Б.Аюурзана: Улаанбаатар хот ойрын хоёр жилд үерээс бүрэн хамгаалагдаж чадахгүй, эрсдэл өндөр байгаа
“Үерийн сургамж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр үерийн эрсдэлээс сэргийлэх, хамгаалах арга хэмжээний талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн, доктор Б.Аюурзанаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын бүх замыг аваад үзвэл 20-30 хувьд нь л борооны ус зайлуулах систем хийгдсэн байна. Бусад нь борооны ус зайлуулах системгүй.
Хотын төвийн замуудад ус зайлуулах систем зайлшгүй байх ёстой. Үүнээс гадна барилгын дээврээс эхлээд бүх талбайн усыг хуримтлуулж, зайлуулах систем ч алдагдаад байгаа.
Энэ зун үүссэн үерийн эрсдэлийг дахиад давтахгүй байх үүднээс хамгаалах байгууламжуудад шат дараатай хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулах шаардлагатай.
Дээрээс нь үерийн эрсдэлээс хамгаалах дэд бүтцийн бус аргууд буюу хууль эрх зүйн орчин, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах нь чухал. Гэхдээ ойрын хоёр жилд үерээс бүрэн хамгаалагдаж чадахгүй, эрсдэл өндөр байгааг байнга санаж, сэрэмжлэх хэрэгтэй” гэлээ.