Эрүүгийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа “Н” албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс хууль бусаар мөнгө авсан гэх;
- Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
- Баянгол дүүргийн …-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
- Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “А” нь бусдаас хахууль авсан гэх;
- “С” нь Өвөрхангай аймгийн “Хархорин АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт хууль бус давуу байдал бий болгон төрийн өмчит хувьцаат компанид хохирол учруулсан гэх;
- Иргэн “О” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх;
- Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” нь орон нутгийн өмчид их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.