АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр (2023.10.27) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон үүрэгт ажлаа эхлүүлж байгаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцэд ажлын өндөр амжилт хүслээ. Тэрбээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй Европ дахь гол түнш орны нэг хэмээгээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Энэ ойн хүрээнд өнгөрсөн хагас зуун жилийн харилцаагаа дүгнэж, дараагийн 50 жилд хоёр улсын дипломат харилцааны шинэ хуудсыг нээх түүхэн үед Элчин сайдаар томилогдон ажиллах гэж байгаад баяр хүргэлээ.
Монгол Улс ардчиллын замыг тууштай сонгож, байнгын ажиллагаатай парламенттай болсон 1990 оноос эхлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл эрчимтэй хөгжиж буйг онцлон тэмдэглээд, ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бататгахад хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал хэмээв. Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын хооронд улс төрийн яриа хэлэлцээ, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж хадгалагдаж ирсэн нь сайшаалтайг тодотгоод, өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Холбооны Канцлер О.Шольцтой хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, шат ахиулах саналыг зарчмын хувьд тохирсон бөгөөд энэ зорилтоо ирэх 2024 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын хүрээнд албажуулахаар тохирсон болохыг цохон тэмдэглэлээ.
Байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг Монгол Улсын Их Хурал ирэх оны төсвөө хэлэлцэж байгаа завгүй үедээ цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Хельмут Рудольф Кулитц талархал илэрхийллээ. Тэрбээр, манай хоёр улсын хувьд эртний түүхэн харилцаатай, парламент хоорондын хамтын ажиллагааны хувьд нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд адилхан парламентын засаглалтай орон тул миний бие парламентын ардчиллыг бүхий л түвшинд улам бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэв.
Талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа бизнес, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.