УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

0

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд хороо өнөөдрийн байдлаар 11 салбарын 6930 зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ нь 2020 онтой харьцуулахад 20.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн дүн өнгөрсөн онд ДНБ-ий 26.5 хувьд хүрсэн. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 11.8 хувиар буюу 1,372.5 тэрбум төгрөгөөр өсөж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 13.0 их наяд төгрөгт хүрээд байна. Мөн 1.6 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оноос 2 дахин өссөн. 

Онцлох зарим ажлаас УИХ-аас 2024 оны 5 дугаар сард Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталсан. Үүний үр дүнд үнэт цаас гаргагч, андеррайтерийн компаниудын үүрэг оролцоо өсч, үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, төвлөрсөн болон тухайлсан бүртгэлтэй холбоотой зохицуулалт боловсронгуй болж, дотоодын аж ахуйн нэгжээс нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагаа хялбар, шуурхай болж, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэх боломж бүрдсэн. Мөн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл, хураамжийг үе шаттай бууруулж, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан. Түүнчлэн компанийн бонд гаргах зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулж, биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчныг бий болгосны үр дүнд 2024 онд биржийн болон биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 102 компани 2.7 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлээд байна.

Даатгалын салбарын хувьд хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, даатгалын компаниуд болон мэргэжлийн оролцогчдын эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын чиг хандлага, цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, бодлогын шинэчлэлийг бий болгохоор холбогдох хуулиудад оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулаад байна. Харин банк бус санхүүгийн байгууллагуудаас олгож буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, иргэд олон нийтийг өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын болон зээл үнэлгээний харьцааг тогтоосон. Мөн банк бус санхүүгийн  байгууллагуудын  хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээр салбарын өөрийн хөрөнгөөрөө эрсдэл даах чадварыг сайжруулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолсон юм.

Харин энэ онд тогтвортой ногоон санхүүжилтийг бодлогоор дэмжих, зохицуулалтын салбарын эрх зүйн шинэчлэл хийх, цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжиж, зах зээлийн өсөлтийг тогтвортой хадгалахад анхаарах талаар онцоллоо. Ингэхдээ банкны салбарын хөрөнгийн зах зээлд орох боломжийг нэмэгдүүлж, мөнгөний захын санхүүгийн хэрэгсэл болох хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх, гарааны болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжсэн хувьцааны хамтын санхүүжилтийн тогтолцоог бий болгох юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэлцлийн санг / REITs/ хөгжүүлэх зохицуулалтын орчныг бий болгож, салбараар дамжуулж хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлж, орон сууц, худалдааны төв, оффис зэрэг үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй, эрсдэл багатай байдлаар санал болгох, зээлийн бус хэлбэрээр буюу олон нийт, мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан санхүүжилт татах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх, хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү чиглүүлэх, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөр хэрэглээгээ нэмэгдүүлэх санхүүгийн зан төлөвийг бий болгохын тулд бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд нэлээдгүй олон ажлыг хийсэн нь сайшаалтай. Цаашид ч улам анхаарах тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, мөн санхүүгийн салбарт гарсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэх хүртээмжийг сайжруулах, орон нутгийн компаниудаас бонд гаргах чиглэлд анхаарч ажиллахыг хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд чамгүй өндөр өсөлтийг үзүүлсэн. Энэ бол амжилт. Тэр дундаа биржийн зах зээл дээр бондын санхүүжилт босгож байгаа компаниудын дийлэнх нь дунд хэлбэрийн компаниуд байна гэдэг зөв, эрүүл зүйл тул цаашид энэ талд улам илүү анхаарч, олон компанийг татан оролцуулах, тэдэнд бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *