О.Цогтгэрэл: 2024 оны төсвөөр авлигыг хуульчилж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2024 төсөвтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Үлгэрт маш их иддэг, шуналтай, идээд цаддаггүй, улам томроод байдаг мангас гэж амьтан гардаг. Тэгвэл өнөөдрийн Монголын төр энэ амьтантай зүйрлэмээр болчихлоо. Төсөв томорсон ч давхар төрийн хулгай томроод байна. Уул уурхайн компаниудынх нь засаглал сайжирч байгаа зүйл юу ч байхгүй. Түүнчлэн, 2024 оны төсөв сонгуулийн төсөв болчихлоо. Сая төсөв эцэслэн батлахтай холбоотойгоор бүлгийн зүгээс завсарлага авсан. Ер нь, 2024 оны төсвийг хоёр зүйлд нэгтгэн дүгнэж болохоор байна. 2024 оны төсөв авлигыг хуульчилж байгаа төсөв болж байна. Авлигыг хулгай гэж үздэг, нууж хийдэг байсан бол 2024 оны төсвөөр хуулийн хүрээнд авлига улам ихсэх нь.
Монгол Улсын төр улам томорч байна. 27 их наядын түүхэнд байгаагүй төсвийг дарга нар шийдэхээр байна. Зөвхөн 27 их наядын төсвийн үр дүнгээр ирэх жил үнийн өсөлт гаарна. Дөрөвдүгээр сараас цалин тэтгэвэр нэмнэ гэж байна. Баруун гараараа цалин тэтгэвэр нэмээд, зүүн гараа үнийн өсөлтөөр суутгаж авна. Хоёрт, том төсвийн үр дүнгээр Монгол Улсад иргэд, бизнесийн орон зай хумигдаж төр том, бизнес жижиг улс болно. Дахин хэлэхэд, энэ төсөв бол зөвхөн сонгуульд зориулсан төсөв болж байна. Гуравт, хулгайг хуульчилж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Татвартай холбоотой хоёр тоог хэлэхэд дэлхийн улс орнууд төсвийн орлогоо өсгөхдөө маш болгоомжтой ханддаг. Яагаад гэхээр төсвийн орлого эргээд татварын орлого дээр маш том дарамт учруулдаг. Манай орны хувьд хэдийгээр уул уурхайн орлого нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногдож байгаа. Үүнийг ялгах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн орлого нэмэгдэх ёсгүй. Тухайлбал, ААНОАТ 2021 онд 1.9 их наяд, 2024 онд 4.2 их наяд байна. Яг хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг тав, арван хувиар нэмэгдүүлж болно. Гэтэл энд 200 хувиар нэмсэн байна. НӨАТ ч бас 200 хувиар нэмсэн. Татвар төлөгчдийн нуруун дээр асар их ирж байгааг бид эсэргүүцэж байна. Зөвхөн уул уурхайн орлого нь өсөөд татвар буурч байгаа билүү. Гэтэл уул уурхайн орлого өсөж байгаа юм шиг боловч татварын орлого нь хоёр дахин өсчихсөн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр Сангийн сайд орж ирсэн. Сангийн сайдыг шүүмжлэхэд, Засгийн газар хүслийнхээ жагсаалтыг бичиж хөрөнгө оруулалтын зардлаа тавьчхаад дараа нь орлогоо зурдаг зүйл рүү сүүлийн хэдэн жил орлоо. Үүний үр дүнд 2021 онд 14 их наядын зардалтай байсан төсөв хоёр дахин нэмэгдэж 27 их наяд болчихсон байгаа. Дээрээс нь энэ их төсвөө бүрдүүлэхдээ ААН-үүдийг хүндрэлтэй үе нь дарамтлах заалтуудыг оруулж ирсэн байна. Мөн энэхүү зардлууд төсвийн хөрөнгийн зардал байгаа. Хөрөнгийн зардал өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Энэ бүх мөнгө бүгд гадагшаа гарна гэсэн үг. Түүнчлэн, жалгын төсөв болсон байна. 2024 оны сонгууль угтсан, УИХ-ын гишүүд “Би ийм зүйл хийж өгсөн шүү” гэдэг зүйлийг ярьсан төсөл болж байна. Харамсалтай нь, Сангийн сайд миний шүүмжлэлийг хүлээж авахгүй “Чи дандаа ингэж улс төржиж байдаг” гээд хурлыг хаяад гараад явсан.
Эх сурвалж: itoim.mn