Э.Зоригбаатар: Ирэх сарын 1-нээс эцэслэн шийдсэн шүүх хурлын бичлэгүүд шүүхийн цахим хуудаст нээлттэй байршина
Шүзхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар тус хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ 2024 оны зургаадугаар сард Шүүхийн тухай хуульд томоохон өөрчлөлт оруулсан.
Тухайлбал авлигын хэргийн анхан болон давж заалдах шатны, хяналтын шатны нээлттэй явагдаж буй бүх шүүх хуралдааныг шууд дамжуулах эсвэл дуу дүрсний бичлэгээр олон нийтэд хүргэх талаар өөрчлөлт оруулсан.
Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ШЕЗ нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журмыг баталсан. Эрүү, иргэн, захиргааны хэргийн эцэслэн шийдсэн нээлттэй шүүх хуралдааны бичлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шүүхийн цахим хуудаст
нээлттэй байршиж эхэлнэ.
Мөн 2015 онд сэтгүүлч, сурвалжлагчид шүүх хуралдааныг сурвалжлах журмыг баталсан. Цаг үетэй нийцүүлэн тус журмыг цоо шинээр батлахаар ажиллаж байгаа.
Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын саналыг авч боловсруулна. Ингэснээр шүүхийн нээлттэй ил тод байдал хангагдахад чухал ач холбогдолтой.
УИХ шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлахдаа шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагаа нээлттэй ил тод байдлыг дээшлүүлнэ гэж заасан. Тиймээс шүүхийн нээлттэй ил тод байдлын хангах хөтөлбөрийг боловсруулж байна. Ойрын хугацаанд
батална.
ШЕЗ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтарч Европын холбооны санхүүжүүлэлттэйгээр “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” гэх төслийг хэрэгжүүлж байгаа.
Энэ төслийн хүрээнд шүүхийн дагнасан сэтгүүлчийг бэлтгэж, шүүх эрх мэдлийн байгууллага иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүхийн шийдвэр тойм бэлтгэх ажлыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн шүүхийн мэдээллийн санг байгуулж, хэргийн оролцогчдын гаргасан хүсэлт, санал, тайлбар, шүүхийн эрх зүйн акт байршуулна. Ингэснээр тухайн хэргийн оролцогч бус сонирхогч этгээд үзэх боломжтой болно” гэв.