ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ПАВИЛЬОНЫ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-ын Жиндун групп (JD.com) компанийн цахим худалдааны платформд нээгдэж буй Монгол Улсын үндэсний павильоны албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцов.
Жиндун групп компани нь 650 мянган ажилтан, алба хаагчтай бөгөөд хятадын цахим худалдааны онлайн сүлжээнд 600 сая хэрэглэгч бүхий БНХАУ-ын хоёр дахь том компани юм.
Тус компани нь хятадын цахим худалдааны салбарт 2004 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны 5 дугаар сард АНУ-ын хөрөнгийн биржийн зах зээлд бүртгэгдсэн анхдагч платформ болсон байна. Түүнчлэн тус компани нь 2016 онд “Fortune Global 500” жагсаалтад багтсан бөгөөд 2023 оны байдлаар үндсэн хөрөнгийн хэмжээ нь 1 их наяд юань хүрч, цар тахлын үед хятадын хувийн аж ахуй нэгжүүдийг орлогоороо тэргүүлжээ.
Өдгөө бүх хятадын цахим худалдааны зах зээлийн 26 хувийг Жиндун групп компанийн платформ эзэлдэг бөгөөд тус улсын цахим худалдааны хоёр дахь том платформ болоод байна.
Ийнхүү Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Жиндун (JD.com) цахим худалдааны платформд албан ёсоор худалдаалж эхэлснээр манай улсын бараа, бүтээгдэхүүнийг борлуулах үнийн дүнгээс 1-2%-ийн үйлчилгээний шимтгэл тооцож, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт хүргэх бүх үйл явцыг Жиндун групп хариуцахаар болж байна.
Уг арга хэмжээнд Б.Батцэцэг сайдын хамт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Жиндун групп компанийн Дэд ерөнхийлөгч Е Вэй, Ли Лө нар оролцсон байна.