Ёс зүйн хорооны орон тооны бус гурван гишүүнийг томилж, ажилд нь орууллаа
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд нар өнөөдөр /2023.10.23/ Төрийн албаны зөвлөлд очиж, ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 8/1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авч, нэр дэвшин, томилогдсон Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчдад болон нэн яаралтай хийх ажлуудыг танилцуулж, ажлын амжилт хүссэн юм.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг томилогдон ирсэн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдэд баяр хүргэж, үйл ажиллгааныхаа талаар танилцуулга хийв.
Мөн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон Ёс зүйн хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлийн “Мерит” танхимд шалгалтын “Open-exam” систем, түүний агуулга, сорилтой танилцлаа.
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын алба