Хөшигийн хөндийн нисэх буудал руу автобус үйлчлэх шаардлагатай!
Монгол Улсын эдийн засагт нөлөө үзүүлдэг гол салбарын нэг нь аялал жуулчлал. Гэвч тус салбар руу чиглэсэн бодлого хангалттай биш байгаа нь нийтийн тээврийн үйчлчилгээнээс харагдаж байна. Учир нь Монголд нэгдсэн такси үйлчилгээ байдаггүйгээс гадна, нийтийн тэээвэр ч хүртээмжтэй биш. Ядаж нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явуулбал зорчих хүн цөөн ч зайлшгүй байх ёстой үйлчилгээнд хамаарна.
Иргэд олноор үйлчилдэггүй ч зайлшгүй шаардлагатай хүмүүс болоод Монголд зочилж ирсэн гадаадыханд нисэх онгоцны буудал руу зорчих нийтийн тээвэр тав тухтай санагдах биз.
ЖИЛ ГАРУЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТЫГ IX САРД ЗОГСООСОН
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр 2022 оны зургаадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж байсан нийтийн тээврийн үйлчилгээ ижил төрлийн үйлчилгээ дундаа хямд өртөгтэй гэдгээрээ онцлог байсан. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тухлаг үйлчилгээ байсныг олон хүн илэрхийлж буй.
Харин өнгөрсөн есдүгээр сараас эхэлж зорчигч багатай учир тус чиглэлийн маршрутын үйлчилгээг зогсоожээ.
Нийтийн тээврийн тус чиглэлийн үйчилгээг зогсоосноос болж иргэд өндөр үнэтэй таксинаас өөр сонголтгүй болж байгаадаа бухимдаж байна. Тус чиглэлд том хүн 20 мянган төгрөг, хүүхэд 7000 төгрөгөөр зорчиж байсан. Энэ үнийг хямдруулж, том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 5000 төгрөг болгосон. Ингэхдээ үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийснийг тухайн үед Нийтийн тээврийн газраас онцолж байв.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна. Харин хувийн унаагаар явахад түгжрэл болон замаас хамаарч 120 минут хүртэл зарцуулдаг.
ЦӨӨН БУУДАЛД ЗОГСДОГ ЭКСПРЕСС АВТОБУСЫГ ДАХИН ЯВУУЛАХ НЬ ЗӨВ
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан нисэх буудал руу зорчиж байсан автобусны чигэлийн талаар мэдээлэл өгөхдөө, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн нийтийн тээврээл зорчихдоо үйлчлүүлэгчид бэлэн мөнгө, автобусны карт, банкны картын аль алинаар нь төлбөр тооцоо хийж болно. Аль ч хэлбэрээр тооцоо хийсэн НӨАТ-ын баримт олгож байгаа. Энэ чиглэлд цахилгаан автобус болон Зорчигч тээвэр-III нэгтгэлийн давхар автобусаар үйлчилж байгаа. Аль болох тухлаг бөгөөд багтаамж сайтай автобусыг сонгон явуулж байгаа. Автобусны чиглэл, цагийн хуваарийн талаар монгол болон англи хэлээр танилцуулж байгаа гэж байв.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд үйлчилж буй хамгийн эхний автобус өглөөний 05:00 цагаас явдаг бол шөнийн 01:40 цаг хүртэл үйлчилдэг байсан. Хэдийгээр зорчигч урсгал бага ч алсдаа нэмэгдэнэ гэж мэдээлж байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газар тус чиглэлийн маршрутаа зогсоосон.
Хөшигийн хөндий рүү очоод ирэхэд 110 км болдог бөгөөд таксигаар хамгийн багадаа нэг талдаа 100 мянган төгрөгөөр зорчино. Тиймээс тус чиглэлд зорчигч цөөн байхаас үл хамаарч нийтийн тээвэр зайлшгүй явуулах шаардлагатай.