АН-ын дарга Л.ГАНТӨМӨРИЙГ СОЛИХ “АЖИЛЛАГАА” эхэллээ
АН дотор даргаа солих “ажиллагаа” явагдаж эхэлжээ. Ингэхгүй бол АН айсуй сонгуулийн тухай ярихын ч хэрэггүй. Л.Гантөмөртэй цааш яваад хад мөргөнө гэдгээ намын эрхэм дээдсүүдээс эхлээд эгэл жирийн гишүүд дэмжигчид хүртэл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх болжээ. Энэхүү ажиллагааг Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нарын аснууд зохион байгуулж байгаа нь тун сонирхолтой гэдгийг эх сурвалж хэллээ.
Юуны өмнө аснуудад өөрсдийнх нь эрх ашиг гэж том зүйл бий. Нөгөө талд эрх биш АН хэмээх айлын нэрээр Төрийн өндөр дээд суудалд заларч, энэ намын нэрийг нэгэн насаараа мөлжиж идсэн хүмүүс эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаасан биз гэж найдна. Ямартай ч Л.Гантөмөрийг солих нь зүйд нийцнэ гэдгийг гишүүд дэмжигчид нэгэн дуугаар зөвшөөрч байгаа аж. Тарж бутарсан АН-ыг өөрийн гэсэн зангараг, орон зайтай улстөрч удирдаж байж сая нэг шат болтугай ахиулна уу гэхээс Л.Гантөмөр шиг зам мөрөө харахаас хэтрэхгүй нөхөр удирдаж сонгуульд орно гэдэг сүйрэл гэсэн үг. Тиймээс хөдөлгөөнд оруулж, дуу хоолойг нь нэгтгэх дүр яах аргагүй хэрэгтэй.
“Тулаанд ялагдаж болно, дайнд ялагдаж болохгүй” гэж үг бий. Мөн “Тэмцээнд ялагдаж болно, тэмцэхгүй байж болохгүй” гэдэг биз дээ. Гэтэл Монголын шинэ үеийн улс төрийн түүхийн 33 жилийг “дайн” гэж үзвэл АН хоёрхон удаа дутуу дулимаг ялалт байгуулж, зургаан удаа ялагдсан. Айсуй сонгуульд бүр сураггүй болчихож мэдэхээр харагдана. Ингэх юм бол жинхэнэ “дайн”-д ялагдсан болно. Тэгэхээр “дайн”-д ялагдахгүйн тулд Л.Гантөмөрийг солихоос өөр арга байхгүй.
Өөрсдийнхөө толгой дохиж сонгосон даргаа унагаах “ажиллагаа”-г удирдаж байгаа аснууд дундаа зөвшилцөж, дараагийн даргын тухай яриа аль хэдийнээ эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын нэрсийг тодруулж, чухам хэн нь АН-ыг зангидаж чадах вэ гэдэг дээр саналаа нэгтгэх юм байна. Гэхдээ аснууд С.Баярцогтыг Дэдээр нь байлгах сонирхол давамгайлж, харин Я.Санжмятавыг тал алдахгүй, өрсөлдөгчидтэйгөө ч ойлголцож чадна хэмээн үзэж байгаа аж. Гэтэл Ц.Элбэгдоржийн хувьд Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нарын залуусаа дэмжих нь зүйн хэрэг гэж үзэж байгааг эх сурвалж дуулгалаа. Ямартай ч АН-ын даргыг солих сунгаа тун удахгүй өрнөх нь ойлгомжтой болж байна. Аснууд нэг л “ажиллагаа” өрнүүлсэн бол цаана нь гарч байж дуусгана. Нөгөө талаар АН-ын гишүүд дэмжигчид Л.Гантөмөрийг нэгэнт намаа удирдаж чадахгүй учраас солих нь зөв гэж үзэж байна. Х.Баттулга, Ж.Батсуурь нар шиг бүх гишүүдийн дундаас санал хураасан ч Л.Гантөмөр өвдөг шороодох нь тодорхой харагдана. Үүний зэрэгцээ Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог ч нэмэх зэрэг хэд хэдэн өөрчлөлт зохион байгуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН