Б.Цэдэндорж: Юун хил хамгаалах, харанхуйд ганцаараа гарч чадахгүй, амархан уйлчихдаг залуус ч цэргийн албанд ирж байна
“Цэргийн сэтгэл судлалын хөгжлийн чиг хандлага” сэдэвт өдөрлөг Хил Хамгаалах Ерөнхий Газарт өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр цэрэг татлагаар ирж буй залуусын сэтгэл зүйн асуудлын хүрээнд Хилчдийн сэтгэл судлалын секторын дарга, дэд хурандаа, цэргийн сэтгэл судлаач Б.Цэдэндорж мэдээлэл өгөв.
Тэрбээр “2000-аад оноос хойших үеийн залуус цэргийн албанд татагдаж эхэлсэн. Одоо 2005 оныхон цэргийн албанд ороод ирлээ. Ерөнхийдөө маш ойлгомжгүй сэтгэл зүйтэй залуус бий болж байна.
Юун хил хамгаалах, харанхуйд ганцаараа гарч чадахгүй, заавал хамт хүн дагуулж гарч байна. Нийтийн ариун цэврийн өрөөнд ороод бие засаж чадахгүй. Гэхдээ залуусыг буруутгахдаа гол агуулга нь биш.
Гэр хорооллын жорлонд нэг удаа бие засаж үзээгүй хүүхэд хүртэл цэргийн албанд очиж байна шүү дээ. Ийм залуусын хувьд интернэтгүй, тоггүй, утасгүй алслагдсан газарт байна гэдэг бол зүүдэнд ч оромгүй явдал. Хилийн застав гэдэг бол алслагдсан сумын төвөөс 200 километрийн цаана байрлана.
Ерөөсөө ийм амьдрал байдгийг төсөөлж ч үзээгүй хүн ч байна. Нийгмийн хөгжлийн эрс ялгаатай газар яваад очиход хүлээж авахад бэлэн биш байдаг.
Зургаан сарын дараа л цэргийн албандаа дасаж эхэлдэг. Хамгийн хүнд үе нь эхний гурван сар. Энэ хугацаанд дасан зохицох процесс нь явагдаад байна шүү дээ.
Цэргүүдийн дасан зохицох үе дээр ажиллах гэж манай сэтгэл зүйчид хөгөө чирэх тохиолдол ч гардаг. Бараг л эцэг эх, ах эгч, дүүгээс нь илүү “миний дүү”, “ахын дүү” гэнэ.
Мэдээж албаа сайхан хааж яваа залуус олон бий. Харин нөгөө талд амархан уйлчихдаг, их эмзэгхэн турьхан залуус бий болоод байна. Тиймээс цэргийн сэтгэл судлаачид аа, та нар бэлэн үү гэх асуулт үүсэж байна. Ямар ч хүн цэрэгт татагдаж орж ирж болно” гэлээ.
Үргэлжлүүлэн “Тав, зургаан жилийн өмнө цэргүүдтэй уулзаад явахад 100 цэргээс нэг л цэрэг өвс үнэрлэх, хар тамхи хэрэглэх, эсвэл хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байх тохиолдолтой таардаг байлаа.
Одоо 100 цэргээс 10-15 нь ийм байна. Янз бүрийн бэлгийн чиг хандлагатай байх эсвэл сатанист, анархистууд гарч байна. Нөгөө өвс татах чинь бараг энгийн асуудал болсон байна. Нийт масс дотроо 15, 16 хүн гараад ирлээ гэдэг бол нэн аюултай.
Магадгүй ирэх жилээс гэхэд хар тамхичидтай ажиллах сэтгэл зүйчид хэрэг болох нь байна. Энэ мэтчилэн асар олон зүйл бий. Монгол Улсын иргэн учраас цэргийн албыг заавал хаалгах л ёстой.
Өнөөдрийн арга хэмжээний зорилго нь сэтгэл зүйчдийн уялдаа холбоог сайжруулахад оршино. Энэ арга хэмжээнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна” хэмээв.
Хангалттай хүн хүчтэй, нөөцтэй байгууллагууд байдаг мөртлөө бүгд тэнд өөр өөрийн судалгаагаа хийхэд анхаардаг. Иймд судалгааг холбоё. Төрийн цэргийн байгууллагууд нь ижил төрлийн судалгааг битгий хий, хэдүүлээ нийлээд зохион байгуулах нь чухал гэдгийг нэмж ярилаа.
Эх сурвалж: ikon.mn