Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүд шалгарлаа
Нийтэлсэн огноо: 2023-10-25 12:32
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна. Түүнчлэн сургууль хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ оноос эхлэн бусад сургуульд зөвлөн туслах эрх бүхий ментор сургуулийг шалгаруулж, урамшуулдаг болж буй юм.
Шагнал гардуулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нар нээж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын чанар, менежментийг сайжруулах нь” сэдвээр илтгэл танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:
-Боловсролын чанарыг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, боловсон хүчний чадавх, сургалтын орчин гэсэн суурь үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг учраас 2019 оноос эхлэн НЗДТГ-аас сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнг үнэлж дүгнэн урамшуулж, дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ жилээс эхлэн ментор сургуулийг шалгаруулж, 400 сая төгрөгөөр урамшуулдаг болж байна. Ментор буюу зөвлөгч сургуулиуд амжилтаа улам бататгаж, цаашид зөвлөн туслах эрхтэй ажилласнаар өөрийгөө санхүүжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой. Иймээс хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэхээр нийслэлийн зүгээс анхаарч ажиллах болно хэмээлээ.
Шилдгээр шалгарч, шагнал хүртсэн сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургуулиар шалгарсан 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн:
-Ментор сургуулиар шалгарсандаа баяртай байна. Сурлагын чанарт нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч багш, эцэг эх, сурагчийн хамтын ажиллагааг сайжруулах нь мөн чухал тулгуур учраас менторлосон сургуульдаа үүнд чиглэсэн ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн. Ментор сургуулиар ажиллах хугацаанд хамтарч буй сургуульдаа туслалцаа үзүүлэхээс гадна харилцан суралцаж байсан нь ач холбогдолтой байлаа.
Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгээр шалгарсан 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа:
-Манай цэцэрлэг шилдэг менежменттэй цэцэрлэгээр хоёр дахь удаагаа шалгарлаа. Бидний эрхэм зорилго хүүхэд бүрд аз жаргал бэлэглэсэн, ээлтэй цэцэрлэг байхад оршдог бөгөөд “Ялж, ялгар” гэсэн уриатай ажилладаг. Багш, эцэг эх, хүүхдийн оролцоог чухалчилж, хүмүүжлийн эерэг аргыг хүн бүрийн харилцаанд нэвтрүүлэхэд анхаарч байна гэсэн юм.
2022 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр индексийн V түвшинд үнэлэгдсэн 37 сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн менежментийг сайжруулах” үйл ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээнд нийслэлийн 150 сургууль хамрагдахад дундаж нь 76.26 хувьтай байсан нь өмнөх оноос 3.76 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний нийслэлийн дундаж 90.8 хувьтай үнэлэгдсэн нь өмнөх оны үнэлгээтэй харьцуулахад 2.7 хувиар, дүүргүүдийн дундаж 1.6-4.2 хүртэлх хувиар тус тус өсжээ.
2023-2024 оны хичээлийн жилд 655 цэцэрлэгийн 4250 бүлэгт 130,902 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд, төрийн өмчийн 167, төрийн бус өмчийн 148 буюу ерөнхий боловсролын нийт 315 сургуулийн 10,968 бүлэгт 385,279 сурагч тус тус суралцаж байна.
Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэгүүд:
- Баянзүрх дүүргийн Х.Чимэдцэрэн эрхлэгчтэй 147 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэг
- Багахангай дүүргийн С.Отгонтуяа эрхлэгчтэй 207 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн О.Үүрийнтуяа эрхлэгчтэй 257 дугаар цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүргийн Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91 дүгээр цэцэрлэг
- Багануур дүүргийн М.Нэргүй эрхлэгчтэй 235 дугаар цэцэрлэг
- Баянгол дүүргийн Я.Мөнхтуяа эрхлэгчтэй 242 дугаар цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн В.Дэлгэрмаа эрхлэгчтэй 121 дүгээр цэцэрлэг
- Сүхбаатар дүүргийн Г.Бурмаа эрхлэгчтэй 1 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн Д.Цэрэндулам эрхлэгчтэй 202 дугаар цэцэрлэг
- Хан-Уул дүүргийн Бямбаахүү эрхлэгчтэй “Маргаашийн одод” цэцэрлэг
Нийслэлийн шилдэг менежменттэй сургуулиуд:
- Налайх дүүргийн О.Оюунтуяа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
- Сүхбаатар дүүргийн Б.Хишигбаяр захиралтай 11 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар сургууль
- Баянгол дүүргийн Д.Цэцэгжаргал захиралтай “Наран” сургууль
- Баянгол дүүргийн О.Мөнхзаяа захиралтай “Сэтгэмж” цогцолбор сургууль
- Баянзүрх дүүргийн Ч.Уранбаяр захиралтай 88 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн С.Оюун захиралтай 115 дугаар сургууль
- Сүхбаатар дүүргийн Б.Одхой захиралтай “Логарифм” сургууль
- Сүхбаатар дүүргийн Ц.Гэрэлмаа захиралтай тусгай боловсролын 25 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн Д.Бат-Отгон захиралтай 129 дүгээр сургууль