ОХУ байгалийн хийн хоолойн төслөө БНХАУ-аар зөвшөөрүүлэх хүртлээ нэлээд удаан хүлээх нь…

0

ОХУ-ын байгалийн хийн салбар цаашид тэсэж үлдэх эсэх нь БНХАУ-аас хамаарахаар байна

“Сибирийн хүч-2” төслийг урагшлуулах зорилго өвөрлөн “Бүс ба Зам” санаачилгын чуулга уулзалтад очсон Ерөнхийлөгч Владимир Путин Бээжингээс гар хоосон буцаж ирснийг олон улсын болон ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна. Монголын нутгаар дамжих хийн хоолойн энэхүү төслийг эхлүүлэхээр Кремль яаравчилж, харин Бээжин хойрго хандаж буйн шалтгаан юу вэ?

Бодит байдал ээдрээтэй

Нэгэн цагт Европыг чиглэж байсан нүсэр хэмжээний экспортдоо шинэ зах зээл олохоор хичээж буй ОХУ-ын байгалийн хийн салбар цаашид тэсэж үлдэх эсэх нь БНХАУ-аас хамаарахаар байна. Харамсалтай нь Бээжинд тэдний энэ мессежийг хүлээн авсан шинж одоогоор алга.

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Gazprom”, “Rosneft”-ийн удирдлагуудаас бүрдсэн нэлээд хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бээжинг зорьсон юм. Айлчлалынхаа өмнө тэрбээр БНХАУ-ын телевизэд өгсөн ярилцлагадаа төсөл нааштай төлөвтэй байгааг хэлж, мөн хоёр талын хооронд идэвхтэй яриа хэлэлцээ үргэлжилж буйг түүний гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков дурдаж байв. “Сибирийн хүч-2” төслийг бодит ажил хэрэгт нэг алхам ойртуулахад санал солилцоо зэрэг процедурын шинжтэй үйл ажиллагаа ч нэн чухал байлаа.

Гэтэл Владимир Путины онгоц газардахаас ч өмнө энэ удаагийн уулзалтаас онцын үр дүн хүлээх шаардлагагүй нь тодорхой болж, ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахгүйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков удалгүй бататгасан юм.

Экспортын амин судас

Москвагийн хүсэж буй зүйл маш тодорхой. Украины дайн эхлэх хүртэл байгалийн хийн экспортын хамгийн том зах зээл нь байсан Европын орон зайг нөхөх зайлшгүй шаардлага тэдэнд бий. Европын Холбоог чиглэсэн нийлүүлэлт нь 2021 онд 141 тэрбум метр куб байсан бол 2023 онд ойролцоогоор 25 тэрбум метр куб болж унахаар байгаа аж.

Харин ОХУ-ын Ямалын хойгоос Монголоор дайран БНХАУ-д хүрэх “Сибирийн хүч-2”-ийн жилийн дамжуулах хүчин чадал 50 тэрбум метр куб байхаар төлөвлөгдсөн тул нийлүүлэлтийн алдагдлыг нь нөхөхөд өдгөө яригдаж буй экспортын бусад ямар ч төслөөс илүү үр ашигтай байх юм.

Шинэ дамжуулах хоолой барихад нэлээн хэдэн жил, олон тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө шаардагдана. Ашиглалтад орлоо гэхэд Европ руу нийлүүлж байсан хэмжээний байгалийн хийг БНХАУ шууд авч эхлэх нь эргэлзээтэй.

БНХАУ-ын давуу тал

Хамгийн чухал нь цаг хугацаа БНХАУ-ын талд байна. Тус улсын эрчим хүчний аюулгүй байдлын алсын хараа аль болох олон сонголттой байхад төвлөрдөг. Төрийн өмчит олборлогч компаниуд нь дотоодын байгалийн хийн төслүүдээ эрчимтэй хөгжүүлж, энэ он гарсаар нийт олборлолт нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өсөөд байгаа аж. Түүнчлэн импортлогч компаниуд нь АНУ, Катар зэрэг орнуудаас их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авах гэрээ байгуулж байна.

Дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал, мөн Европын зах зээлийнхээ дийлэнх хувийг алдсан нь ОХУ-ын хэлэлцээ хийх хүчин чадлыг сулруулж, БНХАУ-д алдаж боломгүй давуу талыг олгож буйг ажиглагчид бичиж байна. Урт хугацааны үнэ, заавал хийх худалдан авалтын хэмжээ зэрэг гэрээний гол заалтуудад БНХАУ-ын шахалт нэмэгдэх магадлал өндөр аж.

Анхны “Сибирийн хүч” хийн хоолойн гэрээ байгуулагдаж, барилгын ажил эхлэхээс өмнө БНХАУ “Gazprom”-ийг 10 гаруй жил хүлээлгэж байв. Харин энэ удаа хүлээлт бүр ч урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *