Х.Нямбаатар: Ямар ч байсан хуримын генералын ажил хийхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.
-Хийхээр төлөвлөж буй ажлуудаа хамгийн сайнаар хичээж, өөрийн арга барилаар ажиллана–
-Хотын нэн тулгамдсан хоёр асуудлыг ерөөсөө л агаарын бохирдол, түгжрэл гэж харж болохоор байгаа. Үүн дээр шинэ удирдлагын баг Сэлбэ төвд баригдах 12 мянган айлын орон сууц, автобусны нэмэлт, метро барих агуулгыг голчилж ярих болсон. Бүгд урт хугацаанд, өндөр санхүүжилт шаардагдахаар ажлууд. Тэгэхээр та 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа хотын даргаараа үргэжлүүлэн ажиллана гэж тооцож л энэ бүхнийг барьж авч байгаа юу?
–Мэдээж улстөрч хүний хувьд хотын даргаараа 2024 оноос хойш үргэлжлүүлэн ажиллана, энэ ажлуудаа гардаж удирдана гэсэн дур зургаар төлөвлөж байгаа нь үнэн. Аливаа улс төрийн нам аль ч сонгуулийн өмнө бууж өгдөггүй. Цагаан тугаа өргөдөггүй. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Бидэнд одоо бодлогоо өөрсдөө гаргаж, хэрэгжүүлэх, олон нийтэд танилцуулах давуу эрх нь байна. Байгаа боломжоо шууд улс төржүүлэхгүй, зөв бөгөөд үнэн ашиглах л хэрэгтэй байгаа.
Миний хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй. Тиймээс сонгуулийн цикл хугацаанд тааруулж, ажлаа хийхгүй. Сонгуульд зориулж ажиллахгүй гэдгээ эхнээсээ зарласан. Тэгэхээр хотын даргаар ажиллах хугацаандаа аль болохоор одоогийн дэвшүүлсэн ажлуудынхаа суурийг тавина. Ажил хийе гэвэл бас ч богино хугацаа биш. Орон сууцны төслүүд л гэхэд суурь бүтцээ тавьчихсан байна.
-Ингэж их хичээж яваад, уначихвал яах вэ. Бас танаас бусад нь сонгуульд өрсөлдөнө?
-Ямар ч байсан хуримын генералын ажил хийхгүй. Гэхдээ сонгогчид хэнд саналаа өгөх нь тухайн өдрийн, тэр иргэний л сонголт. Үүнийг урьдчилан таамаглах аргагүй. Та ч, би ч сонгуулийн дүнг шууд хэлж чадахгүй. Одоогийн хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа хамгийн сайнаараа хичээж, өөрийнхөө арга барилаар удирдаж, ажиллана. Сонгуульд зориулаад, өөрийн бус толгойгоор ажиллахыг бас хүсэхгүй байна. Надад нэг их үүх түүх байхгүй ч удирдсан газруудаа унагасан, уруудуулсан жишээ бол байхгүй. Үүндээ итгэж байгаа.
-Та хотын ДНБ-ий хэмжээг оршин суугчдынх нь ядуурлын түвшинтэй харьцуулж харав уу?
-Би хотын даргаар томилогдоод нэг сар гаруй болж байна. Ажлаа аваад, нэлээд тоон дүнгүүд харж, судалгааны материалуудтай танилцлаа. Бид одоо 2022.12.31-ний статистик тоон дүнгүүдээр ярьж байгаа. Энэ статистикээр Нийслэлд 431 мянган өрхийн 1.7 сая иргэн амьдарч байна. Нийт 431 мянган өрхийн 70 мянга орчим нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур гэсэн судалгаа бий. Эдийн засгийн тухайд, Монгол Улсын ДНБ-ий 70 хувь нь хотод бүтээгдэж байгаа. Миний харж байгаагаар, хот цаашдаа эдийн засгийн байдлаа илүү өргөтгөж, потенциалаа тэлж байж, таны асуугаад байгаа нийгмийн ядуурал, эмзэг хэсгүүддээ бодитой хүрч ажиллах боломжтой.
-Дээрх асуултыг лавладаг нь, та Сэлбэ дэд төвд 12,000 айлын орон сууц барих санүүжилтийн эх үүсвэрээ олон улсаас бонд босгож бүрдүүлнэ гэж зарласан. Энэ нь өөрөө зах зээлийн хувьд хэр боломжтой юм бол?
-Би дотоодын бонд гаргахгүй гэдгээ зарлаад, 2023 оны хотын төсөвт тодотгол оруулаад цэгцэлсэн. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дуусаагүй сургууль цэцэрлэгийн гүйцэтгэлүүдийг бүхэлд нь шийдэж өгсөн. Дээр нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд, үерийн уснаас сэргийлэх хэрэглэгдэхүүнүүдийг 24.5 тэрбум төгрөгөөр худалдаж авах зэрэг тулгамдсан асуудлуудаа дотоод нөөц бололцоогоороо шийдэж байна. Орон сууцны хөтөлбөр дээрээ бид гадаад бонд гаргахаас өөр арга зам байхгүй.
Энэ төвүүдийн эхний ээлжийн орон сууцууд 24-30 сарын хооронд баригдсан тохиолдолд Улаанбаатар хотын 20 мянган айлын янданг орон сууц руу шилжүүлж устгана. Сэлбэ дэд төвийн 150 га талбай дээр 12 мянга орчим орон сууц барина. Баянхошуу дэд төв дээр 800 айлын орон сууц баригдаад дуусаж байна. Үүнээс гадна бид 6-7 мянган айлын орон сууцыг Баянхошуу дэд төвийн чөлөөлсөн газрууд дээр барих төлөвлөгөөтэй байна.
Бид гадаад зах зээл дээр бонд гарахын тулд 2023 оны төсвийн тодотголд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах, ажлын зураг төсөв гаргах олон улсын нээлттэй тендер зарлахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг оруулж өгсөн.
ТЭЗҮ-тэй байж л бид олон улс руу гарна. Ер нь ТЭЗҮ гэдэг зүйлийн ач холбогдлыг ерөөсөө ойлгохгүй яваад байгаа, бид. Утаа, түгжрэлээ маш олон жил ярьсан мөртлөө дэд төвүүд дээр ТЭЗҮ хийгээгүй байх жишээтэй. Ийм тохиолдолд бол биднийг харин гаднынхан тоохгүй.
-Яарлаа гээд яах вэ, хүнд үзүүлэх суурь бичиг цаасуудтай болох хэрэгтэй байна-
-Юу гэсэн үг үү, Баянхошуу дэд төв жишээ нь Э.Бат-Үүл даргын үед эхэлсэн. ТЭЗҮ-гүй хийгдсэн юм уу?
-Баянхошуу дэд төвийн 800 айлын хүрээнд л ТЭЗҮ яригдсан. Одоогийн бидний хэрэгжүүлэх 20 мянган айлын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн ТЭЗҮ бол байхгүй. Саяхан нийслэлийн АН-ын сунгааны үеэр нөхдүүд “Э.Бат-Үүлийн үед япончууд метроны ТЭЗҮ хийж өгсөн. Дахин хийж, мөнгө шамшигдуулах гэж байна” гэцгээсэн. Урьдчилсан ТЭЗҮ, үндсэн ТЭЗҮ хоёр өөрөө тэнгэр газар шиг зөрүүтэй. Үүнийгээ ялгаад, яг цаасан дээр тодорхой сайн хийсэн ТЭЗҮ-тэй болж байж, хүний өмнө барих юмтай болно л гэсэн үг.
–Тэгэхээр шинэ ТЭЗҮ метрон дээр дахин яригдах нь ээ?
-Япончууд урьдчилсан ТЭЗҮ боловсруулж өгсөн байдаг. Бид одоо урьдчилсан ТЭЗҮ дээр үндэслэсэн шинэ ТЭЗҮ-ээ боловсруулж, дуусгаж байж, гүйцэтгэгчээ шалгаруулна. Нэг шугамтай буюу Амгалангаас Моносын уулзвар хүртлэх 17.2 км-ын урттай метро барихаар тендер зарлах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцуулаад байгаа. Япончууд Энхтайваны өргөн чөлөөг дамнуулж, манай төрийн бүх байгууллага байрлаж байгаа учраас метроны төсөл амжилттай хэрэгжинэ гэж урьдчилсан ТЭЗҮ боловсруулах үеэрээ судалж тогтоосон.
Тэгэхээр ирэх жил дэд төвүүд, метро зэрэг агаарын бохирдол, түгжрэл бууруулах гол ажлуудын ТЭЗҮ хийгдэнэ гэсэн үг. Ер нь ТЭЗҮ-тэй болсон тохиолдолд аль ч ажлууд дээр эх үүсвэрийн хувьд бидэнд боломж бий. Урт хугацааны төлөлт бүхий, Засгийн газрын баталгаатай эх үүсвэр татахаар одооноос уулзалт, хэлцлүүд хийгдэж байна. Гэхдээ метроны ТЭЗҮ харьцангуй удаан боловсруулагдана. Энэ бол бид эхний бөгөөд хамгийн чухал даваагаа давах алхам юм.
-Метротой болох зорилт дээр газар шорооны ажлаа яг хэзээ эхлэх юм?
-ТЭЗҮ хэдийд дуусахаас хамаарна. Олон улсад нээлттэй тендер зарлана, тэр нь эргэж буцах уу гэхчлэн асуудал гарахыг үгүйсгэхгүй. Геологи, хөрсний шинжилгээний нэлээд ажлууд хийгдэнэ. Улаанбаатар хотын газар доогуурх шугам сүлжээтэй уялдуулах асуудал бас их ярвигтай. Ирэх 2024 онд метроны барилга угсралтын ажлыг нь ямар ч байсан эхлүүлэхээр зорьж байгаа. Хөх хот гурван жилийн хугацаанд 70 км метро барьсан, технологи нь харьцангуй сайжирсан.
-ТЭЗҮ-үүдийг богино хугацаанд “машиндах” шаардлагатай л харагдаж байна. Шууд хэлэхэд, сонгуулиас өмнө?
-Ер нь л сонгуулийн мөчлөг дагасан байдлаар бид ажилласаар ирсэн. Элдэв тууз хайчилж, зураг төсөвгүй ажлуудын шавыг тавих зэргээр улс төрждөг. Би бол ийм зарчмаар ажиллахгүй. ТЭЗҮ бүрэн боловсруулагдсан хойно л дээрх ажлуудаа эхэлнэ. Үүнийгээ намынхаа удирдлагууд, Засгийн газартаа ч хэлсэн байгаа. Хотын аливаа ажил шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх учиртай.
Түгжрэл дээр тойрог, хурдны зам замын ажлуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ. Ер нь энэ мэт томоохон ажлуудыг эхлүүлэхэд бид санхүүгийн потенциалаа л тэлэх шаардлагатай тулгардаг. Ялангуяа газар чөлөөлөлттэй холбоотой асуудал, холбоос замууд, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эгнээ замуудаа тэлэх, шинэ суурьшлын бүсүүдэд дунд оврын автобус явуулах зэрэг маш их ажлууд хийх шаардлагатай байна.
-Энэ ярьж байгаа ажлуудынхаа бичиг цаасан дээр лав 6-10 сар суух юм байна. Та яарч байна уу?
-Тийм хугацаа зарцуулахаар байгаа. Би мянга яарлаа гээд хуумгай юм хийчхэж болохгүй. Хүний өмнөөс барих ийм суурь бичиг цаасуудтай болох нь их чухал байгаа. Үүнийг сонгуулийн циклтэй холихгүй гэж яриад байгаа нь зөв хийчих гэсэн л санаа. Э.Бат-Үүл даргын үед, яг сонгуулийн хугацаанд амжих гээд гэр хорооллыг дахин төлөвлөх гэж үзсэн. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдоржийг аваачиж байгаад барилгын шавууд тавьсан. Одоо тэр цэгүүдэд очоод үзье. Хэдэн айлууд орох оронгүй л болсон.
Би ийм алдааг давтахгүй гэж бодож байгаа. Хэрвээ хотын алдааг үнэхээр засах гэж байгаа бол бид сонгуулийн цикл дагасан өмнөх муу кэйсүүдийг давтаж болохгүй. Үүнийг намын нөхдөдөө ч хэлж байгаа. Цаашлаад түгжрэл бууруулахад чиглэсэн захиргааны арга хэмжээнүүдийг сонгогчдын санал алдахаас айхгүй авцгаая. Асуудлаа яг цогц төлөвлөж, тодорхой хугацаа тавьж ажиллая л гэж байгаа.
-Гэрийн даалгаврын үр дүнгээ шинэ оны эхнээс л бид үзүүлж эхлэх ёстой-
–Шинэ оноос өмнө шугамын автобусныхаа тоог нэмж амжихаар байгаа юм уу?
-Ирэх оны эхнээс л бид гэрийн даалгаврын үр дүнгээ олон нийтэд шууд үзүүлж эхлэх ёстой. Автобусны тоогоо нэмэх бол бидний хугацаа тавьж, төлөвлөсөн ажлуудын хамгийн эхнийх нь. Ирэх сард багтаж, автобусууд нэмэгдсэн байдлаар хөдөлгөөнд оролцож эхлэх ёстой.
Хоёрдугаарт, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө сонгон шалгаруулж дуусах ёстой байгаа. Ер нь хогоо, цасаа цэвэрлэдэг хот байх ёстой.
Гэхдээ нэг юмыг иргэд маань зөвөөр, шүүн тунгааж ойлгомоор байна. Одоо ногоон автобуснуудаас болж л түгжрээд, муу муухай амьдраад байгаа юм шиг ойлгоод байгаа. Үгүй. Өнөөдөр 1000 орчим автобус хөдөлгөөнд гарч байгаа. Гол нь, автобусууд нэг талдаа гарчхаад түгжрээд байгаа. Тэгэхээр бид нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлуудаа илүү бодитой ажил болгож, автобус саадгүй зорчих боломжийг үүсгэмээр байна. Шинээр ирэх автобусуудаа хэнээр бариулах, хэнд эзэмшүүлэн хэрэглүүлэх, хаана зогсоох гэхчлэн аж ахуйн шинжтэй маш олон ажлуудыг бэлтгэж байгаа. Ер нь цаашдаа нийтийн тээврээр зорчиж буй нийт иргэдийн 20 гаруй хувийг 40 хувь руу аваачиж байж л түгжрэлээ бодитой буулгана.
-Хотын зарим мэргэжлийн албан тушаал дээр гаднынхныг ажиллуулах, цаашлаад төслүүдэд хамтарсан консорциум үүсгэхийг шаардана гэж ойлгогдож байгаа. Та эхлүүлэх ажлуудаа монгол аргаар “заваарчихна” гэж сэрэмжлээд байна уу?
-Одоо судалж байна. Эхнээсээ уулзалтууд хийгдэж байгаа. Тайлбарлахад, дэд төвүүдэд орон сууц барихдаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг чанд сахиулж, ногоон байгууламж-Барилгажилтын харьцааг 60:40 түвшинд бариулахаар тооцож байгаа. Одоо БЗД-ийн 26-р хороо буюу Натур, Баянмонгол, Олимп зэрэг хорооллоо хар. Ногоон байгууламж, нэгдсэн үйлчилгээний систем байтугай автомашин зөрөхөд ч хүндрэлтэй. Бөгс эргэх зайгүй. Юун одоо бидний ярьж байгаа 60, 40-ийн харьцаа. Нарантуул, Дэнжийн-1000, Барс, Хархорин руу явж, түгжрэл үүсгэдэг хөдөлгөөнийг дэд төвүүд дотор шийдэж өгөхөөр зураг төслийг гаргаж байна. Аж ахуйн нэгжүүдэд дэд бүтэц, газрыг нь шийдэж өгснөөр, хамаагүй “И-март” ч ирэг л дээ. Кино театрууд, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийг нь шийдье гэж байгаа.
Ингэж чадвал түгжрэл 32, агаарын бохирол 26 хувиар буурах боломжтойг судалгаа харуулж байгаа. Ийм нөхцөлийг монгол компаниуд дангаараа гүйцэтгэхэд хүндрэлтэй. Барилгаа авлаа гэхэд инженерчлэл дээрээ гадаадын компани оруулаад, консорциум болж орж ирэх шаардлагыг хотоос тавина. Бүтээн байгуулалтын ажлууд дээр олон улсын нээлттэй тендер зарлахаар Япон, Солонгос, Хятадын компаниуд саналаа тавиад ороод ирнэ, үүн дээр шалгаруулалт хийх зарчмаар явна.
Цаашлаад, хотын Ерөнхий архитектор, авто замын ажлууд дээр гадаадын мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс ажиллуулах асуудлыг хөндөж тавина. Үүнийг тодорхой хууль, журмууд өөрчлөх замаар эрх зүйн орчныг нь бэлдэж, шат дараатай хийхээр бэлтгэж байна. Цаг нь болохоор би нээлттэй яриад явна.
–Жил тутам хотын орлого, төсвийн хэмжээ томорч байгаа. Суурь баазаараа хот санхүүгийн хувьд бие даасан эрх хэмжээгээ томруулах боломж хэр харагдаж байна, танд?
-Нийслэл жил бүр 100 сая орчим ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж өгдөг. Энэ нь жил бүр хотын төсөв ашигтай гарч, зардлаасаа давдаг үзүүлэлттэй. Тухайлахад, 2023 оны төсөв л гэхэд биелэлт нь давахаар гүйцэтгэлтэй явж байна. Аялал жуулчлалын орлого 2023 онд нэлээд сайн нөлөө үзүүллээ. Гэхдээ томоохон хотууд үл хөдлөхийнхөө татвараас орлогоо бүрдүүлдэг нийтлэг зарчим руу бид явах ёстой. Ийм амбиц, зорилго, зорилт хэрэгжүүлнэ.
-Унтаа байдалтай олон үл хөдлөхүүдээ бүртгэлжүүл, хөдөлгөөнд оруул. Ингэж байж хотын болоод улсын эдийн засгийн эргэлт түргэснэ. Гэр хороолол, зуслангуудын амаар маш их “унтаа” хөрөнгө байна гэсэн зөвлөгөөг манайд гаднын экспертүүд нэлээд эрт өгсөн байдаг. Гэхдээ процессын хувьд энэ тал дээр хөдөлдөггүй л дээ?
-Үл хөдлөхийн татварын орлогоо хот бүрэн төвлөрүүлж авч чаддаггүйтэй санал нийлж байна. Үнэлгээний хувьд ч асуудалтай. Бүр өмч хувьчлалын үеийн татварын хэмжээг одоо ногдуулж байгаа. Нидерландын Амстердам хот л гэхэд жил бүр зах зээлийн үнээ дунджилж, үнэлгээг шинээр тогтоодог. Ийм жишиг рүү явуулахаар тооцож, хуулийн өөрчлөлтүүдээ өргөн барьсан байгаа. Улаанбаатар хот шиг, Монгол Улс шиг жил бүр эдийн засаг нь 5-6 хувиар өсдөг, шинэ тутам хөгжиж байгаа хот дэлхийд нэлээд ховор. Европын томоохон хотууд жишээ нь, 10-20 жилийн өмнөх хэв шинжээрээ байж л байдаг. Тэгэхэд, манайд 5 жилийн өмнө ирсэн хүмүүс одоо зочлохдоо гайхдаг. Танигдахын аргагүй их барилга баригдаж, өнгө зүсээ засдаг. Хүмүүсийн нүдэн дээр ийм үйл явц өрнөж байна. Үүнийгээ бид татварын бодлоготойгоо уях ёстой юм.
-Жишээ нь яаж?
-Жишээ нь, Богд уул орчмоор маш их хаус хорооллууд баригдлаа. Эдгээрээ бид үл хөдлөх хөрөнгөөр бүртгэж, татвараа ногдуулж байгаа зүйл бараг л алга. Тэгэхээр 2024 оны санхүүгийн жилийг хотын үл хөдлөх хөрөнгүүдээ тоолж бүртгэлжүүлэх, татвар ногдуулахад чиглүүлнэ. Би ХЗДХ-ийн сайд байхдаа Богд ууланд босож буй хаус хорооллууд мөнгө угаалт уу. Санхүүжилт нь цэвэр үү гэдэг хамтарсан ажлын хэсэг хүртэл гаргаж, зарим кэйсүүд дээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Гэхдээ одоогийн миний байр суурь албан тушаалын байдалтайгаа холбогдоод, тэдгээр хаусууд мөнгө угаалт мөн үү гэдэг асуудлыг бол ярихгүй. Бүртгэл, татварын бодлогыг тэнд хэрэгжүүлж, эргээд хотын үйлчилгээг хүргэхэд анхаарна.
-Засгийн газар, УИХ-ын гишүүдэд олон зүйл ойлгуулах хэрэг гардаг юм байна-
-Хотыг харахаар нэг талд нь итгэлээ алдсан, ууртай, бухимдсан иргэдтэй. Нөгөө талд ажлаа хийх гэж зүдэрсэн, эрх мэдэл нь томорсон хотын захиргаатай. Ийм хоёр эсрэг туйлт нөхцөлд цаашдаа засаж, залруулах юмсаа захиргааны шинжтэй арга үйлдлээр явуулна гэж төсөөлөхөд?
-Эхлээд боломжуудаа үүсгэж байж л иргэдтэйгээ ажиллахаас өөр арга байхгүй. Нөгөө талдаа одоо их хотын дүрмээр л амьдарцгаая гэж байгаа. Их хотуудад барьдаг дүрэм рүү л шилжинэ. Төлбөрөө төлөөгүй бол, торгуулийн хуудсаа овоолсон бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Дэлхийн хотуудын дүрэм ийм л байгаа. Нийтийн эрх ашиг нь хувь хүний, хувь ААН-ийн өмнө тавигдах ёстой. Чиний эрх бусдын эрхээр хязгаарлагдана.
Хот иргэдтэйгээ зохист байдлаар ойлголцож, тодорхой хэм хэмжээг баримтлах асуудал угаасаа л хүндрэлтэй явж ирсэн. Жишээ нь, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох зургаан эгнээ, хоёр урсгалтай авто замын ажил 9 айл дээр ирээд гацчихсан. 9 айлын газар чөлөөлтөөр нэхэж байгаа дүн нь 19 тэрбум төгрөг. Бодит үнэлгээ дээд талдаа 9 тэрбум төгрөг. Энэ мэтээр иргэд ба хот хоорондын ойлголцлын асуудал маш хүнд. Гэхдээ хот өөрөөсөө шалтгаалах иргэд рүү чиглэсэн ажлуудаа хангалттай хийж ирээгүйн улмаас л асуудлууд үүсээд байгаа.
-Иргэд рүү чиглэсэн бодлогын ажлуудаа захиргааны шинжтэй арга хэмжээтэй хольж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ?
-Автобус нь хүрэлцээгүй байгааг хот ч, иргэд нь ч хүлээн зөвшөөрч байна. Түгжирч байна гэж яриад өчнөөн жил боллоо. Гэхдээ автомашины дугаарын хязгаарлалтаас өөр дорвитой арга хэмжээ аваагүй. Э.Бат-Үүлийн үед дугаарын хязгаарлалт хэрэгжүүлснээр эсрэгээрээ автомашины тоог олшруулахад түлхээс болсон. Одоо түгжрэлийн эсрэг хуулийн төсөлд авто замын дугаар олголтыг зогсоож, энэ тоон дээрээ барьж байгаад зогсоолуудаа олшруулж, захиргааны шинжтэй арга хэмжээнүүдээ авахаар тусгасан. Ингэж ханцуй шамлаж орохгүй л бол түгжрэл саарахгүй. Тоог нь багасгах алхам хэн ч хийгээгүй.
Одоо бол 1-3 үе шаттай бодлого гаргаж, тэр шат бүрдээ иргэдтэйгээ хамт “Түгжрэлтэйгээ нүүр тулцгаая” гэдэг алхмыг л хэрэгжүүлнэ. Хэзээ 20 мянган айлын орон сууц барьцгаая, гаднаас бонд босгоно гэж хотын дарга нар нь ажилласан юм. Бодит байдлаар 20 мянган айлын газрыг чөлөөлбөл цаана нь 60-70 мянган айлын газрыг чөлөөлөх боломж нээгдэнэ л гэж ойлго. Ийм нөхцөлийг ажил хэрэг болгож, иргэддээ харуулж байж, тэд хотдоо итгэнэ. Дагаад түгжрэл нь, агаарын бохирдол нь ч буурна.
-Түгжрэлийн сайд нь танд хэрэг болж байна уу?
-Б.Дэлгэрсайхан бол Монголын тэргүүлэгч бизнесменүүдийн нэг. Тэр ийм бизнесийн түүх бүтээхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн хүн. Дорноговь дахь хотын эзэмшил дэх уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах, автобус бааз шинэчлэлт, метро барих ажлуудад яг ийм бизнесийн туршлагатай хүн л бидэнд хэрэгтэй байгаа. Бид хоёр ажил хэрэгч байдлаараа бол их нийцэж байгаа.
–Танд хуулийн тээгүүд хэр их байна?
-Хотын захирагч, Нийслэлийн засаг дарга хоёр өөр албан тушаал. Одоо хоёулаа нийлчихсэн явж байгаа. Хотын мээрийг ард түмэн сонгож, засаг захиргааны эрхүүдийг хотод өөрт нь өгдөг болох Үндсэн хуулийн хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Миний хувьд хууль эрх зүйн үүднээс хот түгжрэлийг бууруулах хуулийн төслөө дагуулж, 26 гаруй хуульд өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг ажлаа авангуутаа хуулиудын уялдаа холбоонууд дээр ажиллаж эхэлсэн. Маш богино хугацаанд бид сууж, хуулийн төслүүдээ боловсруулж өргөн барилаа.
–Хотын сонгуульд өндөр нөлөөг хэрэгжүүлдэг Нийслэлийн МАН-ын хорооны даргыг авахгүйгээр асуудлуудаа УИХ, Засгийн газрын гишүүддээ ойлгуулж, НИТХ-аа зангидаж чадна гэж тооцоолоод байгаа юм уу?
-Засгийн газар, УИХ-ын гишүүн байж байгаад хотын дарга болоод, тэдний гадна талд гарчихсан. Яг аж ахуйн ажил удирдаад, бодлогын өөрчлөлтүүд хийгээд ажиллахаар эргээд тэдэнд олон зүйл ойлгуулах хэрэг гардаг юм байна. НИТХ-ын тухайд сая би хоёр чуулган удирдаж, бодлогын асуудлуудаа орууллаа. Тэгээд ажил яг ямар явахыг цаг хугацаа харуулна байх аа л гэж бодож байна.
–Сангийн яам, хотын захиргаанд ажиллагсад он удаан жил тогтсон сүлжээтэй. Тодорхой бизнесүүдийн эрх ашиг хамгаалаад сууж байдаг. Үүнийг задлахгүйгээр яг энэ яриад байгаа ажлуудаа хийж чадах уу?
-Чи намайг ямархуу ааш арашинтай хүн болохыг ерөнхийдөө мэдэж байгаа байх. Би хотод манай улстөрчид, бизнесүүд төлөөний элчин сайдуудаа суулгахаа боль л гэж байгаа. Би хэний ч нөлөөнд автахгүй, тэр энэ хүнийг битгий чөлөөл гэдэг үгийг сонсохгүй байгаа. Тэгж байж, энэ тогтсон багийг чөлөөлнө. Бүтцийн өөрчлөлтөөр мэргэжлийн хүрээнд гаднынхантай хамтарч ажиллана гэдгээ дээр хэлсэн. Чи бод доо. Хот төлөвлөлтийг яг мэргэжлийн хүрээнд хийсэн бол нэгдүгээр эмнэлгийн хашаанд орон сууц барих зөвшөөрлийг жишээ нь хэн ч өгөхгүй. Энд дүйцэх мэргэжлийн хүнийг нь, багийг нь суулгаж ажиллуулах ёстой юм билээ.
-Д.Сумъяабазарын үед 1500 орчим аж ахуйн нэгжийн барилга барих талбайд хориглолт хийх шийдвэр гарсан. Одоо хотын А бүсүүд рүү нэвтрэх, хот руу нэвтрэх цэгүүдэд зогсоолууд олноор нь барина гэж байна. Энэ бүхэндж ахуйн нэгжүүдийн газрын асуудал, тэдний эрх ашиг хөндөгдөнө. Захиргааны шинжтэй, хэт муйхар байдлаар ж ахуйн нэгжүүдтэйгээ харьцаад байж болохгүй?
-Хэн нэгний өмчид шууд халдана гэсэн ойлголт байхгүй. Хотын А бүсэд баригдах зогсоолуудын газрыг шийдэхдээ жишээ нь, шатахуун түгээх станцуудыг суллаж авах, шав нь тавигдсан барилгуудын зөвшөөрлийг сервитут эрхээр түр шилжүүлэн ашиглах зэрэг арга хэмжээ авна. 2002 оны Иргэний хууль дахь сервитут эрхийг бид хэрэглэхгүй яваад л байдаг, энэ зохицуулалтыг ашиглахаар тооцож байна. Энэ чиглэлд эхнээсээ хэлцлүүд хийгдэж байгаа.
Их тойруугийн бүсэд 10-20 давхар өндөр 1500 барилга босох гэж байна. Одоогийн нөхцөл ямар хүнд байгаа билээ, эдгээр барилга босоход бид ачааллаа дийлэх үү, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Энд дахиад л нийтийн эрх ашиг, нэг аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хоёрын эсрэгцэл яригдана. Заавал нийтийн эрх ашиг өмнө нь тавигддаг хуулийн хэм хэмжээ бий. Үүнийг сэтгүүлчид та нар бас сайн ойлгож, иргэдийг зөв мэдээллээр хангах ёстой. Таны асуусан эдгээр аж ахуйн нэгжүүдтэй бид хэлэлцээрт орж, хотод баригдах зургаан дэд төвүүдэд газар өгөх, Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд хот барих эрхийг Засгийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулж, тийшээ сонголт өгч болно. Хууль гарч, журам батлагдсаны дараа аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзаж эхэлнэ.
2023 оны арваннэгдүгээр сарын 20