Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар Арбитрын шүүхэд хандаж, “Допинг хэрэглэсэн” хэмээн барилдах эрхийг нь 4 жилээр хассан МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулжээ

0

Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард //2023.06.27/ тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан талаар бид мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖуншина уу. 

Тэгвэл Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар нь МҮБХ-ны дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан байжээ. Тус гомдлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон байна. 

Тодруулбал, Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар нь 2023 оны долдугаар сарын 04-ний өдөр “Монголын Үндэсний Бөхийн Холбоо”-ны Тэргүүлэгчдийн 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 69 дугаар тогтоолын Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэсэг нь Допингийн эсрэг үндэсний дүрэм, Үр дүнгийн удирдлагын Олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоолгож, уг шийдвэрийг хүчингүй болгох, барилдах эрхийг сэргээхийг “Монголын Үндэсний бөхийн холбоо”-нд даалгах өргөдлийг гаргасан байна.

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс тус маргааныг өөрийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэн хүлээн авч, Давж заалдах комисс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд “Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 69 дугаартай тогтоолын Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэсэг нь Допингийн эсрэг үндэсний дүрэм болон Үр дүнгийн удирдлагын Олон улсын стандартыг зөрчсөн болохыг тогтоожээ. Тиймээс барилдах эрхийг сэргээхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор Олон улсын спортын арбитрын шүүх (The Court of Arbitration of Sport (CAS)-д гомдол гаргах эрхтэй аж. Хэрэв гомдол гаргаагүй тохиолдолд Давж заалдах комиссоос гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болох юм байна.

Эргэн сануулахад, Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрсэн талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тухайн үед “Сар шинийн барилдааны дараа авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдээс гурван бөхөөс допинг илэрсэн. Допингийн үндэсний дүрэм батлагдахаас өмнө нь Үндэсний баяр наадмын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулдаг байсан. Харин Допингийн үндэсний дүрмээр батлагдсанаар допингийн асуудлыг үүгээр зохицуулж байгаа. Энэ дагуу допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцсон. Э.Оюунболд Арслан өнөөг хүртэл энэ талаар тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Харин Харцага Ц.Мөнхбаяр, Арслан Б.Өсөхбаяр нар ханиад хатгаа хүртсэн тул эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн хэмээн гэм буруугаа хүлээж, эмчийн бичгээ өгсөн” гэдгийг хэлж байсан юм. 

Эх сурвалж: Isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *