ЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг томилж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 11 цаг 35 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-оо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2024 оны төсвийн төсөлд тусгасан. Тухайлбал, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлж тэдэнд орон нутгийн нэмэгдэл олгох, орон нутагт ажилласан төрийн албан хаагч шатлан дэвших тохиолдолд хуульд заасан тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг хөдөөгийн сэргэлтийг бодлогоор дэмжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж байлаа.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих дээрх багц, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа гэв.
Энэ талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэснийг тодотгоод Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна гэж байлаа.
Мөн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд, 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 34.2 хувь, нийт зарлага 27 их наяд буюу 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.0 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, 19 дүгээр зүйлийн 19.9-т… 2024 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй байх, төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна гэж байлаа.
Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 14.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 52.0 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаар төрийн албан хаагчдын тоо жилд дундаж 3.0 хувь, хүн амын тоотой харьцуулахад 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цомхон төрийн албатай байх зорилт бүрэн хангагдахгүй байна. Улсын төсвийн төсөлд 17 төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын орон тоог 2024 онд нийт 2387 орон тоог нэмэгдүүлэхээр тусгаж, түүнтэй холбоотой нийт 113.4 тэрбум төгрөгийн цалин хөлсний зардлыг санхүүжүүлэхээр тусгасан байна. Иймд цомхон, мэргэшсэн төрийн албатай байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарч, энэ чиглэлээр хяналт, шинжилгээ, удирдлагаар хангаж ажиллах шаардлагатай байна гэж танилцуулгад дурджээ.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Дараа нь Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс олонхын санал авсан нэр дэвшигчийг Байнгын хороонд санал болгож, томилуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Х.Энэбиш, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Засгийн газрын хүний нөөцийн газрын Хүний нөөцийн удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Сувдмаа, Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар Байнгын хорооны тогтоолоор Сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн оронд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсенийг оруулсан. Ажлын хэсэг нийт 4 удаа хуралдсан гэв.
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”, хоёрдугаар хавсралтаар “Нэр дэвших тухай хүсэлт”, гуравдугаар хавсралтаар “Ажлын хэсгийн гишүүний баталгаа”-г баталсаны дагуу Ажлын хэсгийн гишүүдээс зохих баталгааг гаргуулж авсан болно. Ажлын хэсгээс Сонгон шалгаруулах тухай зарыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өдрийн сонин, Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр, Улсын Их Хурлын цахим сайт parliament.mn болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны цахим сайт, Төрийн албаны зөвлөлийн цахим сайт болон бусад хэвлэл мэдээллийн хэслүүдээр сошиал сүлжээг ашиглан нийтэд мэдээлсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.
2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ны өдрийн 17.30 цаг хүртэл 10 хоногийн хугацаанд нэрээ дэвшүүлэх бөгөөд иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр хүлээн авсан бөгөөд 7 хүн хүсэлтээ гаргаж холбогдох материалаа ирүүлсэн. Нэр дэвшигчдийн хүсэлт, холбогдох материалтай Ажлын хэсэг 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдийн хуралдаанаараа танилцан, сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг хэлэлцэж хүсэлт, материалаа ирүүлсэн 7 хүнээс журамд заасан материалын бүрдлийг дутуу ирүүлсэн нэг нэр дэвшигчийн асуудлаар санал хураалт явуулж ажлын хэсгийн олонхын саналаар бүртгэхээс татгалзсан гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн журамд заасны дагуу ажлын хэсэг нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, баримт судлах ажлыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны хооронд хийж Авлигатай тэмцэх газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас болон нэр дэвшигчээс тодруулга, лавлагаа, мэдээлэл гаргуулан авсан. Ажлын хэсгийн гишүүд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Шайрийн Батсүх, Чогдонгийн Эрдэнэчимэг, Хорчингийн Ган-Очир, Дуламсүрэнгийн Оюунбилэг, Минжүүрийн Цэрэнбат, Ганбатын Мягмар нартай Төрийн ордны “Их засаг” танхимд тус тусад нь ярилцлага зохион байгууллаа. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Ажлын хэсгийн хуралдааныг хийж нэр бүхий хүмүүс холбогдох журмын болзол хангасан нэр дэвшигчийг санал хураалтад оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Ажлын хэсгээс тооллогын комисс байгуулж, нууцлал бүхий саналын хуудсыг баталсан. Энэхүү саналын хуудасны дагуу нууцаар санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон ажлын хэсгийн есөн гишүүнээс олонхын санал авч дэмжигдсэн Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нэр дэвшигчдэд хандан төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд монгол төрийн өмнөөс нэн хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөн авч явах, ёс зүйтэй төрийн албан хаагчийг бий болгох, иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, хариуцлагатай ажиллахыг хүсэж байлаа.
Ингээд Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих, эсэх санал хураалтыг хүн нэг бүрээр нууцаар явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм. Уг тогтоолд Монгол Улсын Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг томилохоор тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.