Д.Чойжамц: Сар шинийн баяр нь асрал энэрэл хайрын баяр юм
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц “Үзэсгэлэн болгогч” хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц:
-XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жил гарч байна. Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэж үздэг. Туулай жилд зуд турхан болж байсан нь ховор, их сайхан жил гарч байна. Шинэ жил гарна гэдэг цаг хугацааны үргэлжлэл байгаа юм. Үзэсгэлэн болгогч гэдэг нь ёгт нэр. Зарим жил тааруухан бэлгэдлийн өнгө гардаг боловч энэ жил их сайхан жил гарч байна. Энэ жил төрсөн хүүхэд хүүхэд үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно гэжээ.
Цаг агаар сайхан, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэжээ. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст жаахан тиймхэн гэжээ. Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижих, хаварт хур ихтэй, хүйтэн болох учраас хүйтэн талын өвчин буюу бадган өвчнөөс сэргийлж, хувцсан дээр анхаарах хэрэгтэй. Жилийн төлөв сайн байх шинжтэй байна. Монголчууд бид туулай жилийн ихээхэн бэлгэддэг юм.
Нүүдэлчин амьдрал ахуйдаа тааруулж сар нарны зурхайгаар сар шинийн баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь азийн зарим улсаас өөр өдөрт цагаан сар тохиож байгаагаар илэрдэг. Монголчууд бидний дархлаа өв соёл нь бидний үндэсний баяр болох наадам, цагаан сарын баяр юм даа. Сар шинийн баяраар ах дүү хамаатан садангаараа уулзаж учирдаг асрал энэрэлийн, ёс заншил бэлгэдлийн томоохон илрэл юм гэв.