Тогтвортой урагшилсан харилцаа

0


Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 

  Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Далан тав гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ тоо нэг бусыг өгүүлнэ. Тухайлж дурдвал, ХХ зууны 40-өөд оны дунд үе хүртэл Монгол Улс зөвхөн Зөвлөлт Холбоот Улстай албан ёсны харилцаатай байсан. Бусад улс болохоор Монгол Улсыг түншийн хэмжээнд нухацтай авч үздэггүй байсан үе. 40-өөд оны сүүл рүү олон улсын тавцан  дээр 10 гаруй ардын ардчилсан улс бий болж, энх тайван, эрх чөлөө, хөгжил дэвшлийн үзэл санааг удирдлага болгосон идэвхтэй бодлого явуулах болсноор Монгол Улсад нэн таатай гадаад орчин бий болж эхэлсэн юм.

Тухайн үеийн ардын ардчилсан улсуудаас Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэж, дипломат харилцаа тогтоохыг санаачилж, салхи хагалсан улс бол БНАСАУ юм. Ингэж 1948 оны аравдугаар сард манай хоёр орны хооронд  албан ёсны харилцаа тогтож, БНАСАУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс болсон түүхтэй. Манай хоёр орны хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрэн үе ингэж эхэлсэн.

Өнгөрөгч 75 жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа ерөнхийдөө тогтвортой байж, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, гадаад бодлого зэрэг олон салбарт үр ашигтай хамтран ажиллаж ирсэн сайхан өв уламжлал бид бүхэнд бий. Энэ бол  монголчууд бидний бахархаж дурсдаг зүйлийн нэг. 

Харилцаа хар аяндаа хөгжөөгүй нь ойлгомжтой

Түүхэн хөгжлийн янз бүрийн үе шатанд хоёр орны харилцаа тогтвортой урагшлахад түлхэц өгч, нөлөөлж ирсэн олон хүчин зүйлийн хамгийн чухал нь Монгол Улс, БНАСАУ-ын төр, засгийн тууштай бодлого, түүхэн хүмүүсийн хүчин зүтгэл байсан гэж би үздэг. Заримдаглан дурдвал, Маршал Х.Чойбалсан, Ерөнхийлөгч Ким Ир Сен хоёр бол ямартай ч БНМАУ, БНАСАУ-ын харилцааны шанг анх татсан гавьяатай хүмүүс.


Түүхэн хөгжлийн хүнд хэцүү цаг мөчид Монгол, Солонгосын ард түмэн бие биедээ нөмөр нөөлөгтэй, хэрэгтэй цаг мөч болгонд хэн хэндээ тус дэм болж ирсэн. Дайнтай байхад нь мал, хүнс, дулаан хувцсаар тусалж, дайны хөлд өнчирсөн нялх бяцхан хөвүүд, охидыг нь хүртэл хүлээн авч, өсгөж өндийлгөж өгснийг солонгос нөхөд цаг үргэлж дурсан ярьдаг байсныг үүнийг тэрлэгч би мартдаггүй юм. Тэгвэл тэртээ он жилүүд харилцаа, хамтын ажиллагаа хөгжихөд Х.Чойбалсан, Ким Ир Сен, Ж.Самбуу зэрэг тухайн үеийн улс төрчдийн оролцоо, хувь нэмэр тун их байсан.

БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сенд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа. 1984 он

БНАСАУ-ын Сайд нарын Танхимын дарга Ким Ир Сен Засгийн газрын төлөөлөгчдөө тэргүүлж 1956 оны 7 дугаар сард манай улсад айлчилж, манай хоёр орны хооронд улс төрийн дээд түвшний яриа хэлцээ эхэлсэн билээ. Энэ айлчлалаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэх, шинжлэх ухаан, техник, ялангуяа мал аж ахуйн салбарт хамтран ажиллахаар тохиролцож, тэр жилийн намар нь Ю.Цэдэнбал тэргүүтэй манай Засгийн газрын төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж, Ким Ир Сений айлчлалын үеэр ярьж тохирсныг ажил хэрэг болгож, хоёр Засгийн газрын хооронд “Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-т Ю.Цэдэнбал, Ким Ир Сен нар гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээр манай хоёр орны харилцааны эрхзүйн чухал үндсэн баримт бичиг байсан учраас түүний хүчинтэй байх хугацааг удаа дараа сунгаж байсныг санаж байна.

Дипломат харилцаа тогтоосон өдөр Мангендэ цэцэрлэгт хүрээлэнд Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны хүмүүс мод тарив.

“Эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын шугамаар 1957 оноос бараа солилцооны хэлбэрээр худалдаа хийж эхэлсэн. Манай улс Солонгосоос жинхэнэ торго, дурдан, бэлтгэлийн хувцас, хүүхдийн сүлжмэл хувцас, ариутгалын зориулалтаар савласан хлорын шохой, агаарт солонгорон задардаг гэрэлт сум, алим, цагаан будаа, лаазалсан жимс, огурцы, хүн орхоодой, тамхи зэрэг бүтээгдэхүүн авч, халуун угаалгын ноос, боловсруулсан илэг, улаан буудай, хонь, ямаа, үхрийн мах, цөцгийн тос, архи зэрэг хүнсний бүтээгдэхүүн импортолж байв. Хоёр талын худалдаа үнийн дүнгээр төдийлөн их биш боловч 1980-аад оны сүүл хүртэл тогтмол өсөж ирсэн юм даг.

1960-аад оны дундаас 1980-аад оны дунд үе хүртэлх хугацаанд манай улс цагаан будаа, алимын дотоодын хэрэгцээнийхээ нэлээд хувийг, харин ятга, бэлтгэлийн хувцас мөн дээр өгүүлсэн гэрэлт сум, хлорын шохойн дотоодын хэрэгцээг Солонгосын экспортоор бүрэн хангадаг байсан. Эдийн засаг, Шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа хөгжиж эхэлсэн 1950-иад оны сүүлээс эхлэн мал аж ахуй, боловсрол, урлаг, соёл, биеийн тамир, спортын чиглэлүүдээр урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллаж билээ. Тухайлбал, Солонгосоос ятгын болон төгөлдөр хуурын багш, гар бөмбөгийн дасгалжуулагч багш, хот суурин газрын гудамж, талбайн гэрэлтүүлэг, реклам чимэглэл, театрын таазны гэрэлтүүлгийн мэргэжилтэн хүлээн авч, Монголоос малын зоотехникч, төл хүлээн авах, адуу, үхэр, хонь, ямаанд хээл авахуулах, сүү боловсруулах, малын тэжээл бэлтгэх  зэрэг чиглэлээр мэргэжлийн хүмүүс Солонгост тодорхой хугацаагаар томилогдон ажиллаж байсан.

1950-иад оны дундаас хоёр орны их, дээд сургуулиуд солилцооны зарчмаар оюутан хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ хамтын ажиллагаа олон арван жил тогтвортой үргэлжилж байна. МУИС-ийг солонгос залуус малын эмч, зоотехникч, хэл судлал, түүхч мэргэжлээр, Солонгосын их, дээд сургуулийг барилгын инженер, хими технологи, хөдөө аж ахуйн инженер, хэл судлал, хөгжим судлал зэрэг мэргэжлээр олон монгол залуус төгсөж мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна. Ингэж манай хоёр орны харилцаа Солонгосын дайны дараагаар шуурхай өргөжин тэлсэн юм.

Мод тарихад оролцсон Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамны ажилтан нар

Өндөр, дээд хэмжээний уулзалт, улс төрийн яриа хэлцээг бид хэзээнээс чухалчилж ирсэн. Тиймээс 1956 онд эхэлсэн өндөр, дээд түвшний улс төрийн яриа хэлцээ 1959 онд БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын Дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Ён Гөн-ий манай улсад хийсэн айлчлал, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн 1960 онд БНАСАУ-д хийсэн айлчлал, 1970-аад онд хоёр орны Гадаад харилцааны сайд нарын харилцан хийсэн айлчлал, 1980-аад онд БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, Ерөнхийлөгч Ким Ир Сен нарын айлчлалаар тус тус үргэлжилж, эдгээр нь манай хоёр орны уламжлалт найрсаг  харилцаа, хамтын ажиллагааны агуулга, цар хүрээ тэлж өргөсөхөд эергээр нөлөөлсөн юм. Үүнийг нотлох тоо, баримт хангалттай бий. Тэдгээрээс гарчиглах төдий дурдвал, 1986 онд Пхеньянд болсон дээд хэмжээний айлчлалаар харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон гэрээ байгуулж, 1988 онд Улаанбаатарт болсон дээд хэмжээний айлчлалаар эдийн засгийн хамтын ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын комисс байгуулж ажиллахаар тохиролцож билээ.

Энэ 2023 онд Солонгосын хойгт ажилчин-тариачны анхны төрт улс-БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Ерөнхийлөгч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны  (1988) 35 жилийн ой, Монгол Улс, БНАСАУ-ын хооронд албан ёсны харилцаа тогтсоны 75 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч Ким Ир Сений айлчлалыг энд тухайлж дурсаж байгаа маань бас учиртай. Энэ айлчлал БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр болж, Ким Ир Сен Солонгосын ард түмэнд тусламжийн мал, хүнсний зүйл хүргэж байсан ахмад дайчин, Дэслэгч генерал Ж.Жамъян, солонгос хүүхдийн сургууль, цэцэрлэгт тогоочоор олон жил ажилласан О.Цэрмаа гуай хоёрыг Их тэнгэрийн амны Харшид хүлээн авч уулзаж, халуун дулаан яриа өрнүүлж байсан нь сэтгэлд хоногшжээ.

Дорно дахинд улирах он цагийг зуугаар бус жарнаар тоолж ирсэн уламжлал бий. Тэгвэл манай хоёр орны харилцаа нэгэн жарныг хэдийнээ давж дараагийн жарны дөрөвний хоёр руу өнгийж байна. Энэ бүх цаг хугацааны харилцааг би тогтвортой урагшилж ирсэн, хэн хэндээ хэрэгтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагаа бүхий харилцаа хэмээн дээр өгүүлсэн. Харилцааг алсаар нь, том зургаар нь харж хэлсэн хэрэг.

Шинэ жарны харилцаа Монгол, Солонгосын ард түмэнд өмнөхөөс хавьгүй илүү үр өгөөжтэй, агуулга арвин, өнөөгийн олон улсын харилцааны жишиг, үнэлэмжид ойртсон тийм харилцаа болж төлөвшин хөгжих болтугай гэж ерөөе.

 Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.ҮРЖИНЛХҮНДЭВ                                                                                                                 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *