Тавантолгой ДЦС-ыг барих эзэн тодорхойгүй ч ТӨХХК нь 58 тэрбумын өртэй болжээ

0

Монголын төр Тавантолгой дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрч байна. Олон удаа тендер зарлаж, гадаад дотоодын компаниуд гүйцэтгэгчээр шалгарч байсан ч төсөл одоог хүртэл хэрэгжээгүй. Улмаар хэрэгжихгүй байгаа энэ төслийг хариуцах эзэнтэй болгоё гэж Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийг 2020 онд байгуулсан. Тус компани байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байгаа ч төсөл ахисангүй. Харин ТӨХХК нь өр л үйлдвэрлэж, ТУЗ-ийн гишүүд нь тогтмол цалин авч сууна.

Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК нийт 15 ажилтантай

Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК нь гүйцэтгэх захирал Г.Тэнгэрийг оролцуулаад 15 ажилтантай. Мөн ТУЗ-ийн 10 гишүүнтэй бөгөөд гишүүд 820-840 мянган төгрөгийн цалинг сар бүр авдаг.

Нийт ажилчдын мэдээлэл

Нийт ажилчдын мэдээлэл

ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл

ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл

Аудитын мэдээллийг авч үзвэл Тавантолгой ДЦС ТӨХХК нь

2021 онд

  • Тус компанид төсвийн гүйцэтгэлээр 5.6 тэрбум төгрөг олгогдож, ерөнхий зардал гэж 2.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардал гэж 1.4 тэрбум төгрөг зарлагадсан. Борлуулалтын орлогогүй, ашиггүй ажилласан. Харин бусад төрлийн орлого 657 сая гэж мэдээлжээ.

2022 онд

  • Гүйцэтгэлээр 7 тэрбум төгрөг олгогдож, ерөнхий зардал гэж 2.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардал гэж 611 сая төгрөг зарлагадсан. Борлуулалтын орлогогүй, ашиггүй ажилласан байна.

Мөн аудитаар Тавантолгой ДЦС ТӨХХК нь 58 тэрбум төгрөгийн өртэй байгааг дурдсан байна. Тус өр нь Хөгжлийн банкны зээл бөгөөд 2022 онд төлж дуусгахаар гэрээлсэн ч төлөөгүй тул чанаргүй зээлийн ангилалд шилжсэн.

Засгийн газраас энэ төслийг санхүүжүүлэх бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулахыг Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-д даалгасан. Гэвч компани нь энэ гол ажлаа хийхгүйгээр барахгүй өр л үйлдвэрлэж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Эрчим хүчний яамнаас зарласан тендерт хоёр компани материалаа ирүүлснээс Камбож улсын Митайм Интернэйшнл ХХК-ийг сонгон шалгаруулсан. Харин тус компанийг цаасан дээрх хуурамч компани байж болзошгүй хэмээн Сангийн яамнаас тендерийг цуцалсан. Одоо Эрчим хүчний яамнаас дахин тендер зарлах учиртай билээ.

Ийм асуудал зөвхөн Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-д байгаа юм биш. Тухайлбал, түгжрэлийг бууруулахаар “Агаарын дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлэхээр болоод удаж байна. 2021 онд гэхэд тус төслийн ажилд зориулан 414 сая гаруй төгрөг төсөвлөж, 51.9 саяар нь эд хогшил авч, 242.9 саяыг цалинд зарцуулаад өнгөрсөн тохиолдол бий.

Өөрөөр хэлбэл, манай улсад ажил нь эхлээ ч үгүй байхад ТӨХХК байгуулж, төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг жишиг тогтжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *