Б.Пүрэвдорж: Нууц амрагийг Эрүүгийн хуулиар шийтгэ VS Б.Энхбаяр: Хайр сэтгэл хуульчлагддаггүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг баймаар байна. Гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энэ хуульд огт байхгүй байна” гэсэн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр”Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хууль бичиж болохгүй гэх хариултыг өгөв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Гэр бүлийн тухай хуулийн 3.3-р заалтад гэр бүл нь эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасан байгаа. Гэр бүлийн тууштай байдлыг хангана гээд заасан. Энэ нь гэр бүлээс гадуурх харилцаа нь хуулиар хориглосон гэдгийг харуулж байгаа юм. Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6000 хос салж 10000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна.
Гэтэл тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энэ хуульд огт байхгүй байна.Энэ хуулийг зөрчсөн хүнд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг баймаар байна. Энэ асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх юм бэ?
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:
-Гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд хохирогч тал нь гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсгэх эрхтэй болно. Хэлэлцэж буй төслөөр дээрх төрлийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн, харин нэхэмжлэлийг Иргэний хуулиар шийдвэрлэхээр тусгаж өгсөн.
Ажлын хэсгийн гишүүн, судлаач, доктор Н.Амарсанаа:
-Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гуравдагч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой үгүй юу гэдэг дээр хариулт өгье. Гэр бүлээс гадуурх харилцаанд олон улсад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байсан тохиолдлууд байдаг. Гэхдээ эрүүгийн хариуцлага гэдэг нь гэмт хэргийн тодорхой үйлдэл нь хариуцлага хүлээлгэх зайлшгүй хэлбэртэй байх ёстой. Гэхдээ энэ нь хувь хүний суурь эрхэд халдаж байна гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-д 2015 онд Үндсэн хуулийн шүүхээр хүний эрхэнд халдаж байна гэж үзээд тус хуулийг хүчингүй болгосон байдаг.
Өнөөгийн манай Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж гэр бүл цуцлагдах үндэслэл болсон этгээдэд хохирогч тал шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Бид санаачилсан хуульдаа цэвэр ёс суртахууны асуудлыг тусгаж өгсөн. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гэр бүлийн хосын нэг нь гуравдагч хүн лүү харсныг хайр, шохоорхол, дурлал юм уу гэдгийг дотор орсон юм шиг мэдэхгүй шүү дээ. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хууль бичиж болохгүй гэлээ.