Х.Ганхуяг: Хямд, байгальд хор хөнөөлгүй эрчим хүчийг сонгоно гэвэл бид шинэ үүцээ нээх ёстой

0

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг Их хурал хэлэлцэж байна. Энэ жилийнхээс таван их наядаар орлого нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Та төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

-Манай улс шинэ тогтолцоо бүрдүүлээд 33 жил өнгөрлөө. Энэ хугацаанд төсвийн гүйцэтгэлийн тайлан огт хэлэлцэж байгаагүй. Аж ахуй нэгжүүд хүртэл улирал тутамд тайлан гаргаад, бодлого нь оновчтой байна уу, үгүй юү гэдгээ хараад явчихдаг. Ингээд алдаатай бол төсвөө засаад, шинэчлээд явдаг шүү дээ.

Тиймээс манай улс төсвийн тодотгол болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцдэг байх хэрэгтэй байгаа юм. Жил бүрийн төсвийг УИХ хэлэлцээд батлаад явуулдаг. Түүнээс хойш юу болсоныг нь мэддэггүй. Дараа жил нь дахиад төсөв батлах болонгуут өмнөх жил ярьж байсан төслүүдийнх нь үнэ өсчихсөн, эсвэл хэрэгжиж эхлээгүй байдаг. Тиймээс л төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцвэл яагаад хэрэгжихгүй байгаа, юун дээр алдаад байгаа, хөгжлийнхөө зорилтын дагуу төсвөө явуулж чадаж байна уу гээд дүгнэлтээ хийж чадахгүй байна. Тэгэхээр цаашдаа энэ хоёр юмыг хийдэг болж байж төсвийн сахилга бат гэх юм уу, хөгжлийн зорилттойгоо холбогдуулаад төсвөө баталдаг болно. Төсөв дээр явж байгаа ихэнх хөрөнгө оруулалт магадлангаар үнийн дүнг нэмсэн байна.

-Ирэх жил зарлага маш их нэмэгдэнэ. Цалин, тэтгэврийн нэмэгдлээс эхлээд хэд хэдэн хуулийн хэрэгжилттэй холбоотой зарлага нэмэгдэж байгаа. Шаардлагагүй зардал байна уу?

-Энэ жил бид цалин, тэтгэвэр нэмсэн. Гэхдээ үүний нийгэмд өгсөн үр өгөөж болон инфляцад хэрхэн нөлөөлсөн, барааны үнэ хэрхэн өссөн гэдэг дүгнэлт хийхгүй байна. Өөрөөр хэлбэл, системтэй хандахгүй байна л гэсэн үг.

Талхны үнэ өссөн. Яагаад талхны үнэ нэмэгдэв гэтэл улаанбуудайн үнэ өссөн байна. Гэтэл зөвхөн манайд л улаанбуудайн үнэ өссөн. Дэлхий даяар улаанбуудай 240-250 ам.доллар байна. Харин манайх 310-320 ам.доллароор авч байна. Тэгсэн хэрнэ энэ салбар руу улс бүх шатны санхүүжилт өгдөг. Ингээд байхаар энэ салбарт өрсөлдөөнт зах зээл байхгүй, төсвөөр тэтгэгддэг зах зээл болсон байна. Тариаланчдын ихэнх нь улсаас газраа үнэгүй авсан байдаг. Тэгээд ТЭДС-аас эхлээд бүх шатны санхүүжилтээ улсаас авдаг, газрын төлбөр хүртэл хямдхан байдаг. Намар цэргийн сургууль, хөдөө аж ахуйн сургуулийн оюутнуудыг үнэгүй ажиллуулна, улсаас хямд түлш авна. Тэгсэн хэрнэ улаанбуудайн үнэ нь дэлхийн жишгээс өндөр байна. Энэ нь төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэхгүй байгаа болохоор бодлого оновчтой болж чадахгүй байгаагийн л илрэл. Тухайн үед нь гал унтраах байдлаар л асуудалд хандаад 30 гаруй жил явж ирлээ. Тоон мэдээллүүд дээр үндэслэн шийдвэр гаргаж явахгүй бол төсвөөр асар их хэмжээний санхүүжилт өгдөг нөгөө талдаа асар үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж аваад яваад байхаар төсвийн алдагдал хэд ч болж магадгүй.

-Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцдэг хуулийн төсөл өргөн бариад батлуулах эрх нь та бүхэнд байгаа шүү дээ. Хоёр сонгуулийн циклд үнэмлэхүй олонхоор төрийн эрх барьсан намын хувьд ийм зүйл ярих нь зөв үү?

-Бид саналаа хэлээд л явж байна. Төсвийн байнгын хорооны дарга дэмжиж байгаа. Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад явж байна. Дараагийн сонгуулийн цикл эхлэхээс өмнө цэгцлэх нь зөв.

Би өмнөх 33 жилийн алдаа, дутагдлыг л ярьж байгаа юм. Одоо бид төсөв гэж зөвхөн төлөвлөгөө л яриад байна. Манай улсад 25 сан байна. 7-8 их наяд төгрөгийг эдгээр санд тавьдаг. Төсөв хэлэлцэж байх үед зарцуулалт нь танилцуулагдахгүй, хэлэлцүүлэгдэхгүйгээр багцаар нь тавьдаг. Гэтэл бид тэр сан дээр төвлөрсөн мөнгө юу болсон, хэрэгжүүлсэн төслүүд нь сангийн зорилго байж чадсан уу, үгүй юү гэдгийг хэлэлцдэггүй. Одоо бол иргэд шуугихаар л сангийн үйл ажиллагааг хууль хяналтын байгууллага шалгаад гал унтраах байдлаар яваад байна. Гэтэл оны эцэст үр дүнг хэлэлцэж байх нь хамгийн зөв.

-Энэ жил алт олборлолт маш их буурсан. Шороон ордны нөөц дууссан. Үндсэн ордны нөөц байгаа ч улсын хамгаалалт, дархан цаазат газруудад байгаа гэсэн. Гэхдээ ирэх жил 40 тэрбум төгрөгөөр хайгуул хийхээр төсвийн төсөлд тусгасан байна?

-Манай шороон орд дууссан. Одоо олборлох боломжтой нь алтны үндсэн ордууд. Тэр нь хайгуул болон олборлолт, баяжуулалтын зардал нэлээд нэмэгддэг.

Нэг хэсэг лиценз олголт хаагдсан. Уурхайг үйлдвэр гэж ойлгож болно. Үйлдвэр хийхийн тулд судалгаагаа хийнэ. Зах зээлээ тооцоолж, ТЭЗҮ-ээ хийж, бизнес төлөвлөгөөгөө гаргана. Түүний дараа олборлолт хийдэг. Тэгтэл манайх хайгуул хийхийг хаачихсан байсан. Тэгэхээр яаж манай олборлолт нэмэгдэх вэ. 2015 онд Центаргийн төсөл орж ирэхэд Ноён уул гээд зогсоочихсон. Хэтэрхий популизмаар, хэвлэл мэдээллийн шуугианаар шийдвэр гаргаад явчихаар л үр дүн нь ийм болчихоод байгаа юм. Тийм мэдээллүүдийг улс төрд ашиг хонжоо хайж байгаа хүмүүс ашиглаад тайзан дээр гарч ирдэг. Тайзан дээр гарч ирээд л асуудлаа мартаж, дараа дараагийн эхлэх, хөгжих боломжтой төслүүдийг зогсоодог.

Инээдэмтэй боловч манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь зогсоочихсон. Ковидын үед жилд 6-10 компани л байгуулж байсан. Шалтгаан нь 100 мянган ам.долларын барьцаатай байх, түүнийгээ банкны дансандаа байршуулах, эх үүсвэрийг нь шалгах гэсэн шалгууртай. Гэтэл Монголд ирж чадахгүй хүмүүс яаж мөнгөө байршуулах вэ. Энгийн үеийн шаардлагыг ковидын үед ч тавьж байсан гэсэн үг. Онгоц ирэхгүй байхаар яаж хүн ирэх вэ. Тэгэхээр жилд зургаахан компани нээгддэг болсон байсан.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг бид зөвхөн мөнгө гэж хардаг. Том аж ахуйн нэгжүүд өрсөлдөгч гэж хардаг. Гэхдээ энд технологи, туршлага, ноухау явж байдаг. Монголын инженер гаднын инженер хоёрын ялгаа бол ажлын туршлага. 100 давхар байшин барья гэхэд манай инженерүүд төлөвлөлтийг нь ч хийж чадахгүй, барьж ч чадахгүй. Тоног төхөөрөмж, сургуулийг нь төгссөн хүн хүн байлаа гээд үйлдвэрлэлийн технологи хөгждөггүй. Энэ бол хийж заншсан ажлын туршлага дээр явдаг. Түүнийг бид гадаадын хөрөнгө оруулалттай хамт дуудахгүйгээр шинэ технологи, аж үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй.

Харвардын их сургуулийн 2012-2021 он хүртэл хийсэн судалгаагаар манай улс эдийн засаг өрсөлдөх чадвараар хоёр бүтээгдэхүүнээр буурсан байна. Ковидын үед бид юу хийх ёстой вэ гэдгээ маш сайн ойлголоо. Бид асар их овортой бүтээгдэхүүн буюу нүүрс, төмрийн хүдэр гэх юм уу уул уухайн бүтээгдэхүүн дээрээ анхаарал тавиад байна. Үүний хажуугаар овор багатай, үнэтэй бүтээгдэхүүн юу байж болох вэ үүнийг гаргах ёстой. Уран бол үүний нэг жишээ юм. Нэг кг уран 150 ам.доллар. Нэг тонн нь 150 мянган ам.доллар гэсэн үг. Нэг машин нүүрс гаргах уу, нэг контейнер уран гаргах уу гэдгийг бодох л хэрэгтэй.

quote photo

Гадаадын хөрөнгө оруулалтыг бид зөвхөн мөнгө гэж хардаг. Том аж ахуйн нэгжүүд өрсөлдөгч гэж хардаг. Гэхдээ энд технологи, туршлага, ноухау явж байдаг.

Х.Ганхуяг

-Дэлхийн улс орнууд агаарын бохирдол үүсгэж байгаа учраас нүүрснээс татгалзахаа илэрхийлж байна. Тиймээс манай улс газрын ховор элемент болон ураныг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж мэргэжилтнүүд ярьдаг. Та хувь гишүүнийхээ хувьд ураны төслийг дэмжиж байгаа юу?

-Цахим орчноор манай улсыг яаж л болж яаж тоглож, шуугиулж болдог. Төлбөрөө өгөөд нэг асуудлыг сенсацалж болдог. Сенсац явахаар улстөрчид нь шийдвэр гаргаж чадахаа байдаг. Тэгснээр манай маш олон төсөл гацсан, зогссон. Хамгийн энгийн жишээ бол төмөр замын төслүүд. 200-хан км төмөр замыг 1800 км-ээр тойруулаад барина гээд ард түмний тархийг угааж чадаж байгаа байхгүй юу. Энэ зөвхөн хэвлэл болон цахим орчны л хийсэн ажил. Хятад руу төмөр зам татвал манай бүх баялаг урсаад алга болно, тиймээс 1800 км тойруулаад төмөр зам тавина гэдэгт бүх хүн итгэчихсэн байсан үе бий.

Уран ялгаа байхгүй. Манайд ураны 10 гаруй төсөл хайгуул хийж олборлолтын шатандаа ирээд цуцлагдсан. 8-9 шатаар ураны эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Үүний эхний 3-4 шат нь ямар нэгэн хоргүй, аюулгүй. Түүнийг л манай улс олборлож, үйлдвэрлэх гээд байгаа юм. Гэтэл хоёр, гурван толгойтой ямааны зураг сошиалаар цацаад эхэлдэг. Ер нь энэ төслийг явуулахаас өөр аргагүй. Хамгийн эко энерги бол ус, уран хоёр болчихлоо. Нар, салхи бол тогтвортой энергийг бий болгож чаддаггүй. Тиймээс хямд, байгальд хор хөнөөлгүй эрчим хүчийг сонгоно гэвэл ийшээ явахаас өөр замгүй. Мөн экспортын бүтээгдэхүүнээ солонгоруулъя гэвэл шинэ төсөл эхлүүлэх хэрэгтэй байна.

-Ураныг гол нь иргэд эсэргүүцээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төслийг эхлүүлж чадах болов уу?

-Иргэд эсэргүүцээд байгааг та яаж мэдэж байгаа юм бэ. Тэр эсэргүүцээд байгаа хүмүүс нь Улаанбадрах сумын иргэд гэдгийг хэн мэдэх юм бэ. Ингэж л тоглолт хийгээд байгаа юм. Зарим уурхай дээр хотоос хүн аваачаад, дээл өмсгөөд, ярилцлага өгүүлээд зогсоочихдог нь худлаа биш шүү дээ.

-Хэрвээ ураны төслийг хэрэгжүүлж эхэлбэл бид эрчим хүчээ дотоодоосоо хангаж чадах уу?

-Тийм боломж харагдаж байна. Гэхдээ эхний ээлжид бид шууд цахилгаан станцтай болно гэхээс илүү экспортынхоо орлого талдаа анхаарч явна. Манайд ганц “Бадрах Инержи” ХХК бус үүнтэй ижил хэмжээний, ашиглахад бэлэн 10 гаруй төсөл бий. Тиймээс бид энэ үүцээ нээх ёстой. Энэ бүс нутагт, энэ салбарт ОХУ, Казахстан том тоглогч байна. Энэ хоёр улсын нөлөөллөөр манай төслүүдийг явуулахгүй, зогсоох оролдлого хийдэг юм болов уу гэж би хувьдаа харддаг.

-Хоёр улсын Засгийн газар эхний байдлаар хэд хэдэн зүйл дээр тохиролцсон. Энд байгаа зүйл заалт манайд ашигтай байж чадах уу?

-Уран олборлох технологи шинэ болчихсон. Эхний үед нээлттэй уурхай хийдэг байсан. Дараа нь гүний уурхайтай байсан. Одоо бол нефть олборлохтой ижил технологиор явдаг болсон. Хямд олборлох боломжтой болохоор бид маш сайн нөхцлийг авч чадсан. Гэхдээ энэ нь дараа дараагийн том төсөл хэрэгжүүлэхэд саад болж магадгүй. Яагаад гэхээр бид Оюу толгой дээр гаргасан алдаагаа энэ төсөл дээр засах гэж хичээж байгаа учраас маш сайн нөхцөл авч чадсан. Тиймээс дараа дараагийн төслүүд дээр ийм хатуу нөхцөл авна гэвэл асуудалтай.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *