Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд хянан шалгагчаар ажиллах таван хүний гурав нь өргөдлөө өгсөн
Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэх, сонсгол зохион байгуулах Хянан шалгах түр хороог Б.Энхбаяр даргалахаар болсон. УИХ-ын намрын чуулганы хугацаанд багтаан нүүрсний сонсголыг хийх хуваарьтай байгаа. Гэсэн ч түүний даргалж байгаа түр хороонд ажиллаж байсан таван хянан шалгагчдаас гурав нь өргөдлөө өгчээ. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын хувьд айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина, зүгээр явуулахгүй гэх байр суурьтай байна.
ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Нүүрсний сонсголыг УИХ-ын намрын чуулганд багтааж хийх ёстой гэсэн тогтоол гарсан. Үүний дагуу ажиллана. Намайг түр хорооны дарга болохоос өмнө таван хянан шалгагч томилсон байсан. Түр хорооны даргаар сонгогдсоны дараа эдгээр таван хянан шалгагчийн гурав нь болино гээд өргөдлөө өгчихөөд байна. Нэг нь өчигдөр өргөдлөө өгсөн. Би таалагдахгүй байгаа юм уу? Надаас айгаад байгаа юм уу? Ямар учиртай гэдгийг асуух гээд, тайлангаа тавьсны дараа чөлөөлнө гээд байж байна. Нэмж хянан шалгагч томилно.
Одоо хугацаа их шахуу байна. Хөгжлийн банкны сонсгол дээр жилийн хугацаанд ажилласан. Мөн 11 хянан шалгагч нартай хагас жил сууж байж сонсгол хийж байсан. Ирэх долоо хоногт түр хороо хуралдана. Тэр үеэр энэ айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина, зүгээр явуулахгүй гэв.