Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

0

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 17 минутад эхлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас “Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох товыг хойшлуулах албан бичиг ирүүлснийг уламжилсан юм.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан хоёр цагийн завсарлагын хугацаа дууссан тул Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  үргэлжлүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Монгол Улсын 2024 оны том төсөв батлах гэж байна. Төсвийн төсөл дэх  гоё нэртэй төслүүд ирэх жилийн валютын ханшийг өдөөдөг төдийгүй эргээд дараагийн жилүүдийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Үүн дээр цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, эдгээр асуудлууд нь эргээд үнийн өсөлтийг хурдасгадаг гэдгийг бүгд мэддэг болсон. Төсөв ийнхүү тэлж, томрох тусам илүү их эрх мэдлийг нэхэх болно” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал болон байгалийн гамшиг, давагдашгүй хүнд нөхцөлд нэн тэргүүн дайчлагддаг Онцгой байдлын ерөнхий газрын төсөв зэргийг энэ жилийн төсвийн төсөлд нэмж чадаагүй тул ирэх жилийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна” гэсэн санал хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно,” гэж, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулсан.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.  

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна” гэсний дагуу санал хураалтыг явуулсан.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь тус тус дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 27 хууль, тогтоолын төслүүдээр нэг бүрчлэн санал хураалт явуулсан бөгөөд эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх тус тус дэмжлээ.  Ийнхүү хууль, тогтоолын төслүүд эцэслэн батлагдлаа. 

Хуралдаан “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг тэмдэглээд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүйг онцолсон.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Нийтийн өргөдлийн тухай авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувь нь дэмжсэн юм.

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын Ш.Раднаасэдээс тогтоолын төслийн 1 дэх заалтад “Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар барилгын нэмэлт хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган хэрэгжүүлэх” гэсэн 7 дахь дэд заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих бүх шатны эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжийн жишиг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэйгээр стандартад нийцүүлэн шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангах” гэсэн 8 дахь дэд заалтыг төсөлд нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нараас төслийн 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын  “шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг” гэснийг “төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс хэлбэрээр” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжсэн юм.

Иймд “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *