн.
Харин өдгөө газар олгох эрхийг Засгийн газар өөртөө авах агуулгатай хуулийн төсөл орж ирсэн нь Үндсэн хууль зөрчих үү гэдэг асуудал өдгөө ид анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл “Үндсэн хуульд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан байдаг” гэсэн маргаан.
Тэгвэл, Үндсэн хуульд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн ганц заалт бий нь газартай холбоотой.
Засгийн газрын зүгээс Нийслэл болоод бүх шатны Засаг дарга газар олгодог нь замбараагүй газар олголтын эхлэлийг тавьсан гэж үзэж байгаа. Ингэснээр газар олголт цэгцрэх ч эсрэгээрээ газар авахын тулд зөвхөн нэг төвлөрсөн эрх мэдэлтнээс зөвшөөрөл авах, улмаар авлигал цэцэглэх үндэс болох уу ч гэдэг хардлага байна.
Шийдвэр практикт үр дүн авчрах талаасаа эерэг хүлээлттэй. Юу юугүй Засгийн газар авлигаар цаашид газар наймаалцан хөлжих “нүх”-ээ ухаад байна гэж харах нь ухвар мөчид хэрэг болно.
Харин цаашлах юм бол эдгээр жилүүдэд хамгийн их хөндөгдөж буй “УИХ-ын дээр Засгийн газар гарлаа” гэдэг шүүмжлэл л анхаарал татах юм. Засгийн газрыг эрх баригч намын дарга нь тэргүүлж, танхимд нь хэд хэдэн “давхар дээл”-тэй гишүүд ажиллаж байгаа нөхцөлд парламентын олонх бүү хэл сөрөг хүчнүүд ч ороод ирсэн хуульд “хайрцаглагдаж” байгаа.
Хууль унахыг бид бараг харахаа болилоо. Барагтай Засгийн газраас орж ирсэн л бол тэр хууль яаралтай горимоор хэлэлцэгдэн батлагддаг боллоо. Үүгээр тэгээд бүх эрх мэдэл Засгийн газарт нэг нэгээр очоод л байдаг. Ковидын үед л гэхэд төсвийн зарцуулалтаа Засгийн газар өөрөө мэддэг хууль үйлчилж байсан. УИХ-д оруулж ирэхгүйгээр. Тэр үед төсвийн мөнгөд УИХ-ын гишүүд буюу ард түмэн хяналт тавьж чадахаа больсон.
Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг задална гэж яриад, нөгөө талаас Засгийн газрын эрхийг нэмээд байдаг. Энэ нь дандаа цаг үеийн хөөс, МАН-аас өөрсдөөс нь “үлээсэн” акцуудтай уялдаад байдаг. Газрын асуудал ч гэсэн, “Шийднэ” гээд Засгийн газар дахиад л өөртөө авч байгаа хэрэг.
Нөгөө талаар “Даахгүй нохой булуу хураана” гэгч болох вий. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулийн дараа явах нь явж, ирэх нь ирнэ. Засгийн газар хэдхэн “гарын хүн”-тэй. Боловсон хүчин байсан бол ХЗДХ-ийн сайдаар цаг нь болоогүй Б.Энхбаярыг томилж, Х.Нямбаатарыг хот руу явуулахгүй л байсан. Алсдаа тэгээд хүчрэх үү гэх мэт асуудлууд хөндөгдөх юм.