М.Амарсанаа: Ардчилсан нам “хөл сайтай” тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс амьтай гарлаа

0

Ховд аймгийн Ардчилсан намын дарга М.Амарсанаатай намынх нь үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Танай аймгийн намын хувьд гурван жил даргагүй явж, сая шинэ дарга удирдлагуудаа сонголоо. Яагаад энэ олон жил даргагүй явж ирэв. Төв намын зөрчилдөөн бас нөлөөлөв үү?

-2016 оны орон нутгийн сонгуульд ялагдсанаас болж сүүлийн гурван жил нийтээрээ маш идэвхгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг манай намын 1960-аад оныхны хоорондох эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн сүүлийн долоон жил үргэлжилсэн. Энэ зөрчилдөөний хар сүүдэр орон нутгийн буюу дунд шатны намын үйл ажиллагаан дээр буусан. Ерөөсөө өнгөрсөн долоон жилийн хугацаанд АН-ын ярьдаг зүйл нь тамга, тэмдэг. Нэг тамга, нэг гэрчилгээг бид сүүлийн долоон жил ярьсан. Үүнээс шалтгаалж намын бүх шатанд идэвхгүй үйл ажиллагаа, эв нэгдэлгүй байдал газар авах болсон. Үүнд эрх баригч намын нөлөөлөл ч хүчтэй байлаа. Дээрх шалтгаануудаас үүдэж сүүлийн гурван жил орон нутгийн намын үйл ажиллагаа үндсэндээ зогссон. Дарга ч үгүй, дээрээсээ нэгдсэн удирдлага бодлого ч үгүй намын үйл ажиллагаа ингэж аажмаар хөрдөг, хөлддөг юм билээ. Хэрэв манай намын хагарал, зөрчилдөөн энэ чигээрээ дахиад нэг жил болсон бол үндсэндээ АН гэж байхгүй болох байсан болов уу даа. Байлаа ч дахиад сэргэх гэж нэлээд их зүйлийг золиослох байсан. Ардчилсан нам “хөл сайтай” тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс амьтай гарлаа. Харин ч бид дэндүү оройтохоосоо өмнө цэгцэндээ орж чадлаа. Шинэ намын даргаа сонгож, бүх шатандаа удирдлагатай боллоо. Нэгдсэн нэг бодлоготой боллоо. Бүтцээ сайжрууллаа. Одоо үлдэж байгаа богино хугацаанд намын бүх шатны үйл ажиллагаа, гишүүдийн оролцоог идэвхжүүлэх бодлогыг хамгийн түрүүнд хийнэ. Бидний хувьд одоо хамгийн чухал нь эв нэгдэл.

-Танай аймгийн хувьд намын удирдлагуудаа ямар байдлаар сонгосон бэ. Сонгууль ямар зохион байгуулалтаар болж өнгөрөв?

-Аймгийн намын хорооны сонгууль болсон. Дараа нь намын даргыг сонгох сонгууль боллоо. Аймгийн намын хороо хуралдаж, энэхүү сонгуулийг зохион байгуулж явуулсан. Улмаар ахмад, идэр, залуу насны төлөөлөл болсон таван нэр дэвшигч өрсөлдөж, миний бие дөрвөн удаагийн санал хураалтаар аймгийн намын даргаар сонгогдсон.

-Гурван жилийн турш намын үйл ажиллагаа идэвхгүй байсан гэлээ. Тэгвэл одоо сонгууль хаяанд ирсэн энэ үед намынхаа үйл ажиллагаа яаж идэвхжүүлэх юм бэ. Цаг хугацааны хувьд боломжтой гэж харж байгаа юу?

-Цаг хугацааны хувьд бидэнд хангалттай боломж бий. Манай Ховд аймгийн Ардчилсан нам 10 мянган гишүүнтэй гэж явдаг. Эдгээр 10 мянган гишүүнийг идэвхжүүлэх ажлыг он дуустал хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ардчилсан нам сэргэлт авахдаа хурдан. Төв намаас дунд болон анхан шатны намын гишүүдийн идэвхийг сэргээх асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Тэр утгаараа Ардчилсан намын хувьд “хөлөө” бэхжүүлэх ажилд бүх нийтээрээ анхаарч байгаа. Хөл сайн бол бид хол явна, хурдтай, тогтвортой болно. Миний хувьд ч намын гишүүдийн идэвхийг сэргээх чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

-Сонгууль хаяанд ирлээ гэж байна. Гурван жил маргаантай явж, сая нэг даргатай болсон аймаг Ховд биш байх л даа. Бусад орон нутгийн намын дарга нар ч саяхан сонгогдлоо. Тэгэхээр том зургаараа АН-ын хувьд ирэх жилийн сонгуульд орон нутагт ялах, олонх болох боломж ямар байгаа вэ. Танай намын гишүүд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдэж. Тэрийг хэн хүнгүй сайн ойлгож байгаа. Гэхдээ энэ хугацааг бид богино гээд хаяж болохгүй. Ер нь ашиглаж чадаж байгаа улс төрийн хүчний хувьд энэ хугацаа хангалттай боломж. Өөрөөр хэлбэл үлдсэн хугацаанд манай нам дээрээ ч доороо ч эв нэгдэлтэй, нэгэн бодлого дороо зангидаж урагшилж чадвал бүх шатанд олонх болох боломж бүрэн бий. Тэр дундаа ховдчуудын хувьд ардчиллыг байнга дэмжиж ирсэн ард түмэн. Өнөөдөр хэт цөөнх буюу УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүний хоёр нь манай аймгаас сонгогдсон. Үүнээс харвал ховдчууд улс төрийн мэргэн сонголт хийдэг. Тиймээс хамгийн чухал нь бид нам, бүтцийнхээ хувьд нэгдмэл, идэвхтэй үйл ажиллагаатай байх нь чухал. Бид хоорондоо зөрчилдөөнтэй, бодлого үйл ажиллагаа нь тодорхой бус, идэвхгүй үйл ажиллагаа явуулсаар л байвал хэн бидний төлөө саналаа өгч, дэмжих вэ дээ. Тиймээс АН хурдан сэргэдэг нам. Хурдан учраа олж чаддаг. Хурдан шийдэл гаргадаг нам. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн АН-аас асар их зүйлийг хүлээж байна. Бид энэ итгэлийг нь алдахгүй. Миний хувьд сая орон нутгийнхаа зургаан сумын иргэдтэй уулзлаа. Уулзалт болгон дээр иргэдийн хэлж байгаа гол зүйл бол хулгай байна. МАН хулгайдаа мансуурлаа гэдгийг хэлж байна. Хулгайч хулгайчаа барьдаггүй гэдгийг ч хэлж байна. Тиймээс хулгайчийг барихын тулд хулгайг таслан зогсоохын тулд улс төрийн өөр нэгэн хүчин гарч ирээсэй гэсэн хүлээлт асар их байна. Ардчилсан намын хувьд иргэдийн хүсэн хүлээж байгаа тэрхүү хулгайг зогсоох, хулгайчдыг барих улс төрийн хүчин нь байж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Аймгийн Ардчилсан намын хувьд орон нутгаас сонгогдсон хоёр гишүүнтэйгээ нягт холбоотойгоор хамтран ажиллана.

-Шинэ намын даргын хувьд орон нутгийн эрх баригчтай бодлогын түвшинд яаж өрсөлдөх вэ. Сөрөг хүчний хувьд аймгийн удирдлагуудын үйл ажиллагаа зөв чигт явж байгаа гэж хардаг уу?

-Ардчилсан намын хувьд 2012-2016 онд ялалт авч, орон нутгаа засаглаж байсан. Тэр үед манай намаас Д.Цэвээнравдан аймгийн Засаг даргаар сонгогдож ажилласан. Үнэндээ ховдчуудын ихэнх нь хэлнэ. Ардчилсан нам засаг барих хугацаанд Ховд аймаг нүүрээ угаасан хүүхэд шиг л өөрчлөгдсөн. Манай баг хамт олон тэр үед ховдчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулж чадсан. Ховдыг Монгол Улсын тэргүүний аймаг болгож чадсан. Үнэндээ нүдэнд харагдах, гарт баригдах бодитой олон зүйлийг 2012-2016 онд Ардчилсан нам хийж чадсан. Тэр цагаас хойш Ховд аймагт хийгдсэн ямар ажил байна вэ. Үзье гээд харагдахгүй, харуулъя гээд үзүүлэх зүйлгүй л байгаа нь үнэн. Шат шатандаа бодлого ярьсан хүмүүс. Хийж байгаа зүйл нэг ширхэг ч алга. Ардчилсан нам хийснээ ярьдаг. Ярьсанаа хийдэг. Гэтэл өнөөгийн эрх баригчид хийх гэж байгаагаа л ярихаас яг бодитой тийм ажил хийчихлээ шүү гэж огт ярьж үзээгүй. Үүнийг захын хүнээс асуухад л танд шууд хэлнэ л дээ.

Улс даяараа бид өрийн дарамттай байна. Манай аймгийн бараг бүх хүн л өрийн дарамтад байна. Хувийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахад туйлын хэцүү болсон. Хийх ажлыг нь төрийн компаниуд булаалцалдаад авчихдаг болсон. Авчхаад хийсэн зүйлгүй, хамаг санхүүжилтийг нь идэж уугаад дуусгадаг. Үүнээс болоод хувь хүний болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа сөхөрч байна. Өнөөдөр манай аймагт хувийн хэвшлийн барьсан барилга гэж алга. Хувийн хэвшлийн хэрэгжүүлсэн төсөл бүтээн байгуулалт гэж байхгүй байна. Учир нь хувийн хэвшлээ зах зээлээс түлхэх бодлогыг өнөөгийн эрх баригчид хүчтэй явуулж байна.

-Ардчилсан намын дунд шатны намын дарга нар оролцсон зөвлөгөөн нийслэлд болж өнгөрсөн. Энэхүү зөвлөгөөнөөр юу яригдав. Мэдээж сонгууль ойртсон учраас бэлтгэл ажлуудаа хангах чиглэл намын даргаас өгсөн байх…?

-Аймгийн болоод дүүргийн намын дарга нарыг дуудаж, уузалт зөвлөгөөнийг хоёр өдөр хийсэн. Уулзалтаар намын дарга Л.Гантөмөр дунд шатны дарга нарт намын эв нэгдлийг хангаж ажиллахыг захисан. Бидний хувьд өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа зүйл бол эв нэгдэл. Хоёрдугаарт, аймаг, дүүргийн намын гишүүдийн идэвхийг сэргээх чиглэлээр тодорхой саналуудыг хэлсэн. Гуравдугаарт, бид намын бодлого зорилтуудтай холбоотойгоор нэгнийхээ саналыг сонсоцгоосон. Яг одоо УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Түүхэндээ байгаагүй хамгийн өндөр дүнтэй төсвийг хэлэлцэн батлах гэж байгаа. Эрх баригчдын хувьд 27 их наядын төсвөөс хоёр их наядыг сонгууль угтсан халамжид зарцуулахаар оруулж ирсэн байна лээ. Төсвийн алдагдал асар өндөр байгааг ч бид ярьсан. Мөн гурван жил идэвхгүй байсан намын үйл ажиллагаанд ямар хүндрэл бэрхшээл бий болж байгаа талаар саналуудаа солилцсон.

-Улс төрийн хүрээнийхэн Ардчилсан намыг хөл сайтай нам гэж үздэг. Тэр ч утгаараа орон нутагт ялалт авах нь элбэг шүү дээ. Та түрүү нь хэлсэн. Хөл сайтай тулдаа нам амьд гарсан гэж…?

-Ардчилсан нам бол үнэхээр хөл сайтай. Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Орон нутагт энэ хоёр нам л дээр доороо орж явна. Гуравдагч улс төрийн хүчин орон нутагт ялалт байгуулна гэдэг ойрын жилүүдэд боломжгүй. Яагаад гэвэл намын гишүүнчлэл, намын үүр гэж байдаггүй. Орон нутгийн иргэд АН, МАН гэсэн хоёр намд л хуваагдчихсан байдаг. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам хөл сайтай ч бид хөлөө улам бэхжүүлэх шаардлагатай. Хөлөө идэвхтэй хөдөлгөж байж намын гишүүнчлэлээ нэмэгдүүлнэ. Гишүүдийнхээ идэвхийг сэргээнэ. Тиймээс толгой гэхээс илүү хөлөө бодох цаг үе ирсэн. Дунд, анхан шатны намын гишүүдийн хувьд үнэхээр хүнд үеийг туулж байгаа. Гэхдээ энэ хүмүүс хэзээ ч итгэлээ алдаж байгаагүй. Тиймээс л манай нам хөл сайтай байдаг байх.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *