Ч.Номин: Морин хуураа дэлхийн сонгодог хөгжим болгохыг зорьж байна
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг олгодог уламжлалтай. “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд олгодог. Энэ жил тус одонг “Морин хуурын чуулга”-д олгох болсон талаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин :
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “Морин хуурын чуулга”-д олгохоор болсонд баяртай байна. “Морин хуурын чуулга” 20 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Монголын сонгодог, язгуур урлаг болон орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж ирсэн. Морин хуур бол Монгол хүний оюун санаа, түүхийг илэрхийлсэн хөгжим. Энэ хөгжмийн соёлыг авч явж, үеийн үед түгээн дэлгэрүүлж цааш сурталчлан таниулах ажлыг “Морин хуурын чуулга”-ын хамт олон авч явж байгаа. 2003 онд ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний оюун санааны охь болсон энэхүү бүтээлийг бидний ирээдүй хойшид зориулан бүртгэсэн. Мөн “Морин хуурын чуулга” Монгол Улсын соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах чиглэлд ажиллаж ирсэн. Энэ ч утгаараа олон улсын сонгодог томоохон тайзан дээр Морин хуурын чуулга тогтмол очиж, тоглолтоо хийдэг.
Үүний нэг том жишээ нь 2021 оноос буюу Соёлын яам байгуулагдсан цагаас дэлхийд томоохонд тооцогдох Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн. Цаашид бид бүхэн Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллана. Морин хуурын чуулга одоогийн байдлаар 36 уран бүтээлчийн орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд өргөжүүлж, орон тоо, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг нь бэхжүүлэх чиглэлээр Соёлын яаманд чиглэл өгч ажиллаж байна” гэлээ.