Г.Баярсайхан: Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд шуурдаг ч хүүхдээ хамгаалах боломж өгөхөөр хойрго байна
Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар явуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсгол”-ын тайлан, сонсгол явуулсан талаарх санал дүгнэлтийг танилцууллаа.
Танилцуулгатай холбоотойгоор гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Сонсгол хийгээд цаашид ямар үр дүн гарах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Хүүхэд хамгааллын төсвийг бараг хоёр дахин нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөг болж байна. Үүгээр юу хийх гэж байна вэ. Салбар хоорондын уялдаа сайжрах юм уу гээд үр дүнтэй ажил хийх хэрэгтэй байна. Хурал цуглаан, сонсгол хийгээд орхичих юм бол энэ асуудал бахь байдгаараа л байна. e-kids гээд апликейшныг эцэг эхчүүд тэр бүр мэдэхгүй байна. Ийм сайн технологийн шийдлийг Монгол Улсын Засгийн газар хийгээд байхад эцэг эхчүүд, монголчууд мэдээгүй байна. Тиймээс салбарын сайд нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд эцэг эхчүүдэд энэ апликейшныг татаж авч хүүхдүүддээ анхаарал тавихад уриалах хэрэгтэй байна. Асуудал гарахаар шуугьдаг, бусад үед анхаардаггүй байж болохгүй. Хүүхдийн амь нас эрстэхээр сошиалд нийгмээрээ шуурдаг, өөрсдөд нь хамгаалах боломж өгөхөөр хойрго хандаж байна. Орон нутгийн хамтарсан багт хэдэн төгрөг хуваарилахыг тодорхой болгох хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яам хүүхэд хамгааллын чиглэлээр ямар бодлого барьж ажиллахаа гаргахгүй бол өсвөр насны хүүхдийн үр хөндөлт, бэлгийн хүчирхийлэл том асуудал болж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хүүхдийн эрхийг хамгаалах нээлттэй сонсгол ажил хэрэгч, үр дүнтэй болсон. Одоо хүүхдийн эрхийг хамгаалах хууль мөн орж ирэхээр байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад камержуулалтын асуудал чухал байна. Төсөв тавьдаг ч тэр нь хэрэгжихгүй байгааг цагдаагийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Камер байхгүй, эвдэрсэн. Засах, нэмэх гэхээр төсөв байхгүй. Тэгвэл үүнийг бид Чингэлтэй дүүрэгт шийдсэн. Камержуулалтыг нэмэгдүүлж гэмт хэрэг гаралт буурсан гэдгийг цагдаагийн байгууллага хэлж байна. Хүүхэд хамгааллыг цогцоор шийдье гэвэл 11 тэрбум шаардлагатай гэсэн үнэлгээ гарсан, одоо 14.3 тэрбум болж байна. Үүгээр яг юу хийх юм уялдаа холбоог хэрхэн хангахыг зайлшгүй харах хэрэгтэй байна.