“Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илрэнгүүт дур мэдэж эм уулгах нь хүндрүүлэх эрсдэлтэй”

0

Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд манай улсад томуу, томуу төст өвчин дэгддэг. Тэр дундаа цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн дунд ханиад элбэгшиж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл хооллож, дархлаагаа дэмжихийг уриалсаар байна. Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдийн ачаалал, томуу төст өвчний дэгдэлт, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар БЗД-ийн 29,27 хорооны өрхийн эмнэлгийг зорилоо.  

Дарь эхэд байрлах тус дүүргийн 29-р хорооны “Ачит чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн үүдээр орлоо. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үзүүлэхээр дугаарлан зогсож байгаа харагдав.  

БЗД-ийн 29-р хорооны “Ачит чагнуур” өрхийн эмнэлгийн хүний их эмч А.Анарцэцэг “Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд хүүхдүүдийн дунд ханиад томуу ихээр дэгдэж байна. Манай төвд хөнгөн туссан ч хүүхэд, хүндэрсэн хүүхэд ч ирдэг. Зарим эцэг эх хүүхдэдээ ханиадны шинж тэмдэг илрэнгүүт нь дур мэдэж эм уулгачихдаг. Энэ нь хүүхдийн ханиадыг хүндрүүлэх эрсдэлтэй. Өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэж ханиад улам хүндрүүлэх хүчин зүйл болдог. Тиймээс хүүхдүүдээ агаарт гаргах, өдөрт амны халбагаар витамин С-г тогтмол уулгах, шим тэжээлтэй хоол хийж өгөх дархлааг нь маш сайн дэмжих хэрэгтэй.

Вакцин хийлгэснээр томуу тусахгүй гэсэн үг биш боловч хөнгөн тусаж, эдгэрэхдээ хурдан.

Өмнө жилүүдийг бодоход иргэд томуугийн вакцинд идэвхтэй хамрагдаж байх шиг байна. Вакцин хийлгэчихлээ гээд томуу төст өвчин тусахгүй гэсэн үг биш. Гэхдээ хөнгөн тусаж, эдгэрэхдээ хурдан. Манай өрхийн эмнэлэг гэр хорооллын бүсэд байдаг болоод ч тэр үү. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ үл хайхарч эмчид үзүүлээд бичиж өгсөн эмийг нь авч өгөхгүй, нимгэн хувцаслаж дааруулах асуудлууд байдаг. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд нь ханиад хүрч халдварлах үед нь чөлөө авч, бусад хүүхдүүдээ халдаахгүй байх боломжтой. Энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй” гэлээ.

Баянзүрх дүүргийн “Андсайхан” өрхийн эмнэлгийн эмч П.Бадмаанямбуу “Манай улсад аравдугаар сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл хүн амын дунд ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг. Эдгээр  саруудад манай өрхийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг.

Тэр дундаа хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна. Манай эмнэлэгт өдөрт 300 хүүхэд үзүүлдгээс 30-40 хүүхэд томуугийн вирусээр өвдсөн байдаг. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал.

Манай улсад томуугийн дөрвөн цэнт вакциныг хийж байна. Энэ нь дөрвөн төрлийн томуугийн вирусээс хамгаалж хүндрэлээс сэргийлнэ гэсэн үг. 2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй хийгдэж байна. Гэвч зарим хүмүүс хүүхдүүдээ хамруулах дургүй байдаг. Дархлаажуулалтын судалгаанаас харахад вакцин хийсний дараах урвал хүндрэл бараг байхгүй. Эцэг эхчүүдээс асуумж асуухаар вакцин хийлгэсэн хэсэгт хавдлаа гэдэг. Тиймээс иргэдийг томуугийн вакцинд хамрагдвал хүндрэл маш бага, урьдчилан сэргийлж чадна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *