Ч.Хүрэлбаатар: Хоёр орны банк хоорондын гүйлгээнд гарч буй асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тохирлоо
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдаан өчигдөр Улаанбаатар хотод болж өнгөрлөө.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хуралдаанаар эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл гээд хоёр орны хамтын ажиллагааны бүхий л салбарын талаар ярилцаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголоос гарах экспортын бараа бүтээгдэхүүний татварыг буулгах чиглэлээр ойрын хугацаанд хамтарч ажиллахаар тохирсон. Дөрвөн нэр төрлийн 894 бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд татваргүй гаргах боломжийг судалж, үр дүнг ойрын хугацаанд танилцуулахаар болов.
Мөн санхүүгийн салбарын хамтын ажиллагаа дээр ахиц дэвшил гаргахаар болж байна. Хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцаа өргөжихийн хэрээр банк хоорондын гүйлгээний асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байгаа. Үүнийг мөн ярилцаж, тодорхой шийдлүүдийг гаргахаар тохиролцлоо” гэв.
Түүнчлэн хоёр орны хамтарсан сургуулиудын хууль, эрх зүйн орчныг ойлгомжтой болгох, Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Богд хан төмөр замын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлаар зарчмын асуудлуудаа тохирсон хэмээн мэдээллээ.
Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны үнэлгээнүүдийг эцэслэн тохиролцох чиглэлд хамтарсан ажлын хэсэг гаргаж, үйл ажиллагааг шуурхайлах талаар нэлээд ярилцсан гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.