Татвар төлөгчдийн мөнгөөр цалин, тэтгэвэр нэмнэ. Гэхдээ энэ нь МАН-ын сонгуулийн оноо болно
Засгийн газраас 2024 оны төсвийн төслийг өргөн барьсан билээ. Төсөлд цалин, тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс дараах байдлаар нэмэхээр санхүүжилтийг тусгасан байна.
Цалинг хоёр байдлаар нэмнэ.
- Инфляцтай уялдуулан нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмнэ. Хэрэв төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагч бол 20 хувиар нэмнэ. Энэхүү нэмэгдэлд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдах бөгөөд 532.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- Орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг одоо зөвхөн төрийн захиргааны албан хаагчид авч байна. Иймд 2024 оноос төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний бүх албан хаагчид энэхүү нэмэгдлийг авна. Гэхдээ суманд ажиллаж байгаа бол 40 хувь, аймгийн төвд бол 20 хувиар цалингийн нэмэгдэл авна. Үүнд 306.8 тэрбум төгрөг төлөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч нь хаана ажиллаж байгаагаас шалтгаалан хамгийн багадаа 10 хувиар, хамгийн ихдээ 60 хувиар нэмэгдэхээр харагдаж буй юм. Манай улсад нийт 1.1 сая хүн ажил хийдгийн 225 мянган төрийн албан хаагч байдаг. Тодруулбал, ажиллаж буй таван хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байна.
Тэтгэвэр хэрхэн нэмэгдэх вэ
Тэтгэвэр, тэтгэмжийг цалинтай адил инфляцтай уялдуулан 10 хувиар нэмэхээр төлөвлөж байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Учир нь, Ерөнхий сайд 10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна, 55 мянган төгрөг л нэмэх юм байна, тиймээс нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасныг бүлэг дэмжсэн. Тэтгэврийг бүхэлд нь 100 мянган төгрөгөөр нэмэхэд шаардлагатай санхүүжилтийг байнгын хороод дээр ярилцах юм. Монгол Улсад нийт өндөр настны тэтгэврийг 377 мянга гаруй хүн авдаг билээ.
Цалин, тэтгэврийн нэмэгдэлд нийтдээ 602 мянга гаруй хүн хамрагдахаар харагдаж байна. Гэхдээ эргээд цалин, тэтгэврийн нэмэгдэл нь үнийн өсөлтийг өдөөх эрсдэлтэй байгааг эдийн засагчид анхааруулж буй.
Санхүүч Г.Батжаргал “Цалин, тэтгэврийг нэмэх ёстой юу гэвэл нэмэх ёстой. Гэхдээ арай өөрөөр нэммээр байна. Манай нийт ажиллах хүчин 1.2 сая орчим. Үүний 23-24 хувь нь төрийн албан хаагч. Ийм данхар төр байх шаардлагагүй. Шаардлагагүй орон тоог цомхотгож, хувьд шилжүүлэхийг нь шилжүүлмээр байна. Үүнээс хэмнэсэн зардлаараа үр бүтээмж сайтай төрийн алба хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй, өндөр цалинтай цомхон төр байя” гэсэн.
Эдийн засагч Н.Энхбаяр “Эрх баригчид боломж олдсон дээр цалин нэмье гэж байна. Цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Манай эдийн засаг түүхий эдийн зах зээл дээр тулгуурласан учир тогтвортой биш. Өсөөд, буураад л байдаг эдийн засаг. Эдийн засгийн өсөлтийн мөчлөг нь 3-3.5 жил. Цалин, тэтгэвэр бол урсгал зардлын суурийг тэлж байдаг зүйл. Харин бид уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан, тогтворгүй эдийн засагтай байж цалин, тэтгэврийг нэмэх нь эрсдэл дагуулна. Улмаар бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, инфляцыг хөөргөднө. Магадгүй ирэх оны зургадугаар сараас инфляц нэлээд өндөр гарах болов уу” гэсэн юм.
Эдийн засагчдын хэлж буйгаар цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцыг өдөөх нь зайлшгүй. Тиймдээ ч Монголбанк ирэх онд мөнгөний бодлогоо хатуу хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн.
Цалин, тэтгэврийн нэмэгдэл цар тахлын хүнд үеийг давсан иргэдэд таалагдах нь дамжиггүй. Тиймдээ ч энэхүү нэмэгдлээр МАН 2024 оны сонгуульд том оноо авах болно. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлэгч нь ард түмэн, аж ахуй нэгжүүд байхад тэр мөнгөөр нь цалин, тэтгэвэр нэмчихээд тэднээс дахин санал горьдох аргыг МАН-ынхан бодитоор хийж буй. Хэдийгээр төсвийг хэрхэн батлах нь эрх баригчдын бүрэн эрхийн асуудал ч гэлээ төсвийн мөнгөөр сонгуулийн оноо цуглуулах нь сонгуульд тэгш бус оролцож байгаагийн илрэл юм.