Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг дамлагчид хэн бэ?

0

Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнуудыг авлигадаж, улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авдаг сүлжээг таслан зогсоох зорилгоор Засгийн газраас уурхайнууд нь С зөвшөөрлийг олгох зохицуулалт хийсэн ч нөхцөл байдал дээрдсэнгүй.

Улс хоорондын С зөвшөөрлийг  авахын тулд 20 сая төгрөгийн авлига өгөх шаардлагатай болдог тухай дуулиан дэгдсээр байна.

Энэ тухай Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Covid-19 цар тахал дэгдэхээс өмнө С зөвшөөрлийн авлига 2 сая төгрөгийн ханштай байсан бол одоо 20 сая төгрөг хүрсэн тухай ярих боллоо.  Монгол жолооч арав хоноод нэг удаа тээвэр хийдэг бол зарим компанийн жолооч өдөр бүр тээвэр хийдэг юм байна. Хуучин Тавантолгой- Гашуун сухайт дээр С зөвшөөрөл авахад хүнд сурталтай байсан бол одоо бүх боомт, бүх уурхайнууд дээр асуудалтай боллоо гэж жолооч нар ярих боллоо. Хүнд суртал байх ёсгүй” гэж мэдэгдээд буй.

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Улиралд 160 тэрбумын авлига өгч байж С зөвшөөрөл авдаг боллоо” гэсэн нь ханш нь л өссөнөөс биш сүлжээг тасалж чадаагүй гэдэг нь харагдаж буй.

Уг нь Ардчилсан нам Засгийн эрх барьж байхад дээрх С зөвшөөрлийн үнэ ердөө 20 мянган төгрөг байсан бол эдүгээ энэхүү зөвшөөрлийг дагасан авлигын том сүлжээ бий болсон нь нүүрсний хулгайн дуулианаар  олон нийтэд ил болсон.  Тухайлбал, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас Авто тээврийн үндэсний төвийн хэд, хэдэн албан тушаалтныг саатуулж, хорьж байв. Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хамаарал бүхий компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдсан. Гэвч  эдүгээ хэрэг нь хаана очоод дарагдсан нь тодорхойгүй болсон. Хэргийг цааш үргэлжлүүлэн шалгаж, шүүх рүү шилжүүлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тээг болсоор байгаа юу аль эсвэл өөр шалтгаан нөхцөл нөлөөлж байгаа юу, тодорхойгүй. Гэвч С зөвшөөрөл дагасан авлигын хэрэг ийнхүү чимээ алдрахын хэрээр нүүрс тээврийг дагасан авлигын ханш өссөөр байгааг жолооч нар анхааруулж буй. Тодруулбал, энэ сарын эхээр жолооч нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гадаа жагсч, асуудал тавих үеэрээ “40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрэх болсон” гэдэг мэдэгдлийг хийж байв.

Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийг дагасан С зөвшөөрлийн авлигыг зогсоохын тулд 362 дугаар тогтоолыг баталж, энэ оны эхнээс уурхайнууд нь С зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийсэн.

Ингэснээр БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуун сухайт боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн 7800 С зөвшөөрлийг  улирал бүр олгохоор болж, энэхүү квотдоо багтаахаар болсон.  Тэр дагуу 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25 хувийг “Энержи ресурс” компани, үлдсэн 15 хувийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани тус бүр олгох болсон.  С зөвшөөрлийг цахимаар олгодог.  Энэ нь авлига үүсэхээс сэргийлсэн нэг алхам. Харамсалтай нь, жолооч нарын ярьж буйгаар байдал өөр.

“Баянзам” компанийн тээвэрчдийн холбооны тэргүүн Н.Баярхүү “4680 С зөвшөөрлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олгодог. Энэ явцад өргөтгөсөн тээвэр нэртэй өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхийг бий болгосон.  40 С зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. С зөвшөөрлийг баттай гаргаж өгнө ч гэдэг болсон” гэж ярьж буй.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу “Эрдэнэс Тавантолгой” компанид олгох ёстой тоо хэмжээнээс хэтэрсэн С зөвшөөрлийн хүсэлт ирдэг учраас хувь тэнцүүлээд олгож ирсэн. Ингэхлээр тухайн компани С зөвшөөрөл 10-ыг хүссэн байлаа гэхэд гурав олгогдоход захирал нь хэндээ өгөх вэ гэдгээ шийдэх болдог. Эцэстээ энэ нь С зөвшөөрлийн наймаа хийдэг үзэгдлийг бий болгосон.

Ер нь хэрэгцээнээсээ давчихсан тээврийн хэрэгсэл энэ салбарт бий болсон. Баахан машин лизингдээд авчихсан, компани байгуулчихсан. Өдөрт дээд тал нь 1500 тээврийн хэрэгслээр нүүрсний экспорт хийгддэг бол багадаа 1000 машин гардаг. 7800 С бичиг бол багадаагүй. Тойрогтоо ороод явахад 7-8 хоногт нэг удаа тээвэр хийнэ гэсэн үг. Биржээр арилжаалсан нүүрсний хувьд тээврийн зөв менежемэнт хийж байгаа. Анхдагч мэдээллийн сангаас нь мэдээллийг шалгаад шаардлагад нийцдэггүй аж ахуй нэгжид С зөвшөөрлийг олгодоггүй, шаардлагад хангаж байгаад нь С зөвшөөрлийг тэнцүү хуваарилаад явдаг. Чаддаг, мэддэг, шаардлага хангадаг хүмүүс нь тээвэрлэлтээ эрхлээд явах ёстой. Эхэлсэн цагаасаа буруу цикль рүүгээ орсон. Маш их ашиг олдог гэж үзээд их хэмжээний зээл авчихсан, энэ бүгдийнхээ буруутныг “Эрдэнэс Тавантолгой” компани мэтээр ярьж явдагаа болих хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм.

Тодруулж хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дээрх албан тушаалтны тайлбараар бол нүүрс тээврийн С зөвшөөрөл хүссэн компаниуд нь авсан зөвшөөрөлдөө багтаан хуваарилалт хийхдээ жолооч нараас авлига авдаг” гэсэн асуудлыг хөндөж тавиад буй бол жолооч нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бурууг тохож буй.

Мөн жолооч нарын зүгээс “Монгол компаниудын нүүрс ачсан машин сард 9500 удаа тээвэрт явдаг бол Хятадын компаниуд 19 мянган удаа явж байна. Ийм давуу байдал  олгодгийг өөрчлөх шаардлагатай” гэдэг асуудлыг ч хөндөх болсныг хаа хаанаа анхаарах шаардлага байна.

Нөгөөтэйгүүр, АТГ С зөвшөөрөл дагасан энэхүү авлигын асуудлыг мухарлахгүй бол нүүрс дагасан хулгайтай тэмцэх боломжгүй л харагдах.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *