Ноос ноолуурын салбарын хүчин чадлыг бүрэн ашиглаж, боловсруулалтын түвшинг ахиулахыг чухалчлав
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл хийлээ.
УИХ-аас өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд баталсан “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх, техникийн зохицуулалтыг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөхөөр баталсан гэдгийг дэд сайд мэдээлэлдээ тодотгоод, гэсэн хэдий ч Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж, техникийн зохицуулалтыг ирэх оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Салбарын яамны хувьд энэ тогтоолыг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа гэв.
Мөн мэдээлэлд, Монгол Улсад 2022 оны байдлаар 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур (энэ нь 9257 тонн түүхий ноолуур) үйлдвэрлэж гаргах хүчин чадал суурилагдсан байсан бол техникийн зохицуулалт гаргаснаар 17 үйлдвэр 3510 тонн хялгас ялгах тоног төхөөрөмж нэмж суурилуулан, 1910 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг захиалсан байна. Ноолуурын техникийн зохицуулалт гарснаар шинээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 2023 оны байдлаар хялгас ялгах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 11,437 тонн (17595 тн түүхий ноолуур) болж нэмэгдсэн нь Монгол Улсаас бэлтгэгдэж байгаа 10000 тонн ноолууран түүхийн эдийг 100 хувь боловсруулах боломжтой гэж дурдсан байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Дэлхий ноолуурын салбарт 20 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг уг салбарын нийт ноолуурын 50 орчим хувийг Монгол Улс нийлүүлдэг. Гэтэл бид 80 хувийг нь угаагаад л экспортод гаргаж, 20 хувьд нь үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ноолуураа өөрсдөө самнаад экспортод гаргах, дараа дараагийн үйлдвэрлэлийн шат руу явах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, “Монголчууд дотооддоо ноолуур, ноос хоёроо ахиухан боловсруулж, хэрэгцээт зах зээлд нь гаргавал валютын урсгал нэмэгдэж, улмаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх боломжтой тул УИХ, холбогдох байнгын хороод анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн” гэдгийг тэмдэглээд цаашид салбарын хэмжээнд бий болсон хүчин чадлаа бүрэн ашиглах, боловсруулалтын түвшингээ ахиулсан хэлбэрийг төрийн бодлогоор тогтвортойгоор дэмжих нь чухал гэсэн саналыг хэлсэн юм.
Хуралдааны төгсгөлд байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын өнгөрсөн оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив.
Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ахалж, УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.