Ж.Ганбаатар: Болохгүй бол уул уурхайд ашиглаж байгаа дизель түлшийг багасгана

0

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр, “ОХУ-аас өвлийн түлшийг зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулан Монгол руу экспорт хийж байгаа. Есдүгээр сарын 21-ээс өмнө хувийн, төрийн гэлтгүй бүгд Монгол Улс руу өвөл, зуны түлш нийлүүлдэг байсан. Өнөөдөр ОХУ Монгол руу ямар нэгэн хориг саадгүй нийлүүлж байна. Өвлийн дизель түлш орж ирж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-23-ны хооронд 97 мянган тонн өвлийн дизель түлш орж ирсэн. Хоригтой байсан бол орж ирэхгүй шүү дээ.

Манай эдийн засаг өсөж байна. Мөн Орос улс ч шатахуунаа нийлүүлж байгаа.  Хамгийн гол асуудал бол есдүгээр сарын 21-ээс хойш манай улсад 21 хоног юу ч ачигдаагүй. Энэ хямралаас бид нэг амьсгаагаар шууд гарч чадахгүй байна. Энэ хямрал дан ганц Монгол Улсад үүсээгүй. Баруун Европ, дэлхий нийтээр үүсээд байна. Герман, Францад дизелийн үнэ ханш 3-4 дахин өссөн. Ард иргэд нь машин тэргээ шатааж байгаа шүү дээ. Гэтэл Монгол Улс ганцхан газраас экспорттой. Үнэ хэлбэл, БНХАУ 1090 доллароор тонн дизель түлшийг арванхоёрдугаар сард нийлүүлнэ. ОХУ тонныг нь 855 доллароор нийлүүлнэ. 855 доллар гэдэг нь 930 доллараас хямдарч байгаа үнэ. Дизель түлш хямдарч байгаа учраас битгий нөөцлөөрэй. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 592 вагон түлш ачигдсан явж байна. Үүнээс 430 гаруйн дизель түлш, үлдсэн нь АИ92 байна. Ер нь, тасалдал байхгүй. Харин хэрэглээн дээр бид гүйцэхгүй байна. Хэрэв иргэдийн хэрэглээ тэг зогсож, Багануурын уурхайнд түлш байхгүй, автобус явахгүй болох юм бол уул уурхайн түлшийг багасгахаас өөр аргагүй.

Монгол Улс 2018, 2019 онд, цар тахлын өмнө хамгийн дээд тал нь 32 сая тонн нүүрс экспортолж байсан. Гэтэл өнөөдөр 62 сая тонн нүүрс экспортолж байгаа. Тэгэхээр уул уурхайд зарцуулж байгаа дизель түлш их байна. Сарын нөөц 90 мянган тонн байлаа гэхэд 45 мянган тонныг нь уул уурхайн салбар хэрэглэж байна. Өмнө нь 30 мянган тоннд хүрдэггүй байсан. Үлдсэн нь аймаг орон нутаг, бусад салбарт хэрэглэгддэг. Энэ нь муу зүйл биш. Нөөцийн хэмжээг сүүлийн гурван сар хамаагүй зарлахгүй байгаа. Цаашдаа ч зарлахгүй. Энэ бол алтнаас ч илүү стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс Монгол Улс хоёр хоногийн нөөцтэй, гурав, 20 хоногийн нөөцтэй байгаа гэж зарлах нь буруу” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *