Б.Солонгоо: Гэрлэгчдээс ДНХ-ийн шинжилгээ авах хуулийн заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа. Тус хуулийн төсөлд тусгагдсан гэр бүлээс гадуурх харилцаа, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудалтай холбоотой зарим заалтууд нь олон нийт төдийгүй УИХ-ын гишүүдийн дунд багагүй талцал, хэлэлцүүлгийг өрнүүлж буй билээ.
-Өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн тухай хуульд 8 удаагийн өөрчлөлт орж байсан. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд хэр сайн боловсруулалт хийж оруулж ирсэн бэ. 1999 оноос хойш шинэчлэн батлаагүй гэдэг утгаараа олон талын зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хийхээр оруулж ирсэн гэж харж байгаа?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад ХЗДХЯ-нд Ажлын хэсэг гарч, миний бие ахалж ажилласан. Бид хуулийн төслийг боловсруулах явцад нийгмийн оролцогч талуудын саналыг сонсож, түүнийг хуулийн төсөлд тусгаж ажиллах чиглэлд анхаарсан. Бмд нэг жил гаруйн хугацаанд хуулийн төслийг боловсруулахтай холбоотой хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулсан. Хуулийн төслийг эцэслэх үед хэд хэдэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ажиллалаа. Мөн энэ оны зургаадугаар сараас хойш манай ХЗДХЯ-ны цахим хуудсаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байршуулж, олон нийтээс санал авахад 400 гаруй санал ирүүлсэн. 1999 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эл хуулийг нэгдүгээрт цаг үеийн нөхцөл шаардлагын улмаас шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, энэ хууль маань 2002 оны Иргэний хуулиас өмнө батлагдсан хууль учраас нэр томъёо, томъёоллын хувьд зөрүүтэй зүйлс байдаг. Өнгөрсөн хугацаанд хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт гэхээсээ илүү бусад хууль тогтоомжийн шинэчлэлээс шалтгаалж орсон өөрчлөлтүүд байдаг. Энэхүү хууль нь хувийн эрх зүйн суурь хуулиудын нэг. Иргэний хуультай маш сайн уялдах шаардлагатай. Үүнтэй холбогдуулаад хууль зүйн техник талаасаа, нэр томъёо талаасаа нэлээн сайн анхаарсан. Нөгөө талаасаа нийгмийн суурь институт гэр бүлийн харилцааг зохицуулж буй учраас гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо, хариуцлага, эрхийг тодорхой тусгасан. Мөн гэр бүлийн нэг гишүүн болох хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг чухалчилж авч үзсэн. Цаашид Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ, гэр бүл цуцалсан тохиолдолд хүүхдийн эрх ашиг хөндөгдөж буй асуудалд хүүхдэд ээлтэй байдлаар хэрхэн шийдвэрлэх вэ зэрэгт анхаарлаа. Мөн бид гэр бүл, хүүхдийн асуудлаар дагнасан шүүхийг байгуулах цаг нь болсон байна гэх асуудал хөндөгдөж байна. Өнөөдөр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нийт хэрэг маргааны 10 орчим хувь нь гэр бүлийн тухай хуультай холбоотой маргаанууд эзэлж байна. Тэгэхээр цаашид гэр бүл, хүүхдийн асуудлаар дагнасан шүүх байгуулах нь хүүхдийн эрхийг хамгаалахад нэн чухал байна гэж шүүгчид хэлж байсан. Үүнтэй холбогдуулаад манай яамнаас шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа.
-Хуулийн төслийг өргөн барьсан цаг үеэс эхлэн гэр бүлээ цуцлуулж буй иргэдийн цаад суурь шалтгаантай тэмцэх хэрэгтэй гэдэг агуулгыг хөндөж байсан. Тэр тусмаа залуу гэр бүлүүдээ дэмжсэн бодлого байх ёстой. Магадгүй энэ чиглэлд тодорхой бодлого байхгүйн улмаас өнөөдөр хүүхэдтэй болоод салж буй залуусын тоо нэмэгдэж байна гэдэгт олон нийт санаа зовинож байна?
-Хуулийн төслийг боловсруулах шатанд олон нийтээс ирүүлсэн саналыг авч үзэхэд, гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж байсан. Гэр бүлийн тогтвортой байдлыг төрөөс хамгаалах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнийг Засгийн газраас бодлогын түвшинд, бодлогын арга хэмжээнүүдээр дэмжих бүрэн боломжтой. Тэгэхээр гэр бүлийн тогтвортой байдлыг хангах ялангуяа залуу гэр хосуудад ипотекийн зээлд хамрагдах, орлогод нийцсэн орон сууцтай болох зэрэг хэрэгцээтэй тодорхой нийгмийн бодлогын асуудлуудыг Засгийн газар бодлогоорөө төлөвлөөд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Гэр бүлийн тухай хуульд бодлогын шинжтэй арга хэмжээнүүдийг тусгахаас зайлсхийсэн. Учир нь энэ хууль маань хувийн эрх зүйн суурь харилцааг зохицуулж байгаа учраас илүү хуульзүйн үр дагавартай асуудлуудыг тусгасан. Гэхдээ тус хуульд нэг бүлэг нэмэгдсэн. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой бүлэг юм. Тус бүлэгт залуу гэр бүлүүдэд сургалт орох, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хууль сурталчилах, хуультай холбоотой төрийн үйлчилгээний ажлуудыг зохион байгуулахтай холбоотой төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой тусгасан. Нөгөө талаасаа нийгэмд хүүхэд хамгааллын асуудал тулгамдаж байгаа. Энэ асуудалд төрийн байгууллагуудын үүргийг тусгасан. Тэгэхээр цаашид салбар хооронд хийдэл гарахгүй, давхцал үүсэхгүй. Хууль маань нэг мөр хэрэгжихэд шинэчилсэн найруулгын төсөл маань дэмжлэг болох болов уу гэж харж байна.
Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр Гэр бүлийн асуудал эрхэлж байгаа ХНХЯ-нд холбогдох бодлогууд маань боловсруулагдаад хэрэгждэг. Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуу гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх бусад сургалт, үйчилгээний асуудлыг тус яаманд цаашид хэрэгжүүлээд явна.
-Гэрлэгчдээс ДНХ-ийн шинжилгээ авах хуулийн заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан-
-Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн амын 6.1 хувь нь ЦУС ОЙРТСОН байх магадлалтай талаар хуулийн төслийн танилцуулгад дурдсан байсан. Эл дүн мэдээлэлтэй холбогдуулан цус ойртолтоос сэргийлэх үүднээс ДНХ-ийн шинжилгээг гэрлэгчид өгөх заалтыг оруулж ирсэн байх. Гэхдээ энэ төрлийн шинжилгээг заавал өгөх үү. Аль эсвэл сайн дурын үндсэн дээр хосууд өөрсдөө хүссэн тохиолдолд өгөх үү гэдэгт та мэдээлэл өгөхгүй юу?
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн явцад үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдээс олон санал асуулт гарч ирж байсан. 2022 онд УИХ-аас Монгол Улсын хүн амын удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан тогтоолыг баталсан байдаг. Эл тогтоолд Засгийн газарт тодорхой үүрэг чиглэлүүд ч өгөгдсөн байдаг. Түүнд генетикийн лаборатори байгуулах, генийн удмын сангийн судалгаануудыг хийх гэх мэт асуудлууд багтсан. Үүний хүрээнд цус ойртолтоос урьдчилсан сэргийлэх, удмын сангийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ДНХ-ийн шинжилгээ өгдөг боломжийг нээх асуудлыг УИХ-ын гишүүдээс нэлээн хөндсөн. Үүнтэй холбогдуулаад УИХ-аас 2022 онд баталсан эл тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хуулийн төсөлдөө 5.3 гэсэн нэмэлт заалтаар гэрлэхийг хүсэгчид хоорондоо садан төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр шинжилгээнд хамрагдах боломжийг тусгасан. Мөн хэрэгцээтэй шаардлагатай гэж үзвэл сонирхогч тал ДНХ-ийн шинжилгээ өгөх саналыг гаргаж болно хэмээн тусгасан. Сонирхогч тал гэдэгт эцэг, эх асран хамгаалагч болон бусад садан төрөл зэрэг хуульд заасан тодорхой этгээдүүд хамаарна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гэрлэхэд харшлах шалтгааны нэг нь төрөл садан хүмүүс өөр хоорондоо гэрлэх асуудал багтдаг. Энэ шинжилгээг бусад улсуудад ч авдаг жишиг бий. Өнөөдөр Монгол Улсад энэ төрлийн шинжилгээг авдаггүй. Бэлэн байдал хараахан байхгүй байгаа. Тиймээс энэ заалт маань 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хуулийн төсөлд тусгасан. Тус заалт хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль хэрэгжих хугацаанд ч УИХ-ын гишүүд саналаа тусгах боломжтой. Ер нь цаашид энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг болох шаардлагатай юм байна гэдэг зорилгоор хуульд энэ асуудлыг тусгасан.
Иргэд маань өөрсдөө хүсвэл энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж болох боломжийг нь нээж өгч байгаа. Түүнээс биш гэрлэхийг хүсэгч иргэн бүрээс энэ шинжилгээг авна гэсэн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Энэ төрлийн шинжилгээг авах хуулийн заалтыг 2028 оноос хэрэгжүүлэхээр хуульд тусгасан нь лабораторын боломж бололцоо болон бэлэн байдлыг хангахтай холбоотой болов уу гэж харж байна. Ер нь ДНХ-ийн шинжилгээг авах боломж нь хэр байгаа юм бэ?
-Энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд, шинжээчид санал дүгнэлтээ хэлэх байх. Гэхдээ Ажлын хэсэг орж ажилласан Шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчид болон холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллээр энэ төрлийн шинжилгээг авахад одоогоор бэлэн байдал хангагдаагүй, лабораторын хүчин чадлаа сайжруулах шаардлагатай, тодорхой судалгаануудыг хийх шаардлагатай зэрэг мэдээллийг өгсөн. Миний хувьд энэ талын мэргэжлийн хүн биш учраас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодорхой мэдээллийг авах нь зүйтэй байх.
-Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэж өөрт нь гэм хор учруулсан гэж үзсэн ямар ч этгээдийн эсрэг гэм хорын нэхэмжлэл гаргах боломжтой-
-Хуулийн заалтуудаас олон нийтийн дунд хамгийн их маргаан, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь гэр бүлээс гадуурх харилцаатай холбоотой асуудал байлаа. Зарим гишүүдийн зүгээс гуравдагч этгээдэд оногдуулах хариуцлагын асуудлыг ч дурдана лээ. Үүнтэй холбоотойгоор гэм хорын нэхэмжлэл гаргах боломжтой гэдэг агуулга яригдсан. Хуулийн төсөлд хэрхэн орж ирсэн талаар тодруулбал?
-Иргэдийн маань зүгээс гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах нөгөө талдаа гэр бүл цуцлах шалтгаан болоод байгаа гэр бүлээс гадуурх харилцаатай холбогдуулан тодорхой саналуудыг ирүүлсэн. Бид өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийг харгалзан үзээд гэм хор учруулсан гэж үзсэн тохиолдолд тодорхой нэхэмжлэл гаргах боломжийг Гэр бүлийн тухай хуульд тусгасан. Шүүхийн практикт Иргэний хуулийн дагуу нэхэмжлэл гаргаад шийдэгдсэн маргаанууд байдаг. Тэгэхээр гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүл цуцлах болсон шалтгаан нь нөгөө талаасаа шалтгаалсан, үүний улмаас тодорхой гэм хор өөрт нь учирсан гэж үзвэл Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж боломжтой. Гэм хорын нэхэмжлэл гаргах эрх Иргэний тухай хуульд өнөөдөр ч байгаа. Энэ заалтыг илүү тодруулж өгсөн гэсэн үг. Цаашид хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүдээс тодорхой саналуудаа гаргах нь нээлттэй. Манай улсын тухайд эрх зүйн системээ аваад үзэхэд Герман, Ромын эрх зүйн системийн нэг хэсэг. Тэгэхээр суурь эрх зүйн зарчим, Иргэний хуулийн зохицуулалтаа харгалзан үзээд гэм хорын нэхэмжлэл гаргах нь иргэдэд илүү нээлттэй байх асуудлыг тодруулж өгсөн гэж хэлж болно.
-Энэ гэм хорын нэхэмжлэлийг гуравдагч этгээдэд гаргаж болох уу?
-Иргэний хуульд энэ талаар хязгаарласан зохицуулалт байдаггүй. Өөрт гэм хор учруулсан гэж үзсэн этгээдийн эсрэг гаргах боломжтой. Энэ нь Иргэний тухай хуулиар зохицуулагдах боломжтой асуудал.
-Хүүхдийн тэтгэмжийг орлоготой нь уялдуулж авдаг байх асуудлыг хэлэлцүүлгийн явцад олон хүн дурдсан?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо хүүхдийн наснаас болон амьдарч буй бүс нутгийн амжиргааны доод түвшингээр тогтоохоор хуульчилсан байдаг. Тэгэхээр хэмжээг нь хуулиар маш тодорхой заагаад өгчихсөн байдаг гэсэн үг. Амжиргааны доод түвшингээр тогтоох нь өөрөө хүүхдийн эрх ашигт нийцэх үү гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэлэг төлөгчийн орлогоос хамааруулаад мөн тухайн тэтгэлэг авах хүүхдийн хэрэгцээ шаардлагад үндэслээд тусгай аргачлалын дагуу шүүхээс тухай бүр өөр байх боломжийг нээсэн. Тэгэхээр илүү орлоготой уялдуулж хүүхдийн тэтгэлэг олгодог болох асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэсэн үг.
Цаашид шүүхийн практикт аргачлал гарсны дараа орлогоос уялдуулж тухайн хүүхдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тэтгэмжийн хэмжээг тогтоох боломж бүрдсэн. Цаашид бидний анхаарах ёстой асуудал бол тэтгэмж төлөлтийн асуудал.
Өнөөдөр ШШГЕГ-д энэ чиглэлээр жил бүр 14 мянган шүүхийн шийдвэр очдог. Статистик харахад, хүүхдийн тэтгэмж төлөхтэй холбоотой шүүхийн шийдвэрийн 50-60 хувь нь л хэрэгжиж байна. Үлдсэн 50 хувь нь тодорхой албадлагын арга хэмжээ авч хэрэгждэг.
Нөгөө талаасаа тэтгэлэг төлөгч байнгын хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй аль эсвэл бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй зэргээс шалтгаалж шүүхийн шийдвэр хэрэгждэггүй нөхцөл байдал байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн төсөлд тодорхой нэмэлт өөрчлөлтийн саналыг тусгасан. Тэтгэлэг төлөгчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн төсөлд тусгагдсан.
Ер нь цаашид эцэг, эхчүүд маань хариуцлагатай байх хэрэгтэй байна. Гэр бүл төлөвлөхдөө хүүхдийнхээ өмнө томоохон хариуцлага хүлээж байгаа гэдгээ ухамсарлах шаардлагатай. Бүхий л асуудлыг төрөөс шийдвэрлэх боломжгүй. Тиймээс хүүхдийн өмнө нэн тэргүүнд хариуцлага хүлээж байгаа этгээдүүд маань эцэг, эхчүүд гэдгийг хуулийн төсөлд тусгасан.
-Эцэг, эх нь шүүхээр орохдоо хүүхдийн тэтгэмжийн асуудлыг ХӨНДӨӨГҮЙ байсан ч хүүхэдтэй л бол шүүх тэтгэмжийг заавал шийдвэрлэхээр хуульд тусгасан байсан. Үүнийг тодруулбал?
-Гэрлэгчид хэрвээ хүүхдийн тэтгэлэг тогтоохтой холбоотой асуудлыг тухайлан нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй бол хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шүүх дангаараа шийдвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс энэ асуудлыг гэр бүл цуцлах нэхэмжлэлд дурдаагүй бол дахин нэхэмжлэл үүсгэж процесс үргэлжлэх шаардлага гардаг. Үүнтэй холбогдуулаад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж буй этгээдүүд энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй байсан ч гэсэн хүүхдийн тэтгэлэг төлөх болон хүүхэдтэй байнгын харилцаатай байх асуудлыг шүүх шийдвэртээ тусгадаг байхаар зохицуулалт оруулсан. Энэ нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад томоохон дэмжлэг болох болов уу гэж бид харж байна. Нөгөө талаасаа шүүх байгууллага хүүхдийн хамгаалах асуудалд тодорхой шийдвэр гаргахад хуулийн төсөл маань томоохон дэмжлэг болно гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа