Х.Ганхуяг: Дунд шатныхан Засгийн газрын сангуудаар “найрладаг”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн хуулийг хэлэлцэж байна. Засгийн газар нийт 25 сантай. Эдгээрт нэг санг шинээр нэмж, манай улсад эмчлэх боломжгүй иргэдийн гадаадад эмчлүүлэх зардлыг санхүүжүүлнэ. Сангийн ирэх оны санхүүжилтийг арван тэрбум төгрөг байна гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав. Мөн тэрээр манай улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг гэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Би энэ санг байгуулахыг дэмжихгүй. Манай улсад эмчлэх боломжгүй өвчтөнүүдийг гадаад эмчлүүлэх гэсэн Эрүүл мэндийн сайдыг ойлгож байна. гэхдээ Засгийн газрын бүх сан асуудалтай. Сангуудаас гаргасан зээлийн эргэн төлөлт маш хангалтгүй. Эрүүл мэндийн сайд энэ сангийн зарцуулалтыг хянаж чадахгүй. Сангийн дэргэд нэг зөвлөл байгуулж, тэр зөвлөлд нэг ангийн хэдэн танил хүмүүс орж сууна. Тэгээд танил талдаа давуу тал олгоно. Таван жилийн дараа сангийн дарга нар шоронд сууна. Ийм л зүйл болдог. Гүйцэтгэлээр санхүүждэг болсноор эмнэлгүүд ашигтай ажиллах болсон. Улсын томоохон эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийж, шинэ технологи нэвтрүүлэх үүрэг өгөх хэрэгтэй. Цар тахлын үед эрүүл мэндэд маш их хөрөнгө оруулсан шүү дээ. Дунд шатны дарга нараа шалга, цэвэрлэ. Засгийн газар 5Ш хөтөлбөр хэрэгжүүлж байгаа биз дээ. Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох гэх мэтэд танай яамны дарга нар холбоотой гэж би бодож байна ” Гэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилт аваад гурван жил болсон. Эхний жил нь цар тахлын үе таарсан тул энэ санхүүжилтийн үр дүнг үнэлэхэд эрт байна. Эмнэлгүүд ашигтай ажилладаггүй гэв.
УИХ-ын гишүүд эрүүл мэндийн даатгалын хамрагдалт хөдөө хангалтгүй, хувийн хэвшлийн эмнэлгүүд хөгжиж, улсын эмнэлгийн чанар сул байгааг онцоллоо. Эрүүл мэндийн даатгалын нэг жилийн сайн дурын шимтгэл нь 66 мянган төгрөг байна. Малчид нэг хонь худалдахад л энэ орлогыг олж байгаа ч даатгал төлөхгүй байгаа тул даатгалын ач холбогдлыг сурталчлах саналыг хэллээ.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Иймд төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Одоо ирэх оны улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.