Монгол хүний гэдэснээс шинжлэх ухааны нээлт болохуйц шинэ АШИГТАЙ БАКТЕР-ийг илрүүлжээ. Тэдгээр нь цагаан идээг шингээхэд тусалдаг

0

Өмнө нь шинжлэх ухаанд тодорхойлогдож байгаагүй шинэ төрлийн ашигтай бактерийг монгол хүний гэдэснээс илрүүлжээ. 

Ялангуяа сүү, цагаан идээг өдөр тутамдаа, өргөн хэрэглэдэг малчдын гэдсэн дэх ашигтай бактерийн хэмжээ хотын оршин суугчдаас илүү их байсныг судлаачид онцолж байлаа. 

Монголчуудын цагаан идээний хэрэглээг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид хамтран таван жилийн хугацаанд судлахад Хөвсгөл, Булганы иргэдээс ашигтай бактерийн хэмжээ хамгийн их тодорхойлогджээ. Тодруулбал Булган аймгийн малчдын гэдсэн дэх бичил биетэн (ашигтай бактери) нь дэлхийн аль ч орны хүн амд байхгүй их хэмжээтэй байсныг тодотгов. 

Цагаан идээ боловсруулахын тулд хүний нарийн гэдэснээс лактоз буюу сүүний сахарыг нь задлах фермент ялгарах ёстой. Эхээс дөнгөж төрсөн нярай хүүхдийн лактаза ферментийн ялгарал маш сайн байдаг. Аажимдаа хөхнөөс гарахтай зэрэгцэн лактазагийн ялгарал багассаар насанд хүрэх үед ялгарахаа больдог гэж үздэг. 

Гэвч хүн болгонд харилцан адилгүй бөгөөд Европ, Хойд Африкийн ард түмэнд сүү боловсруулах чадвар насанд хүрсэн хойно ч хадгалагдан үлдсэн байдаг. Харин монголчуудад энэ чадвар сул. Өөрөөр хэлбэл монголчуудын бие организм сүүний чихэр задалж чаддаггүй. Тэгвэл хэдэн мянган жилийн туршид хэрэглэж ирсэн сүү, цагаан идээг бидний бие хэрхэн шингээж, яаж зохицуулж байна вэ? … 

Үүнд бичил биетэн, ашигтай бактериуд тусалдаг болохыг эрдэмтэд олж, тогтоожээ. 

“Нарийн гэдэснээс ялгарах лактаза ферментийн ажлыг ашигтай бактериуд бидэнд хийж өгч байна. 

Тэр дундаа урьд өмнө нь шинжлэх ухаанд тодорхойлогдож байгаагүй шинэ төрлийн ашигтай бактериудыг монгол хүний гэдэснээс илрүүлсэн. Энэхүү ашигтай бактерийн тэжээгч нь цагаан идээ” гэдгийг Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Антропологи, археологийн тэнхимийн биологийн антропологийн профессор М.Эрдэнэ хэлж байлаа. 

“Цагаан идээний соёл” төслийн хүрээнд

  • Харвардын их сургууль
  • Швейцарийн Фрайбургийн их сургууль
  • Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэн
  • Сөүлийн үндэсний их сургууль
  • Кембрижийн их сургууль
  • Арканзасийн их сургууль
  • Мичиганы их сургууль
  • Йоркийн их сургууль
  • Боулдер дахь Колорадогийн их сургуулийн судлаач, эрдэмтэд болон Монголын талаас АШУҮИС, ШУТИС, МУИС-ийн судлаач, багш нар хамтран монголчуудын цагаан идээний хэрэглээг таван жилийн хугацаанд судалж, сонирхолтой үр дүнг гаргажээ. 

“Эрт үед амьдарч байсан хүмүүсийн дэлгэрэнгүй мэдээлэл шүдний өнгөрт нь хадгалагдан үлдсэн байдаг”

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монголчуудын уламжлалт цагаан идээ ба ашигтай бактери”-ийн талаарх судалгааны дүгнэлтийн хүрээнд МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн биологийн антропологийн профессор М.Эрдэнэтэй үргэлжлүүлэн ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 



-Сүү, цагаан идээний хэрэглээг хүний гэдэсний микробиомтой холбон судалсан судалгааны ажлын үр дүнг танилцуулна уу. Энэхүү судалгааны явцад шинэ төрлийн ашигтай бактерийг олж тогтоосон гэсэн үү? 

-“Цагаан идээний соёл” төсөл таван жилийн хугацаанд үргэлжилж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүх талаас нь судлахыг зорилоо. Тухайлбал Монгол дахь цагаан идээний хөгжил, мал аж ахуйн үүсэл, хүн амын сүүний хэрэглээ, цагаан идээ боловсруулах арга технологи гэх мэтчилэн нарийвчлан судалсан.

Үүний зэрэгцээ монголчуудын бие махбод уламжлалт цагаан идээнд хэрхэн дасан зохицож, хөгжсөнийг тодруулан авч үзсэн. Судалгааны ажил энэ хүрээд зогсох биш, цааш үргэлжлүүлэхүйц шинэ шинэ асуултууд ч гарч ирлээ. 

Олон улсын хамтарсан багийн гишүүд маань биологийн антропологи, археологи, биомолекул, шим судлал, микробиологи, удам зүй зэрэг олон янзын судалгааг хийж гүйцэтгэлээ. 

Энэхүү том төслийн хүрээнд Монголын эртний хүн амын цагаан идээний хэрэглээ, Монгол нутаг дахь мал аж ахуйн гарал үүслийг МУИС-ийн антропологи, археологийн тэнхимийн баг хариуцаж хийсэн юм.

Ингэхдээ Монгол нутгаас археологийн малтлагаар олдсон эртний хүмүүсийн яс болон шүднээс дээж авч судаллаа. Өөрөөр хэлбэл эртний хүмүүсийн шүдний чулуужсан өнгөрөөс дээж авч цагаан идээний судалгааг үргэлжлүүлсэн гэсэн үг. Шүдний чулуужсан өнгөр нь тухайн хүний амьдралын түүхийг хадгалсан архив гэж ойлгож болно. Эрт үед амьдарч байсан хүний дэлгэрэнгүй мэдээлэл тэнд л хадгалагдаж байдаг.

-Археологийн малтлагаар олдсон эртний хүний шүдний чулуу судалгааны гол материал болсон байх нь ээ. Тэрхүү архивтай танилцахад ямар сонирхолтой баримт ажиглагдсан бэ? 

-Хүний идэж, ууж буй хоол хүнснийх нь бичил үлдэгдэл шүдэнд нь хэсэг хэсгээр наалдаж, яваандаа хатуу өнгөр буюу бидний нэрлэдгээр шүдний чулуу болж тогтдог. 

Шүдний чулуунд түүнээс гадна амны хөндийгөөс гуужсан эд эсийн үлдэгдэл, тэр хүний тусч байсан зарим өвчин үүсгэгч бактери хүртэл хадгалагдсан байдаг. 

Шүдний хатуурсан чулуунаас дээж авч, лабораторийн нөхцөлд тусгай уусмалд уусган дотор нь агуулагдаж байгаа янз янзын бодисуудыг тодорхойлж болдог бөгөөд тус тусдаа ялгараад ирнэ. Тэдгээр ялгарсан бодисоос бид зөвхөн сүүний уургуудыг нь ялгаж судалгаанд ашигласан. Эдгээр уураг нь ямар малын сүүнийх, ямар төрлийн цагаан идээнийх болохыг тус тусад нь тодорхойлж үзсэн.

Сүү, шар сүү, ээдмийн уураг, аарц, тараг, ааруул зэргээр уургууд нь тусдаа ялгарч, тодорхойлогдож болдог.

Манай судалгаагаар хамгийн эртний сүүний уургийн олдвор 5,000 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүний шүдний чулуунаас олдсон.

-Бусад өндөр хөгжилтэй орны хүмүүст байдаггүй ашигтай бактерийг монгол хүнээс илрүүлсэн гэх мэдээлэл байсан. Энэ нь сүү, цагаан идээ хэрэглэдэгтэй нь холбоотой байсан уу, үүнийг дэлгэрэнгүй ярина уу? 

-Хоол хүнс боловсруулахад шаардлагатай олон янзын бактери хүний биед бий. Жишээ нь сүү боловсруулахын тулд хүний нарийн гэдэснээс лактаза фермент ялгарах ёстой. Энэ фермент нь сүүний чихрийг задалдаг. Гэвч монголчуудын бие организм сүүний чихэр задалж чаддаггүй. Монголчууд сүүг шингээж, боловсруулж чаддаггүй юм бол яаж 5,000 жилийн турш цагаан идээгээ хэрэглэсэн байх вэ? гэх сонирхолтой асуулт үүсэж байгаа биз. 

Энэ эргэлзээг таньж мэдэхийн тулд бичил биетэн, бактери туслаад байна уу, үгүй юу? гэх таамаглал гарч ирсэн. Улмаар хоол хүнсийг боловсруулахад тусалдаг ашигтай бактериудын судалгааг хийж эхэлсэн.

“Монголчууд ашигтай бактериудын тусламжтайгаар сүү, цагаан идээгээ шингээж боловсруулдаг” 

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Ашигтай бактери гэж юу вэ. Энэ нь хүний биед ямар нөлөөтэй вэ? 

-Байгаль дээр маш олон янзын хэдэн их наядаар тоологдох бичил биетүүд бий. Бидний эргэн тойрон болон бидний биед оршин байдаг олон янзын бичил биетийн нэг төрөл нь гэдэсний микробиом юм. Тэд ч мөн хэдэн зуу, мянгаар оршдог. 

Гэдэсний микробиом нь хоол боловсруулалтыг дэмжих, дархлааны тогтолцоог зохицуулах, аминдэм нийлэгжүүлэх, тэр бүү хэл сэтгэл санаанд ч нөлөөлөх зэргээр хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай үүргийг гүйцэтгэж байдаг. Гэдэсний микробиом нь хүний биологийн чухал хэсэг бөгөөд тэдэнгүйгээр бид амьд оршин тогтнох боломжгүй юм.

Зарим бактери гэдэсний хямрал үүсгэх, хатгаа өвчинд нөлөөлөх зэргээр өвчний эх үүсвэр болдог. Харин эсрэгээрээ зарим бактери хүнд тус болдог. 

Жишээ нь хоол шингээхэд тусалдаг бактериуд эсвэл амны хөндийд орж ирсэн элдэв өвчин үүсгэгчийн эсрэг тэмцдэг бактериуд зэргийг дурдаж болно. Тэр байтугай бидний арьсан дээр оршиж бидэнтэй хамт амьдардаг ашигтай бактериуд хүртэл бий.  Бидний арьс тэр чигээрээ микробиом шүү дээ.

Олон зуу, мянган жил бактериуд нь хүнтэй хамт оршин тогтносон учраас бие биедээ тусалж, дэмжиж амьдарч байгаа гэж ойлгож болно. 

Жишээлбэл арьсны тослогийг хадгалах, амны хөндийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, гэдсэнд хоол боловсруулах зэргээр дотор тэнцвэртэй орчныг бий болгоход зарим бактери бидэнд тусалдаг. Үүнийг ашигтай бактери гэж хэлээд байгаа юм. 

Орчин цагт хүмүүс ариун цэвэр сахина гээд л хэтэрхий их угааж, цэвэрлэж, ариутгаж байна. Үүнээс болоод микробиомын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. 

Уламжлалт хоол хүнсний хэрэглээ багасаж, хэт ариун орчинд бэлдсэн хоол хүнсийг сонгож байна. Үүнээс үүдэн бидний биед байх ёстой ашигтай бактерийн бүрэлдэхүүн, нэр төрөл нь багасаж, тоо хэмжээ нь буурснаар гэдэс дотор хоолоо шингээж чадахгүй, амны хөндийд тохиромжтой орчин нь бүрэлдэхгүй, эсвэл арьс хатаж, хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч байна. 

Тиймээс ч тодорхой хэмжээнд биеийнхээ микробиомыг барьж, хадгалах ёстой.

Орон орны хүмүүс өөр өөрсдийн уламжлалаараа ашигтай бактериа дамжуулж авч байна. Жишээ нь солонгосчууд кимчиний хэрэглээнээс ашигтай бактериа нөхдөг. Харин монголчуудын хувьд ашигтай бактериудын тусламжтайгаар сүү, цагаан идээгээ шингээж боловсруулдаг.

Ашигтай бактерийн тусламжтайгаар хоол хүнсээ боловсруулж, хийдэг уламжлал олон ард түмэнд бий.

-Монголчуудын хувьд ашигтай бактериа авах үндсэн эх сурвалж нь сүү, цагаан идээ байх нь ээ? 

-Тийм ээ. Эдгээр ашигтай бактери хаанаас үүдэлтэй, монгол хүний хоол боловсруулах системд хэрхэн нөлөөлж, оролцож байна вэ гэдгийг судалсан. 

Хангай, говь, хот газрын хүмүүсийн идэж, ууж буй хоол хүнс харилцан адилгүй. Үүнээс хамааран тэдний бие дэх ашигтай бактериуд ч ялгаатай байлаа. Өөрөөр хэлбэл хангай газрын сүү, ээдэм, шар сүү, аарцанд агуулагддаг бактериуд нь говийн цагаан идээнд агуулагддагаас өөр. 

Тиймээс ч хангай газар амьдардаг хүмүүс нэг төрлийн бактериудтай, говийн иргэд арай ялгаатай бактериудтай байсан.

Харин хотын оршин суугчдын хувьд бага хэмжээний бактеритай байсан. Энэ нь сүү, цагаан идээ бага хэрэглэдэгтэй нь холбоотой юм байна. Үүнийгээ дагаад гэдсэн дэх микробиом буюу бичил биетний бүрэлдэхүүн нь харьцангуй ядуу, ядмагхан байсан. 

“Сүү, шар тос зэрэгт Омега-3 агуулагддаг учраас альцгеймер өвчинд өртөх эрсдэл бага”

-Монгол хүний гэдэс цагаан идээг боловсруулж, шингээх чадвар муу. Гэхдээ ашигтай бактериуд энэ боловсруулалтыг зохицуулж байдаг гэж ойлголоо. 

-Тийм ээ. Ашигтай бактеритай учраас насанд хүрсэн ч сүү, цагаан идээгээ хэрэглэхэд ямар нэгэн хүндрэл, асуудал үүсэхгүйгээр боловсруулж байна гэсэн үг. Нарийн гэдэснээс гарах ферментийн ажлыг ашигтай бактериуд гүйцэтгэж байна. 

Та ямар нэгэн гэдэсний хямрал үүсэхгүйгээр цагаан идээг шингээдэг байлаа гэж бодъё. Гэхдээ танаас төрсөн хүүхэд мөн ийм байна гэж ойлгож болохгүй.

Яагаад гэвэл нөгөө л сүү шингээж чадахгүй гентэй төрж байна шүү дээ. Гэхдээ тэр хүүхдэд гурав, дөрвөн наснаас нь эхлээд тараг, ааруул идүүлээд байвал ашигтай бактери биед нь ороод суурьшина гэсэн үг. 

Хэрэв тэр хүүхдэд цагаан идээ өгөхгүй бол гэдсэн дэх ашигтай бактерийн бүрэлдэхүүн нь нэр төрөл цөөтэй ядуухан, ядмагхан байна.

Ашигтай бактерийг удамшаад авч байгаа хэрэг биш. Амьдралын хэв маягаасаа, цагаан идээнээсээ авч байгаа гэж ойлгох нь зүйтэй болов уу. 

Цагаан идээ хэрэглэснээр ашигтай бактериа тэжээнэ, кальцын эх үүсвэр авчихна. Түүнээс гадна сүү, шар тос зэрэг цагаан идээнд Омега-3 агуулагддаг. 

-Манай малын гаралтай бүтээгдэхүүнд Омега-3 агуулагддаг учраас монголчууд альцгеймер өвчлөлөөс урьдчилан сэргийлэгдэх боломжтой гэж ойлгох уу? 

-Тийм ээ. Альцгеймер өвчинд өртөх эрсдэл багасна л гэсэн үг. 

-Хот, хөдөөгийн иргэдийн ашигтай бактерийн хэмжээ хэр зөрүүтэй байсан бэ?

-Хөдөө орон нутаг, хот суурин газарт амьдардаг хүмүүсийн гэдэсний микробиомын бүтцийг харьцуулж үзэхэд ихээхэн ялгаа ажиглагдсан юм. Эдгээр ялгааны дийлэнх нь сүү цагаан идээний хэрэглээтэй холбоотой байсан.

  • Lactobacillus delbrueckii хэмээх тарагны бичил биетэн нь цагаан идээ боловсруулж хэрэглэдэг дэлхийн бусад хүн амын гэдэсний микробиомд агуулагддаг боловч Монголд, ялангуяа Хөвсгөл аймгийн малчдын дунд маш элбэг, их хэмжээгээр байдаг.
  • Labtobacillus helveticus хэмээх айраг, швейцар бяслагийн хөрөнгөний чухал ашигтай бичил биетэн Булган аймгийн малчдын гэдэсний микробиомонд маш өндөр хэмжээтэй байсан.

Сонирхуулж хэлэхэд Булган аймгийн малчдын гэдсэн дэх бичил биетэн (ашигтай бактери) дэлхийн аль ч орны хүн амд байхгүй их хэмжээтэй байгаа юм. 

Энэхүү судалгаанд Хөвсгөлийн Хатгал, Булганы Сайхан, Дундговийн Луус, Эрдэнэдалай сумд болон Улаанбаатар хотын иргэдийг хамруулсан. 

Хотын оршин суугчдын ашигтай бактери нэг хувь орчим байсан бөгөөд улаан өнгийг зааж байна. Харин Хөвсгөл, Булганыхан хамгийн их ашигтай бактеритай хүмүүс байгаа нь судалгааны үр дүнгээр гарсан. Тухайлбал Булган аймаг айргаараа алдартай байдаг нь цаанаа ийм учиртай байх нь. Гэтэл хөвсгөлийнхөнд айргийн helveticus гэх бактери огт олдоогүй. 

Дээр дурдсанчлан гэдэсний микробиом зохих түвшинд байснаар амин дэм нийлэгжүүлж, тэр бүү хэл сэтгэл санаанд ч нөлөөлдөг. 

Зураг дээр дарж томруулж харна уу. 

-Өдөр тутамдаа сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй ч одооноос ааруул, цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлбэл гэдсэнд ашигтай бактери бий болох боломжтой юу? 

-Бүрэн боломжтой. Бага багаар дасгаад цагаан идээгээ хэрэглээд байвал ашигтай бактери биед нь ороод ирнэ. 

“Айраг бүлж, тогоо нэрж, тараг бүрж байгаа монгол гэр ашигтай бактерийг үржүүлэх, оршин тогтнох нөхцөл нь болсон”

-Хэдийгээр нүдэнд харагдахгүй ч микробиомууд бидний амьдралд олон чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Эдгээр бактери нь хөхүүрийн айраг, тарагны хөрөнгөнөөс эх үүсвэртэй байж болно гэх судлаачдын дүгнэлт бий?

-Тийм ээ. Хөрөнгөнөөс эх үүсвэртэй. Сүү, цагаан идээг боловсруулахад ашигладаг хөрөнгө бол сүүний өвөрмөц микробиом гэж ойлгож болно. 

Малчин айл өрх бүр өөрийн гэсэн хөрөнгөтэй бөгөөд түүнийгээ арчлан хадгалж, сэргээн арвижуулж, нутаг орондоо түгээн тарааж үе дамжуулан өвлүүлдэг уламжлалтай. 

Та бүхэн анзаардаг бол айл айлын тараг өөрийн гэсэн амттай байдаг. Нэг айлын тараг исгэлэн байхад, нөгөө айлын тараг зууралдсан арай зөөлөн амттай байх жишээний. Энэ нь тухайн хөрөнгөнд байгаа бактериудтай шууд холбоотой. 

Тэгэхээр айраг, тарагны хөрөнгө нь тухайн цагаан идээний эх үндэс болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл ашигтай бактери нь цагаан идээний хөрөнгө юм байна. Монголчууд ашигтай бактерийг “хөрөнгө” гэж нэрлэж, уламжлалт нэр томьёо болгожээ.

Малчид маань өдөр тутамдаа исэг идээгээр дамжуулан маш өндөр идэвхжилтэй пробиотик бичил биетнүүдийг хэрэглэж байгаа нь сүүний сахарыг шингээж, лактоз үл тэвчлийн тавгүй шинж тэмдгүүдээс сэргийлэн сүүн бүтээгдэхүүнийг шингээж боловсруулахад тусалдаг юм.

-Бид монгол гэртээ айраг бүлж, тогоо нэрж, таргаа бүрж ирсэн ард түмэн. Тиймээс ч гэрийн даавуу, эсгий болгонд цагаан идээ шингэсэн байдаг. Ингэж ашигтай бактери бүрэлдэх орчин бий болж, соёл уламжлалаараа үүнийг бүтээсэн гэх мэдээлэл уншсан. 

-Яг зөв. Айраг бүлж, тогоо нэрж, тараг бүрж байгаа тэр айл бол ерөөсөө л ашигтай бактерийг үржүүлэх, ашигтай бактери оршин тогтнох нөхцөл нь болсон. 

-Хот, хөдөөгийн иргэдийн ашигтай бактерийн хэмжээ мэдэгдэхүйц ялгаатай юм байна. Хүүхдийнхээ дархлааг сайжруулахын тулд гадаа тоглуул, хэт цэвэр цэмцгэр орчинд битгий байлга, ааруул, цагаан идээ өгч өсгө гэдэг нь нарийн утгатай байх нь.

-Зөвхөн ашигтайг нь оруулаад байхгүй шүү дээ. Ашиггүй нь ч гэсэн ам, хамар, гар, хуруугаар зөндөө орж ирнэ. Энэ бүхний эсрэг хүний дархлааны эрхтэн ажиллаж эхэлнэ. Цөөн тооны ашиггүй бактери орж ирэхэд нь дархлааны эсүүд ажиллаад л, бие дотроо эсрэг бие үүсгэчихнэ.

Тиймээс ч хоёр дахь удаагаа нөгөө өвчин үүсгэгч бактеритай тулгарах үед тухайн хүүхдийн дархлааны эсүүд нь хэзээний бэлэн, биед нь эсрэг бие бий болчихсон байдаг. Хэрэв ашиггүй бактериуд ороод ирвэл шууд барьж аваад л ажиллана. Дархлаа суусан учраас бие нь өвдөхгүй. 

Ашигтай бактериар зогсохгүй цагаан идээний бусад ашиг тус арвин.


Үргэлжлэл бий… 

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *