ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХАМГААЛАХ ХАМГИЙН ГОЛ МЕХАНИЗМ НЬ ИМПОРТЫН ТАТВАРЫГ НЭМЭХ ЯВДАЛ ЮМ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, баялаг бүтээгчид болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд 2023 оны 11 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь “Майнд Тэч” ХХК-ын “Сэлэнгэ” үйлдвэрт ажиллалаа.
Өнгөрсөн хоёрдугаар сард Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлох, ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцож байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Дотооддоо төдийгүй гаднын улсуудад үнэлэгдсэн эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр ард түмэндээ үйлчилж байгаа үндэсний үйлдвэрлэгчид олширч үйл ажиллагаагаа өргөжин тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд хувь нэмрээ оруулсаар байна. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, үр дүн гаргасаар байгаагийн нэг жишээ юм.
Эзэгтэй ургамлын тосны “Сэлэнгэ” үйлдвэр нь 2012 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж өдөрт 100 тонн ургамлын тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий ЕВРОП технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тухайлбал, герман улсын тоног төхөөрөмж бүхий шахах үйлдвэр (HF, BUHLER, BOSCH), Швед технологийн цэвэршүүлэх үйлдвэр, Итали технологийн Савлах үйлдвэр (SIPA) олон улсын стандартад нийцсэн лаборатори ажиллаж байна.