Иргэд төрийн, хувийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулж тооцоо хийдэг болно
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийж байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Засгийн газрын хуралдаанаар их өгөгдлийн санг байгуулах асуудлыг шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Хиймэл оюун ухааны хөгжлийн үед Big data дээр шийдвэр гаргах буюу датагаа цуглуулах нь маш чухал.
Үүнийг бодит болгосноор бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг, түлхэц болно. Их өгөгдлийн сан буюу Big data шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр ҮСХ, ЦХХХ-ны яам хамтран Big data санг бүрдүүлэх Засгийн газрын чиглэл гарсан. Big data гэдэг нь боловсруулагдаагүй буюу хувь хүнийг тодорхойлох боломжгүй мэдээллийг хэлнэ.
Жишээ нь, түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг нээлттэй өгөгдлүүд дээр суурилж шийдвэрлэх ёстой. Мөн нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдгийг тооцоолоход Big data тусална.
Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулга хийж, Ерөнхий сайд тодорхой чиглэлүүд өглөө. Цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшил хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Энэ хүрээнд иргэд гар утасныхаа камерыг нээгээд л хувийн хэвшлийн ч, төрийн ч ер нь аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулж төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хаана ч энэ хэлбэрээр тооцоо хийх боломжтой болох юм.
Ингэснээр далд эдийн засгийг ил болгох Засгийн газрыг бодлогыг “амилуулна”. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагын бүртгэл ил тод болж, иргэд олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ гэв.