“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр нарт оноосон ял тохироогүй гэж үзэв
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо гарган танилцуулсан билээ.
Ингэхдээ 48 иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна.
Өөрөөр хэлбэл, нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэн эсэргүүцэл бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд үзсэн бололтой.