“Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянана. Шинжилгээгээр аминд халгүй гэж гарсан”
Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-д оройн эмчилгээний цагаар сувилагч 0-2 насны 17 хүүхдэд буруу тариа тарьсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Уг асуудлаар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв”-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаас тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр 22 цагийн тариа хийсний дараа хүүхдүүдийн бие урвал үзүүлсэн. Эдгээр хүүхдүүд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа. Энэ хугацаанд цагийн тариа тарихад ямар нэгэн урвал үзүүлж байгаагүй.
Өнөөдрийн байдлаар 400 хүүхэд уушгины хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдэд адил эмчилгээ хийгдэж байгаа ч эмчилгээтэй холбоотой урвал хүндрэл гараагүй. Эмнэлгийн удирдлагууд өчигдөр шөнийн 00:00 цагт дуудагдаж ирсэн. Бүх хүүхдийн тарианд тандалт хийж үзсэн. Энэ 17 хүүхдээс бусад хүүхдэд ямар нэгэн хүндрэл гараагүй байна.
Өчигдөр шөнийн байдлаар тус 17 хүүхэд өндөр халуурсан байдалтай байсан. Тиймээс хүүхдийн тасгийн бүх эмч нарыг дуудаж, нэг хүүхдэд нэг эмч оногдуулан тусламж үзүүлсэн. Ингээд 2-3 цагийн дараа хүүхдүүдийн бие тогтворжсон. Тухайн тариа бусад хүүхдүүдэд хийж буй тариатай ижил серийн дугаартай учир тариатай холбоогүй гэж дүгнээд байна.
Тарианы стандартаар эцэг эхийн нүдэн дээр тариа задлаад хийх ёстой байдаг. Эцэг, эхээс авсан асуумжаар зарим нь нүдэн дээр задалсан гэсэн бол зарим нь найруулаад авчирсан тариа тарьсан гэсэн байна. Сувилагчтай холбоотой асуудал дээр чанарын алба хурал хийж, хариуцлага тооцох болно.
Ампиццилин, Амоксиклав, Цефтриаксон гэх гурван төрлийн тариа хийгдсэн. Тухайн тарианы хугацаа 2024 оны хоёрдугаар сард дуусах байсан. Эм зүйн тасгаас хугацаа дуусах болоогүй гэдгийг хэлсэн. Буруу тариа бол хийгээгүй. Биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг эх асран хамгаалагчдад нь амлаад байна. Учир нь эдгээр хүүхдийн биед гарч болох дараагийн урвалыг хянах ёстой. Үүрээр 02 цагт авсан шинжилгээгээр аминд халтай байдал нь хэвийн гэж гарсан. Тиймээс биеийн байдал тогтворжсон гэж үзээд дараагийн цагийн тариаг өөрчилсөн байгаа. 4 сартайгаас 12 настай хүүхдүүд байна.
Найруулсан тариа дотор ямар бодис орсныг гаднаас нь хараад мэдэх боломжгүй учир сувилагчийн буруутай үйлдэл нотлогдохгүй байна. Тарианы ус буюу Натри хлоридоор найруулах ёстой. Тарианы стандартаар үнэхээр асран хамгаалагчийн дэргэд тариагаа задлаагүй бэлдэж авчирсан гэдэг нь хууль хяналтын байгууллагаар нотлогдвол хариуцлагаа хүлээх ёстой гэлээ.