Ж.Ариунаа: Толгой нь маш хүчтэй өвдөж, улмаар харвах явдал залуусын дунд их байна
Монгол Улс дахь тархины харвалтын өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар эрүүл мэндийн салбарын төлөөллүүд “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ам муруйх, гар сулрах, хэл яриа өөрчлөгдөх, хараа бүрэлзэх, тэнцвэр алдагдах шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103 тусгай дугаарт дуудлага өгч, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй.
Монгол Улсын хүн ам тархины харвалтаар дэлхийд гуравдугаар байранд орж байна. Харвалт, хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаар өндөр хувьтай байгаа энэ асуудалд анхаарах шаардлагатайг тэд хэлж байлаа.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “Толгой нь маш их хүчтэй өвдөж, улмаар харвах явдал залуусын дунд их байна.
Толгой их өвдөх, ухаан алдах шинж илэрвэл гуравдугаар шатлалын нарийн тусламж хэрэгтэй. Энэ тохиолдолд Улсын Гуравдугаар эмнэлэг, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын Хоёрдугаар эмнэлэгт нарийвчилсан шинжилгээ хийгээд эмчилгээний дараагийн шатны мэс засал болон нарийн эмчилгээний аргуудыг хэрэглэж байна” гэв.
“Монгол Улс тархины харвалтаар дэлхийд эхний гуравт бичигдэж байна”
“Монголын харвалт судлалын нийгэмлэг”-ийн тэргүүн Р.Амарбаясгалан “Дэлхийн харвалтын байгууллагын мэдээгээр сүүлийн жилд 12 сая хүн шинээр харвалтад өртжээ. Харвасан өвчтөнүүдийн 50-аас дээш хувь нь нас бардаг. Өнгөрсөн хугацаанд харвалтын улмаас дэлхий дээр зургаан сая хүн ам нас барсан байна.
Түүнчлэн харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон 100 гаруй сая хүн байна. Монгол Улс тархины харвалтаар дэлхийд эхний гуравт бичигдэж байна.
Манай улсын хүн амын өвчлөлөөс харахад 10 жилийн өмнө ид хөдөлмөрийн насны залуусын 12.6 хувь харвалт өгч байжээ. Энэ үзүүлэлт одоо 18.6 болж өссөн бөгөөд харвалт улам залуужиж байна.
Дэлхийн харвалтын байгууллагаас дараах таван эрсдэлт хүчин зүйлд анхаарахыг зөвлөдөг. Энэхүү таван эрсдэлт хүчин зүйл та биднээс өөрсдөөс маань хамаарах асуудал.
Тодруулбал:
- Буруу хооллолт нөлөөлж байна.
- Монголын ард түмэнд цусны даралт ихсэх өвчин түгээмэл байдаг. Цусны даралтаа хянадаггүй, эмээ тогтмол уудаггүйгээс судас хагарсан харвалтад хүрч байна. Судас хагарсан харвалтын үхэл маш өндөр байдаг. Үүнд залуус их өртдөг. Тахир дутуу болох магадлал ч өндөр учир цусны даралтаа хянах нь чухал.
- Жингийн илүүдэлтэй хүмүүс анхаарах шаардлагатай.
- Хөдөлгөөний дутагдал
- Стрессийн асуудал зэрэг нь харвалтад хүргэж байгаа шалтгааны 90 хувийг эзэлдэг.
Дээр дурдсан таван шалтгааныг засаж чадвал эрүүл амьдрах боломжтой” гэлээ.
“Харвалт өгснөөр хөдөлмөрийн чадвараа алдаж, бусад хүний тусламжгүйгээр өндийж ч чадахгүй болдог”
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвийн дарга, зөвлөх эмч Л.Энхсайхан “Аль болох бага залуу наснаасаа эхлээд илүүдэл жингүй, хорт зуршилгүй байх нь харвалтын эрсдэлээс сэргийлж чадна. Ядаж л тамхинаас хол байх хэрэгтэй.
Тамирчин шиг биш юмаа гэхэд өөртөө таарсан дасгал хөдөлгөөнийг хийдэг байх нь чухал. Түүнчлэн цусны даралтаа хянадаг болох хэрэгтэй байна. Харвалтын 50 орчим хувь нь цусны даралт ихэссэнээс үүдэлтэй байна.
Цусны даралтаа хянаад, эмчлүүлээд явбал харвалтыг тодорхой хувиар бууруулах боломжтой.
Харвалт өгснөөр тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдагдана. Эхний зургаан сараас нэг жилд бусад хүний туслалцаагүйгээр явахад төвөгтэй, ариун цэврийн өрөө орохдоо ч хүнтэй, өндийж суухдаа ч хүний туслалцаа шаардагдана.
Хувь хүн, гэр бүл, эдийн засагт маш их хор хохиролтой. Тийм учраас харвалтад өртөхгүй байх нь л бидэнд нэн чухал хэрэгтэй юм” гэдгийг ярилаа.
Хаана эмчлүүлэх боломжтой вэ?
Мянганы сорилтын сангийн тусламжаар олон улсын стандартад нийцсэн харвалтын тасаг Улсын Гуравдугаар эмнэлэг болон Нэгдүгээр төв эмнэлэгт байгуулагдсан байна. Мөн бусад томоохон эмнэлэгт ч энэ төрлийн тасаг нэмэлтээр байгуулагдаж байна.
“Хараа нь бүрэлзэж, хөл гар нь суларч, тэнцвэрээ алдаж, хэл яриа нь өөрчлөгдөж байвал анхаарах шаардлагатай”
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасгийн зөвлөх эмч Ж.Ариунаа “Дэлхий дахинаа гол асуудал болж байгаа судас бөглөрөх харвалтын үед эхний 3-4 цаг дотор судас бөглөөд байгаа бүлэнг хайлуулах, уусгах эмчилгээг хийж чадвал хөл гарын мэдээ алдах, тахир дутуу болох эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Харвалтын шинж тэмдгээ мэдэж, цаг алдалгүй эмчлүүлэх нь хамгийн чухал. Ялангуяа харааны өөрчлөлт өгч, хөл гар нь суларч, тэнцвэрээ алдаж, хэл яриа нь өөрчлөгдөж байвал анхаарах шаардлагатай. Энэ шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хандах нь хамгийн чухал.
Монгол хүн амын дунд цусны даралт ихсэх өвчин хөгшин, залуугүй өндөр хувьтай байна. Эмнэлэгт үзүүлж, эмчлэхгүй байгаагаас үүдэн цус харвалтад өртдөг. Өөрөөр хэлбэл судас хагарснаас болоод цус харвах асуудал гардаг” гэлээ.
Цус харвалтын үед дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
- Ухаан алдах
- Гар, хөл саажих
- Таталт өгөх зэрэг хүнд явцтай.
Дээрх шинж тэмдэг илэрвэл хамгийн ойр эмнэлэгт хандах нь чухал. Анхны тусламжийг хурдан авах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө.