Тойм: Ураны урьдач хууль хөдөлж, “Чайна Энержи”-гийн мессэжийг ЗГ намуудад ярьж, Ерөнхийлөгчийн хоригт УИХ бүдрэв
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
-Ц.Даваасүрэнгийн будилаан, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн хориг, Засгийн газрын бэлэн үг-
Хамгийн том үйл явдал нь 2025 оны төсөв дагаж өрнөсөн үйл явдлууд байлаа.
УИХ төсвөө арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн заалттай ч, бүтэн долоо хоногийн өмнө буюу 2024.11.08-нд баталсан. 2024.11.18-ны өдөр ёсчилж, баталснаасаа хойш 11 хоногийн дараа буюу 2024.11.19-ний өдрийн 09.27 цагт ЕТГ-т хүргүүлсэн. Ерөнхийлөгч ажлын тав хоногт хориг тавих хуулийн хугацаатай ч, хоёр хоногийн дараа тавив. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авлаа. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг тавьсанаас хойш ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан ч, хоёр хоногийн дараа шийдвэрлэв.
НЭГТ, Ц.Даваасүрэнгийн будилаан: Эхлээд тойргийн гишүүдэд тав таван тэрбум төгрөг суулгаж өгөх маргаан дэгдэж намжсан. Үүний автороор Ц.Даваасүрэнгээр ахлуулсан төсвийн ажлын хэсгийнхэн нэрлэгдсэн билээ.
Дараа нь УИХ 2024.11.08-нд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41-р тогтоолыг баталсан. Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж дагаж, мөрдөж эхлээгүй, 34.34.1 дэх хэсгийн шаардлага тохиолдол үүсээгүй байхад УИХ төсөвт тодотгол хийх тогтоол баталж байгаа нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон юм. Үүний автороор зарим гишүүд Ц.Даваасүрэнг нэрлэсэн.
Мөн УИХ-ын чуулганы индэр дээрээс Сайнзориг тэргүүтэй гишүүд хариуцлага нэхсэн юм. Мөн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаас огцруулахыг шаардаж байна. Удирдсаар байвал бид хуралд суухгүй” гэж мэдэгдсэн билээ.
ХОЁРТ, Ерөнхийлөгчийн хориг ба сонгуулийн бэлтгэл: Хоёрхон хоногийн дотор төсвийн хоригоо чамбай бэлдэж оруулж ирсэн хэмээн зарим гишүүдээр сайшаагдав. Мөн энэ удаагийн хориг Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд том оноо авч ирэх
Хамгийн гол нь төсвөө алдагдалгүй батлахыг Ерөнхийлөгчийн хоригтоо маш тодорхой хөндлөө. Мөн Ц.Даваасүрэн нарын оруулж ирээд УИХ-аар баталсан 41-р тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг сануулсан юм. Ямартай ч дахин хэлэлцэж байгаад Үндсэн хуулийн зөрчлөө арилгах, 1.9 их наядын алдагдлаа 2.1 их наядаар бууруулах зэрэг өөрчлөлтүүд орох хүлээлт үүсээд байна.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Үндсэн хуулийн цэцээр У.Хүрэлсүхийг дахин өрсөлдөх боломж үүсгэх хувилбар ирэх онд хамгийн ихээр яригдана. Эл үйл явдлуудын өрнөлийн цаана инститүц хоорондын үзэл санаа, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний шуурга төсвийн хоригоор илэрч буйг бас давхар анзаарч болно.
ГУРАВТ, С.Жавхлангийн “бэлдчихсэн” үг: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны дараа танилцуулсын Сангийн сайд Б.Жавхлан “Нийт 2.1 их наядаар төсвийн зарлагыг бууруулна” гэж зарласан.
Тэрбээр, “Хөрөнгө оруулалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх асуудлуудаа хойш урагш хөдөлгөөд, хэрхэн танах хувилбараа бэлдчихсэн гэдгээ” шууд мэдэгдсэн нь урьдчилан сайтар бэлдчихсэн үг байв.
Ямартай ч, УИХ Үндсэн хуулийн зөрчил дагуулсан хууль, тогтоол баталсан нь нотлогдож, хүлээн зөвшөөрлөө. Харин хэн хариуцлага хүлээх вэ гэдэг амуулт эзэнгүй үлдэх нь. Засгийн газар уу, УИХ уу, УИХ-аас гарсан ажлын хэсэг үү, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үү, Сангийн сайд Б.Жавхлан уу.
-Ураны төслөө хөдөлгөх урьдач хууль-
УИХ энэ долоо хоногт ганц өдөр хуралдаж, ганцхан хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон нь Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт. Ямартай ч товлосон ганц хуулиа эцэслэн батлав. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар ба Францын “Орано” группийн хамтрах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үүд хаалга нээгдэж байна гэж хэлж болно.
Хуулийн өөрчлөлтөөр, нийт 19 хувийн АМНАТ: Үүнд суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувиар тус тус тооцож болох эрх зүйн боломжийг бүрдүүлж буй.
-“Чайна Энержи”-гийн мессэжийг Засгийн газрын тэргүүн намууддаа танилцуулж, ярилцав-
БНХАУ-ын “Чайна Энержи” группээс саяхан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын холболтыг хийх замаар төрийн өмчит ЭТТ-гоос 16-20 жилийн хугацаанд жилд 20 сая тонн сайн чанрын коксжих нүүрс авах урт хугацааны гэрээ байгуулах хүсэлтээ саяхан |2024.10.28| Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидлаар илэрхийлсэн.
Захидалд, Тавантолгойн бүлэг ордоос хоёрыг сонгож, олборлолт хийж өгөх агуулгыг хөндсөн юм.
Харин манай Засгийн газрын хувьд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 260 км “МУХАР” төмөр замуудыг ирэх жилүүдэд ашиглаж, эдийн засгаа тэлэхээр 14 мега төслийнхөө хамгийн эхэнд эрэмбэлсэн.
Төмөр замуудыг БНХАУ-тай холбохдоо улс төрийн бодлогын хувьд өргөн, нарийн царигийн маргаан гаргахгүй байхаар хоёр талаас тохиролцсон. Харин санхүүжилт, цаг хугацааны асуудлаа манай Засгийн газар шийдвэрлэх сорилт үүсээд буй.
Иймд төмөр замын боомтын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралд өөрийн биеэр оролцож, тэнэ талаарх танилцуулгаа хийсэн үйл явдал өрнөв.