Б.Энхбаяр: Гишүүд нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн ч хурлаа тасалж, эс үйлдэл гаргалаа
Төрийн ордны Их засаг танхимд Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/-ны хурал болох байсан ч ирц бүрдэхгүй байгаа тул түр хойшиллоо. Түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн ч хуралдаа ирэхгүй, эс үйлдэл гаргаж буй гишүүдийг түр хорооноос хасна гэв.
Тэрээр “Бидэнд цаг хугацаа давчуу байна. Гэтэл түр хороонд орно орно гэсэн ч хуралдаа ирэхгүй, хянан шалгах ажилд эс үйлдлээр саад болж байна. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн бүлгийн дарга нарт хэлж эргүүлэн татуулна. Тэгэхгүй бол амжихааргүй боллоо. Хуралдаа суудаг гишүүдийг оруулна. Гишүүд хэлсэндээ байх хэрэгтэй байна.
Тухайлбал, Э.Бат-Амгалан гишүүн хуралдаа ирмээр байна. Г.Ганболд гишүүн хуралдаа нэг ч суугаагүй. С.Ганбаатар гишүүн камерын өмнө ярьдаг шигээ хуралдаа ирж оролцмоор байна. Д.Ганбат гишүүн ирмээр байна. Т.Доржханд гишүүн хуралдаа нэг ч удаа суугаагүй. Тэгсэн мөртлөө нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд худал, үнэн тоо хэлээд яваад байдаг. Яг шалгая гэхээр хурал тасалж шалгах ажилд саад болж байна. О.Цогтгэрэл гишүүн хуралдаа ирмээр байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь ч алга. Нэг бол хуралдаа суу, үгүй бол соль. Цаг хугацаа давчуу байгаа тул нэг өдөр ч үнэтэй байна. Гишүүд энэ ажилд саад болохоо боль. Хуралдаа суудаггүй гишүүдийг түр хорооноос гаргана” гэлээ.
Түр хорооны хуралд Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар ирсэн бөгөөд түр хорооны дарга Б.Энхбаяр гурвуулаа гишүүдийг 30 минут хүлээжээ. Иймд түр хорооны хурал түр хойшлов.