НББХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.10.25)-ийн хуралдаанаар, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Нийгмийн даатгалын хуримтлалын санг ямар үе шаттайгаар бий болгох, хүүхэд хамгааллын асуудлаар анхан шатны нэгжүүд, түр байрууд, гэр бүлийг дэмжихэд ямар зардал, төсөв тусгасан, ахмад настнууд амралт сувиллын 50 хувийн хөнгөлөлтөө хэрхэн эдэлж байгаа, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих зэрэг асуудлыг хөндөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Хүний хөгжлийн бодлого боловсруулах ажил ямар шатанд яваа, сумын эмнэлгүүдэд шүдний эмчийн орон тоо, кабинет бий болгох асуудал 2024 оны улсын төсөвт хэрхэн туссан, хөдөөгийн эмнэлгүүдийг ариун цэврийн боловсон өрөөтэй болгох ажлын хэрэгжилт ямар байгаа зэргийг тодруулж, сум дундын эмнэлгүүдэд ходоодны дурангийн аппарат, түргэн тусламжийн машин шийдэх боломжтой, эсэхийг асуусан юм. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг түүний асуултанд хариулахдаа, сум дундын эмнэлгүүдэд ходоодны дурангийн аппарат, түргэн тусламжийн машин шийдэх боломжгүйг хэллээ. Харин 2024 онд нийт сумдын 30 хувийг Дэлхийн банкны санхүүжилтээр Тоёота Ланд Крузер 77 маркийн автомашинаар хангахаар төлөвлөж байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, 2024 оны төсвийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтыг 2023 оныхоос 9.0 орчим тэрбум төгрөгөөр буюу 9.3 хувиар бууруулж, нийгмийн халамжийн зардлыг 8.2 хувиар нэмэгдүүлж оруулж ирсэн нь “халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын эсрэг байгааг дурдаад, эмийн үнийн талаар багагүй зүйл хийсэн хэр нь дорвитой буурахгүй байгаад ямар бодлого хэрэгжүүлэх талаар лавлав. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийг хуучин хэвд нь оруулж, 50, 70 хувьд хүргэж буйг сайд С.Чинзориг мэдээлж, хөдөөгийн ахмадууд хөнгөлөлттэй эмээ авахын тулд сумын төв рүү ирж хурууны хээгээ уншуулдгийг болиулж байгаа талаар ярив. Мөн олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг гадаад улсын үйлдвэрлэгчээс олон улсын худалдан авалтын систем ашиглаж шууд худалдан авах асуудлыг хуульд тусгасан бөгөөд энэ зохицуулалт 2023 оны 12 дугаар сарын 01-нээс хэрэгжих эхэлнэ гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даах шийдвэр, Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсөвт хэрхэн тусгасан талаар асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн үйл ажиллагааны санхүүжилтийг индексжүүлж, тохируулга хийх ажил хэрхэн явагдаж байгаа болон Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв, мөн Зүрх судасны төвийн дэд бүтцийг сайжруулах талаар төлөвлөгдсөн ажлууд, эрт илрүүлгийн ажил 2024 онд хэрхэн үргэлжлэх талаар тодруулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, ажлын байр шинээр бий болгох, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүдийг ажлын байраар хангах, нийгмийн халамж, хамгааллын ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн болон эрүүл мэндийн ажилтнуудын асуудалд хэрхэн анхаарах, Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад оруулах болон Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн төвийн зам, уурын зуух, машин техникийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрвэлэж байгаа зэрэг олон асуудлыг хөндөн ярьсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *